Маргарете фон Тротта-тай хийсэн ярилцлага
“Бодол сэтгэхүйг бодитоор үзүүлэхүй”

Маргарете фон Тротта ​Ханна Арендтийн тухай өгүүлэх түүхэн кино төслийнхөө талаар бидэнд хуучилсан юм. Энэхүү киноны зураг авалтыг 3 улсад авсан бөгөөд 6 дахь удаагаа жүжигчин Барбара Суковатай хамтарч киногоо бүтээжээ.

Сарнайт гудамж (2003), Би өөр хүн (2006),  Хилдегард фон Бингений амьдралаас сэдэвлэсэн Вижн (2009), Хессений Радио, телевизийн бүтээлүүд -“Франкфуртын хэргийн газар (2007), “Эгч дүүс”  (2010) киног найруулсан Маргареттэ фон Тротта, еврей гаралтай Германы философич эмэгтэй Ханна Арендтийн (1906–1975) амьдралын онц өрнөл бүхий 4 жилийг харуулсан дэлгэцийн бүтээл хийжээ. Найруулагч урьд “Сарнайнт гудамж” дээр хамтран ажиллаж байсан  Америкийн кино зохиолч Пам Катцтай хамтран (“Ханна Арендт”) зохиолоо бичсэн байна.

Киноны гол дүрд жүжигчин Барбара Сукова  тоглосон бөгөөд  ийнхүү 6  дахь удаагаа шилдэг найруулагч эмэгтэйн удирдлага дор ажилласан байна. Жүжигчдийн бүрэлдэхүүнд Аксел Мильберг, Улрих Ноетхен, Михайль Деген, Юлиа Еэнч, Викториа фон Траутмансдорф, Жанет МакТиэр нар багтсан бөгөөд франц зураглаач  Каролине Чампетирийн дурангийн өмнө жүжигчний уран тоглолтоо үзүүлсэн байна. 1960-аад оны сүүлээр болж буй үйл явдлын зураг авалтыг 2011 оны 10 сарын 16-наас 12 сарын 17 хүртэл нийт 37 өдөр Холбооны Нордрайн-Вестфален муж улс, Иерусалем, Люксембургт хийжээ. Ханна Арендтийн тухай кино 2012 оны 10 сард үзэгчдийн хүртээл болно.

Бодол сэтгэхүй ба бичихүй – Энэ хоёр зүйл агуу философич Ханна Арендтийг тодорхойлно. Тэгэхээр нэг хүнээр дамжуулан бодохуйг киногоор үзүүлж, бодохуйг дүрсжүүлэх нь байна.

Ингэхэд бодож эргэцүүлж буй эмэгтэйг кинонд хэрхэн дүрслэх вэ? Бодож буй хүнийг яаж нэвт шувт харах уу? Чухам энэ л асуулт оюунлаг хүмүүсийн тухай кино хийгчдийн гол даалгавар гэж хэлж болно. Тийм ч учраас Барбара Суковаг Ханна Арендт-д тоглож чадах цорын ганц эмэгтэй гэж бүрнээ төсөөлж чадсан. Хүн хэрхэн боддог  эс гэвээс ерөөс бодож буй хүнийг илэрхийлж чадна гэдэгт нь түүнд бүрнээ итгэсэн хэрэг. Энэ нь ч сайхан бүтлээ. Барбара л амилуулж чадна гэдэг нь надад анхнаасаа тодорхой байсан. Иймд түүнийг тоглуулах эсэхэд эргэлзэж байсан хөрөнгө оруулагчдыг итгэн үнэмшүүлэх хэрэгтэй болсон. Би ч хэллээ: Барбараг тоглуулахгүй бол би энэ киног хийхгүй. “Роза Люксембург”, “Хилдегард фон Бинген”-ийг хийх явцад Барбара жүжигчнийхээ тоглолтын ур чадварыг гаргасан төдийгүй Розагийн дүрд тоглохдоо улс төрийн агуулгатай илтгэл тавьдаг хэсэгт  бодох үйлийг хийж байгаа нь надад мэдрэгдсэн.  Ханна Арендт мөн л ийм байсан: тэр үнэхээр бодож байгаа нь илт.  Киноны  хоёр ч хэсэгт олны өмнө үг хэлдэг. Тэр АНУ-ын хэд хэдэн сургуулиудад хичээл зааж, семинар орж, философи, улс төрийн агуулгатай илтгэл тавьдаг байсан шүү дээ. Зөвхөн цаас хараад унших биш чээжээр ярих,  тунгаан бодох явцдаа яриагаа боловсруулдаг байлаа. Кинонд англиар илтгэл тавьдаг хэсэг байдаг бөгөөд 6 минут үргэлжилдэг илтгэлийг сонсохуйд Ханна Арендтийн герман акцент сонстоно.  Жүжигчин Барбара Сукова өөрийн мэдрэмжийг мэдрэх, хамтдаа бодох, дүн шинжилгээ хийх боломжийг үзэгчдэд олгож чадна.
 
