Фати Акин
“Эх орон гэдэг ойлголт миний хувьд өргөн”

Тэрээр соёл хийгээд газар зүйн хил хязгаарыг давах дуртай. Герман буюу Турк улсад өрнөх үйл явдал бүхий бүтээлүүдээрээ кино зохиолч, найруулагч Фати Акин олон улсад хэдийн алдартай.

Fatih Akin Fatih Akin | © Achim Kröpsch Фати Акины бүтээлүүдийн гол баатрууд тун ээдрээтэй хувь тавилантай байх аж. Мафийн гишүүн болох гэж байгаад амь эрсдэх жижиг гарын герман-серби луйварчин, өөрийгөө баллах хандлагатай архинд орсон турк эр эсвэл рестораныхаа төлөө арга мухардан шулуудан тэмцэх салан задгай герман-грек эр гэх мэт.

Фати Акин ихэвчлэн өөрийн амьдралын түүхээс сэдэвлэн дүрүүдээ бүтээдэг. Туркийн цагаач гэр бүлээс гаралтай тэрбээр 1973 онд Хамбург хотноо мэндэлж, “хэцүү” гэгдэх дүүрэгт өсчээ. Өсвөр насандаа Акин гудамжны бүлэглэлд багтдаг байв. Zeit сэтгүүлд өгсөн ярилцлагандаа ээж нь түүнийг багын найз нөхөд шигээ буруу замаар орж хөөгдөж гарах, шоронд орох, хар тамхи хэтрүүлэн хэрэглэх зэргээс аварсан хэмээн дурсчээ.

ШИНЭ ЭХ ОРОН?

Чухам энэхүү орчин нөхцөлөөс улбаатай нэгэн бүтээл нь түүнийг Герман улсад алдрын тавцанд хүргэжээ: Түүний хамгийн анхны уран сайхны кино болох 1998 онд бүтээгдсэн “Шууд л бөгөөд таатай” (Kurz und schmerzlos) кинонд Хамбург хотоос гаралтай гурван танхай найзын талаар өгүүлдэг. Энэхүү кино асуудалтай гэгдэх дүүргийн нийгмийг дүр эсгэсэн шинжтэй шүүмжилж, буруушаалгүй өгүүлснээрээ анхаарал тацахуйц болжээ.
 
Энэ цагаас хойш Фати Акины бүтээлийн гол цөм нь Герман улсад аж төрж буй цагаач иргэдийн тухай асуудал байх болжээ. Түүний анхны баримтат кино болох “Бид буцаж явахаа мартжээ” (Wir haben vergessen zurückzukehren, 2001) бүтээлд тэрээр 1960-аад онд Хамбургт ажиллахаар ирж эцэстээ Германд суурьшсан эцэг, эхийнхээ талаар өгүүлжээ. “Солино” (Solino, 2002) уран сайхны кинонд энэ сэдвийг Дуисбург хотод амьдрах нэгэн итали гэр бүлийн өнцгөөс авч үзсэн бөгөөд ялгаатай нь өөр хүний кино зохиол юм.

“НЭГ БОЛ ЭСВЭЛ” ГЭЖ ҮГҮЙ

Акины бүтээлүүдэд цагаачлалын талаарх асуудал тусгалаа олдог тул түүнийг 1970-1980-аад оны үеийн соёлын ялгааг томруунаар дүрсэлдэг шилжин ирэгч киноны салбарын төлөөлөгч гэж германы хэвлэл мэдээлэлд дурдах нь бий. Энд  цагаачлалыг юун түрүүнд үл таних хөндий мэдрэмжтэй холбон тайлбарлаж, “тэд ба бид” гэх асуудлыг авч үздэг байв. 2004 оны “Хананы эсрэг” (Gegen die Wand) киногоороо олон улсын тавцанд амжилт гаргаснаар Акин энэ баригдмал хүрээнээс гарсан байна. Уг кинонд уламжлалт хэв маяг бүхий эцэг эхээсээ холдохын түүс болсон Сибел гэх Хамбург хотын залуу бүсгүй архинаас хамааралтай болсон Кахиттай гэрлэж байгаа тухай өгүүлдэг.
Гол дүрүүдийн хувьд цагаач гэдгээрээ ижил талтай боловч шийдвэрлэх шинж биш юм. Тэд туркчууд бус харин герман-турк хүмүүс. Хоёр соёлын хооронд “шилжиж үсрэх” нь тэдний хувьд ердийн үзэгдэл. Тэд турк ардын дуу, барууны поп хөгжмийн аянд бүжин, өгүүлбэрийн явцад хэд хэдэн хэлээр ярилцана. Ийнхүү тэд “нэг бол эсвэл” гэж үгүй бүхэл бүтэн үеийн төлөөлөл, германы нийгмийн салшгүй хэсэг яалт ч үгүй болжээ. Энэхүү үеийн тухай кино урлагт төдийлөн дурддаггүй ба үүнийг дэлгэцнээ амилуулсан Акин гавъяатай. Тус кино нь Берлиний кино наадмаас Алтан Баавгай шагналыг хүртсэн. Ийнхүү 18 жилийн дараа уг шагналыг анх удаа герман найруулагчийн бүтээлд олгосон төдийгүй тэрхүү кино 2004 онд Герман болон Европын шилдэг киногоор шалгарчээ.

