Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш: Санаачлага

Холбооны гадаад хэргийн сайд асан Д-р. Франк- Вальтер Штайнмайер “Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” төслийг анх санаачилсан юм. Орчин үеийн Герман улс болон түүний нийгмийн байдлын талаарх сонирхлыг хүүхэд, залуусын дунд төрүүлэх учиртай дэлхий дахиныг хамарсан 1000 гаруй ерөнхий боловсролын түнш сургуулийн сүлжээг байгуулах явдал нь уг санаачлагын гол зорилго юм. ХБНГУ-ын Гадаад хэргийн яам уг санаачлагыг зохицуулж, Гадаад Орнууд дахь Ерөнхий Боловсролын Асуудал Эрхэлсэн Төв Газар, Гёте-Институт, Соёлын Сайд Нарын Зөвлөлийн Багш, Сурагч Солилцооны Алба болон Германы Эрдмийн Солилцооны Алба зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Герман хэлний диплом олгодог хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж буй германы ерөнхий боловсролын сургууль болон түнш сургуулиудын сүлжээ өргөжин тэлсээр байна. Үүний зэрэгцээгээр үндэсний боловсролын тогтолцоонд Герман хэлний сургалтыг цаашид бэхжүүлэхийн тулд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Бид Герман улстай хөгжөөнтэй, урт хугацааны харилцаа тогтоож, ерөнхий боловсролын сургууль, тэдгээрийн багш, сурагчид хоорондоо санал бодлоо чөлөөтэй солилцдог, хамтран ажилладаг болгохоор зорьж байгаа билээ. Ийм ч учраас тус санаачлага нь олон сургуулийг өргөн цар хүрээтэй санал санаачлагаар дэмжих болно.

Уг санаачлага нь сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэхэд боловсролын нэмэлт бололцоогоор хувь нэмэр оруулах юм. Мөн залуучууд ХБНГУ-ын их дээд сургуулиудад суралцах, цаашид мэргэжлээрээ ажиллаж амьдрах хариуцлага, чадварыг дээшлүүлнэ. Гадаад орнууд дахь германы ерөнхий боловсролын сургууль болон түнш сургуулиудын төгсөгчдөд зориулсан ХБНГУ-ын их дээд сургуульд суралцах бүрэн тэтгэлэгийн тоо хоёр дахин нэмэгдэх юм. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр нь илүү олон гадаадын сурагчдад олон хоногоор Герман оронтой биечлэн танилцах боломжийг олгох болно.

Гёте-Институтийн үүрэг даалгавар

Гёте-Институт нь хамтран ажилладаг сургуулиудад герман хэлийг хичээлийн нэг чиглэл болгон оруулах буюу өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Мөн багш нарт заах аргын болон арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт болон хэлний курс санал болгож, сургуулиудыг орчин үеийн олон төрлийн техник хэрэгслээр ашиглаж болох хичээлийн хэрэгсэл, орон судлалын материалаар хангадаг. Түүнээс гадна Гёте-Институт энэхүү санаачлагын хүрээнд түнш сургуулиудыг хариуцуулахаар дэлхийн олон оронд хичээлийн мэргэжилтэнг илгээсэн юм. ХБНГУ-д болох хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан курс нь оролцогч сургуулийн сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлж, соёл хооронд суралцах чадварыг нэмэгдүүлж, орон судлалын мэдлэгийг илүү бодитой болгоно.

Сурагчдад олгох давуу талууд

“Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” санаачлага нь гишүүн сургуулийн сурагчдад герман хэл, соёлтой эртнээс танилцах таатай боломжийг олгоно. Герман хэлээр ярина гэдэг нь дэлхий дээр 119 сая хүнтэй эх хэлээр нь харилцаад зогсохгүй ХБНГУ-ын их дээд сургуульд суралцах, цаашлаад олон улсад карьер хийх үндсэн сууриа тавьж байна гэсэн утгаараа герман хэл сурах нь их ач холбогдолтой билээ. Идэвхитэй, сайн сурагчдыг бид тухайн орон нутагт зохион байгуулагдах Workshop-д эсвэл ХБНГУ-д хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан 3 долоо хоногийн зуны курст урьж хамруулах зэргээр онцгойлон дэмжинэ.
Холбоосууд

Сонин

Та Улаанбаатар хот дах Гёте-Институтийн төлөөлөгчийн газрын талаар шинэ соргог мэдээлэл авахыг хүсэж байна уу? Тэгвэл жагсаалтад бүртгүүлнэ үү.

vitamin de

Герман хэл суралцаж буй өсвөр үеийнхэнд зориулсан сэтгүүл