Арендттэй ойр дотно байсан хүмүүстэй хэр олон уулзсан бэ?

Кино зохиолоо бичихээс өмнө Нью-Йоркт Ханна Арендтийг сайн таньдаг байсан олон хүнтэй уулзсан юм. Тухайлбал 2011 онд 92 настайдаа өөд болсон Арендтийн олон жилийн хамтран зүтгэгч, дотны найз Лотте Коелэр. Мөн түүний намтрыг бичсэн анхны хүн Элизабет Юунг-Бруйль. Тэрээр мөн л 2011 онд нас баржээ. Үүнээс гадна Ханс Ионасын бэлэвсэн эхнэр Лоре Ионас, Ханнагийн гар бичмэлийг эмхтгэн гаргасан, сүүлд туслахаар нь ажиллаж байсан Жероме Коонь зэргийг нэрлэж болно. Өөрөө ч танихгүй эдгээр бодь хүмүүстэй уулзаж гэмээнэ зохиолын “мах цус” сая нэг бүрэлдэх учиртай байлаа.  

Кино зохиол дээр хамтран ажилласан америк, еврей гаралтай Пам Катцтай хамтран ажиллахад хэр байв даа?

Бид зохиолоо 2004 онд бичээд дуусгасан байлаа. Санхүүжилтийн асуудал шийдэгдтэл нэлээн хэдэн жил болсон юм л даа. Энэ хугацаанд бид зохиолоо хэд хэдэн удаа өөрчлөн бичиж, танахыг нь танаж, амин чухлыг нь боловсруулан, байдаг л нэг кино бус гол нь бодь зүйл бүтээхийг хичээсэн билээ. Ханна Арендтийн амьдралд чухал нөлөөтэй байсан хүмүүсийг кинонд чимэг төдий оруулах гэсэнгүй. Харин түүний хамтрагчид байснаар харуулахыг зорьсон: Түүний нөхөр Хайнрих Блюхер, философийн багш, анхны хайр Мартин Хайдеггер, дотны найз Мери МакКарти.  Эхэндээ бид Ханна Арендтийн амьдралын бүхий л үеийг харуулах хэрэгтэй гэж бодож байлаа: 1930-аад он, 1940-өөд он гээд л. Сүүлд нь түүний амьдралын чухал гэж үзсэн 4 жилийг л хамруулахаар болсон. Тэр 4 жилд нь бичих, сэтгэх, мэтгэлцэхээс гадна хувийн амьдралынх нь хувьд чухал он жилүүд байсан гэж хэлж болно.

Киноны үйл явдал 1960-1964 оны хооронд үргэлжилдэг. “Айхманны жилүүд”  буюу Адольф Айхманыг баривчлан Иерусалемийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноон 1962 онд дүүжлэн хороодог. Харин Ханна Арендт шүүх хурлын тухай Америкийн “Нью-Йоркер” сэтгүүлд нийтлэл бичдэг. Ханнагийн тодотгон хэлсэн  “Гэмтний  өчил” гэдэг үг нь үгийн санд оржээ. Адольф Айхманыг кинонд хэрхэн харуулсан бэ?

Миний бодлоор ямар ч жүжигчин хүн бодит Айхманыг харах, ажиглахдаа түүнийг нэвт шувт илэрхийлж чадахгүй. Ийм боломжгүй зүйлийг, бусдаас ялгарах юмгүй хүнийг, албархаг үг хэллэгийг нь дээ (тэрээр энгийн өгүүлбэрээр ч ярьж чаддаггүй хүн байв. Төрийн албан хаагч). Тэр эрийг гайхахтай зэрэгцэн жигшин зэвүүцэх мэдрэмжийг нэг жүжигчнээс харах боломжгүй болов уу. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэнд зориулан тусгай өрөөнд шүүх хурлыг дэлгэцээр дамжуулж байсан бөгөөд Ханна Арендтийг ихэвчлэн тэр өрөөнд суулгаж байгаагаар үзүүлсэн. Үүнийг шүүх хуралдааныг гэрчлэх хар-цагаан баримтат материалаас харж болох юм.
 
Зураг авалтын зарим нэг хэсэг, тухайлбал Айхманы хэргийг шүүх ажиллагаа Израильд болдог шүү дээ. Тэр талаар ...

Тийм шүү. Израилийн уран бүтээлчидтэй хийсэн хамтын бүтээл байгаа. Маш сайн хүмүүс. Гагцхүү оролцон тоглогчдыг олох л хүндрэлтэй байлаа. Тэнд байсан оролцон тоглогчид нь оросууд байлаа. Тэд яг бидний төсөөлж байсан шиг харагдахгүй байсны дээр зөвхөн оросоор ярьцгаана. Заримдаа зураг авалтын үеэр таван хэлээр ярих үе ч бий. Энэ үед би яг л Вавилоны цамхагийг баригсадтай нүүр тулж буй мэт байсан. Энэ мэт хэлний хүндрэлүүд Израильд гарч байлаа. Кастингийн хэл уг нь англи хэл байсан.