ДАЯАРЧЛАЛ БА КИНО УРЛАГ

“Хананы эсрэг” кино нь “Хайр, үхэл, чөтгөр” сэдэвт гурамсан киноны тэргүүн бүлэг юм. Хоёрдугаар хэсэг буюу үхэл гэсэн сэдэвт бүтээл нь “Эсрэг талд” (Auf der anderen Seite, 2007) юм. Энэхүү бүтээл нь Бремен, Хамбург, Станбулд амьддах хайр сэтгэл буюу үхлээр холбогдсон гэр бүлийн зургаан хүний талаар өгүүлдэг. Гол дүрүүдийн хоёр нь золгүй тохиолдлоор нас бардаг бөгөөд ард үлдэгсэд нь нэг нэгнээ хайж эхлэх ба бие биенээ уучилдаг.

Хананы эсрэг киноны адилаар хоёр соёлын талаар өгүүлдэг шинжийг Акин энэ бүтээлдээ ч хадгалж үлджээ. Турк улс зөвхөн тэртээ алсад орших, ээж аавынх нь төрөлх нутгаар зогсохгүй үйл явдлын гол талбар болдог. Акин epd Film кино сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа: “Миний эх орон хэмээх ойлголт тэлсэн. Газар зүйн хавтангууд хоорондоо ойртдог шиг Турк, Герман орон миний хувьд нэгдмэл ойлголт юм.” хэмээн дурджээ. Тайз дэлгэц өргөжихийн хэрээр ч Акины нэр алдар олон улсын тавцанд түгжээ. Каннын кино наадмаас шилдэг кино зохиол шагналыг хүртсэн “Эсрэг талд” кино нь Турк, Хорват, Филиппин, АНУ-д мөн амжилт үзүүлж, олон шагналын эзэн болжээ. Акин нь зөвхөн Хамбургт шилжин суурьшсан кино найруулагч бус өөрийн авъяас чадвараар ялгарч чадсан, дэлхийн кино урлагийн төлөөлөгчдийн нэг хэмээн герман хэлт шүүмжлэгчид үздэг.

КОМИК БОЛОН УЛС ТӨР

Хамбург хот хэзээ ямагт түүний төрөлх нутаг байсаар иржээ. Түүний кино зохиол Германд өрнөж байвал үйл явдал Ханзе холбооны хотуудад л (Бремен, Хамбург, Любек орч.) мөн болж байдаг. Ингэхдээ түүний сонирхлыг хэзээд түүний өсч торнисон Хамбург хот л татдаг аж: Моодонд орж буй уушийн гзар болон туркийн урлагийн холбоо холгүй орших тэр цэгт.

“Сэтгэл зүрхний гал тогоо” (Soul Kitchen, 2009) бүтээлээ тэрээр өөрийн төрөлх хотдоо зориулан туурвижээ: Герман-грек эр хэцүү гэгдэх Хамбург-Вилхелмсбург дүүрэгт орших өөрийн түргэн хоолны ресторанаа шунахай хөрөнгө оруулагчийн гарт сүйдүүлэхгүйг хичээнэ. Үүнээс болж халуун дотно-анархист шинжтэй хачин жигтэй үйл явдлаар дүүрэн түүх өрнөдөг. Сэтгэл зүрхний гал тогоо юун түрүүн инээдмийн төрлийн кино боловч угсаатны бүлгийн соёлыг хавчих болон Хамбург хотын нийгмийн сул дорой оршин суугчдын тухай асуудлыг гярхай нүдээр харуулсан юм. Киноны зураг авалтыг нураах гэж байгаа буюу дахин сэргээн засварлах гэж байгаа газруудад хийжээ.

Тэрээр “Эдений цэцэрлэгт хүрээлэн дэх хог” (Müll im Garten Eden, 2012) нэрт баримтат бүтээлээрээ улс төрийн хандлагаа тодорхой илэрхийлжээ. Энэ кинонд мөн л аюул нүүрлээд буй эх нутгийнх нь тухай гардаг: Туркийн хойд хэсэгт буюу цайны ургамлын тариалангийн бүс нутагт орших Камбурну тосгоны амар амгалан байдлыг шинээр баригдаж буй хогийн төвлөрсөн цэг үгүй хийнэ. Тэрхүү хогийн төвлөрсөн цэгээс ялгарч буй хорт лаг шалбааг ногоон толгодыг булшилж байгааг эсэргүүцэх тосгоныхны тэмцлийг Акин баримтжуулжээ. Акины хувьд энэхүү үйл явдал нь нэлээн хувийн шинжтэй байсан нь тэр тосгонд түүний өвөө эмээ нь аж төрж байсантай холбоотой.

“Хайр, үхэл, чөтгөр” гурамсан бүтээлийн сүүлийн хэсэг The Cut нэртэйгээр 2014 онд бэлэн болох бөгөөд Фати Акин олон ч улсын хил хязгаарыг давж Йордан, Герман, Куба, Канад улсуудад зураг авалтаа хийсэн байна.