“Ханна Арендт” киноны ерөнхий зураглаачаар францын зураглаач Каролине Чампетир ажилласан. Тэрээр 2011 онд Францын киноны шагнал „Сесарэн“  (Césaren)-г хүртсэн шүү дээ.

Люксембург болон Франц улсын уран бүтээлчидтэй хамтран ажилласнаар энэ хоёр улсаас зураглаач авч ажиллах хэрэгтэй юм байна гэж ухаарсан. Үүнээс өмнө би францын шилдэг киноны шагналыг хүртсэн “Десом э де дью”  (Бурхад ба хүмүүс) киног нь үзээд их таалагдсан болохоор киноны зураглаач Каролине Чампетираас хамтарч ажиллах талаар асуусан юм л даа. Миний саналыг тэр уриалагхан хүлээн авч жүжигчин Барбара Суковатай хамтраад жинхэнэ эмэгтэйчүүдийн кино хийх бодолтой байгаагаа хэллээ. Каролин гайхалтай өнгө гэрэл, гайхалтай зургийг бүтээсэн. Гэрлийн, зургийн мастер л гэсэн үг. Дээр нь бид орчин үеийн дижитал улаан камерыг ашигласан. Ингээд дижитал камераар авсан миний анхны кино бүтсэнээс гадна өмнөх Вижн шиг “CinemaScope” өргөн дэлгэцийн форматаар авсан.

Ханна Арендтийн дүр зураг кино зураг авалтын өмнө, зураг авах үеэр бас дараа нь өөрчлөгдсөн болов уу? Кино зураг авалт дууссаны дараа тэр эмэгтэй таны хувьд яг хэн болсон бэ?

Одоо бол Барбара болсон шүү. Ханна Арендт, Барбара Сукова нар минийхээр бол хоорондоо уусч орсон. Энэ нь зүгээр ч нэг дүрийн тусгал биш юм. Нүдний өмнө мах, цустай, өөрийн дуу хоолойтой амьд хүн зогсож байлаа. Тэр дуу хоолой нь Ханна Арендтийнхтэй төс үгүй шүү. Ондооших тусам ижилсэх зүйл байлаа. Сүнслэг оюун бодол, ухааны ур, хэлэх ярих үйл хөдлөл нэг бүр нь Ханна Арендт мөнөөсөө мөн. Нэг тийм нэгэн цул болж уусан шингэхүйн тухай гэх үү дээ. “Роза Люксембург” кинон дээрээс ч тодорхой харж болно. Ер нь яагаад ийм киног хийдэг юм бээ. Ойд төөрсөн сармагчин лугаа болчихгүйн тулд ч биш ерөөс өнгөрсөн түүхээс өнөө цагт мэдүүштэй, сонирхолтой, чухал тооцогдох зүйлсийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Баримтат кино биш тул би сонгох эрхтэй.  Өнөө цагт надад үлгэр жишээ болохуйц нэг бол зөрчилтэй эс бол намайг хөглөх зүйлсийг би бүтээлдээ сонгож байна. Би түүхэн баатрыг өнгөрсөн цаг ахуйгаас нь ямар нэг хэмжээгээр одоо цагт авч ирэхийг эрмэлзэж байна. “Роза Люксембург” дээр хийсэн бүтээлч ажил шиг миний сонирхлыг татаж байгаа зүйлсийг би хайх болно. Үүн дээр ямар нэг гадны хүчин зүйл оролцож таарна. Харин Барбара Сукова шиг чадалтай жүжигчин байсан цагт түүхэн дүрийг амилуулна гэдэгт сая итгэл төгс байж болно.

Ханна Арендтын дүр бол өмнө нь таны бүтээлээрээ харуулж байсан эмэгтэйчүүдийн дүртэй нэг чиг шугамынх байх...

Роза Люксембург 20-р зууны эхээр чухал хүн байсан бол харин Ханна Арендт 20-р зууны сүүлээр тодрон гарч ирсэн юм. Тэрээр 1975 онд нас нөгчсөн ч түүний мөн чанар, ач холбогдол нэгэн зуун хуучрах тусам улам товойж байна. Роза бол өмнөх зууны эхэн үед эрх тэгш нийгмийн төлөө тэмцэж яваад амиа алддаг. Үүнээс өмнө буюу “68”оны хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр Гудрун Энсслин болон түүний эгчийн тухай киног 1981 оны “Тугалган цаг үед” Энсслиний эгч дүүс нэртэйгээр хийж байсан юм. Тэр эмэгтэйчүүдээс гарч болох бүхий л тэсрэлтийг тэд хийсэн. Тэд дэлхий ертөнцийг, “хандлага” гээчийг өөрчлөхийг хүссэн. Сайхь Гудрун Энсслин ч тэмцэлд амиа алддаг.