Танилцуулга
Германы жазз хөгжим

Тилл Броэннер
Нарийн бүрээч Тилл Броэннер нь өнөө цагийн хамгийн алдартай герман жазз хөгжимчдийн нэгт зүй ёсоор тооцогддог. | Гэрэл зураг: © Ралф Домбровски

​Германы жазз хөгжим олон талтай, баялаг хэмнэлтэй. Стиль, уламжлалын өнгө аяс, хөгжим тоглох арга барил зэрэг талаараа Европын бусад орнуудыг тэргүүлдэг. Блюс, Бүүгий, Диксилэнд, Свинг, Бебоп, Күүл жазз, Жаззрок, Чөлөөт жазз хэмээх жазз хөгжмийн төрлөөс гадна жаззыг орчин үеийн хөгжим, Дэлхийн хөгжим, Хип хоп, Амбиент, Ардын дуу, Поп хөгжмийн урсгалтай хослуулсан нь шууд зохион хөгжимдөхүйн хязгааргүй дуурьсал гэлтэй.

Саяхан сургуулиа дүүргэсэн залуу уран бүтээлчид, энэ салбарын акулууд амьд тоглолтоор жазз хөгжмийн жинхэнэ чадвараа харуулдаг. Герман нь жаззыг ойлгож сонсдог үзэгчдийн хүрээлэлтэй, жаззын түүхэн үйл явдлаар баялаг улс. Үүнийг холбооны улсын төрийн байгууламжаас улбаалсан муж бүрийн жазз хөгжмийн онцлог, Берлиний хана нурсны дараах мэдэгдэхүйц сэргэлт, дэлхий дахинаа сайшаагдсан уран бүтээлч сэтгэлгээний задрал зэргээс харж болно. Товчхон хэлбэл Германы жазз өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон бөгөөд тэр нь түүхэн нөхцөл байдал, жаззын сургууль, концертын болон клубын орон зай, Германы төрийн байгууламж буюу холбооны зохион байгуулалтын онцлогтой холбоотой аж..

ХУВААГДМАЛ ӨНГӨРСӨН ҮЕ, НЭГДМЭЛ ОДОО ҮЕ

Герман улс 40-өөд жилийн турш улс төрийн хоёр өөр системээр зааглагдан, баруун, зүүн улсад хуваагдаж байсан өдгөө холбооны  бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Америкт өрнөсөн эрх чөлөө, тэгш эрхийн тэмцлийн жишгээр 1960-аад оны сүүлээр баруун германы жаззын хөгжлийг уламжлалт жазз хөгжмийг сэргээн тоглох консерватив чиг хандлага тодорхойлж байлаа. Тухайн үед хүчээ авч байсан Вупперталын жазз уран бүтээлч, саксофонч  Петер Брөтцманн "Фрий Жазз"-г жаззын бусад  төрлөөс илүү олонд таниулж байсан ч уламжлалт арга барил нэг хэсэгтээ үргэлжилсэн гэдэг. Гэхдээ баруун германы жаззын хөгжлийг ерөнхийд нь аваад үзвэл жазз хөгжмийг илэрхийлэх (дуугаргах арга барил) хэлбэрээр илүү баялаг гэж хэлж болно. Төлөөлөгчдөөс нь дурдвал Альберт Мангелсдорффс, Жаззрок Клаус Долдингерс нар юм.

Харин Ардчилсан германы хөгжимчид үзэл суртлын цензур, уран бүтээлч унаган төрхөө эрэхүйн тэг дунд уран бүтээлээ гаргаж байлаа. Төгөлдөр хуурч Улрих Гумперт нарын зарим хөгжимчид "Фрий Жазз"-аас гадна ардын дуу, ажилчин ангийн дуу, Саксоны барок стилийн холимог урсгалыг гаргаж ирсэн нь Берлиний хана нуран унасны дараа тархсангүй. Харин 1989 оноос өмнө улс төрийн хил хязгаар зааг байсан ч хоёр германы жазз хөгжимчид фестиваль, аялан тоглолтоор уулзацгааж, амьд харилцааг бий болгож байсан нь хоёр герман нэгдсэний дараах хамтын жазз хөгжлийг түргэсгэж өгчээ

Жаззын үе үеийн төлөөлөл болон төрөл жанрын уулзалт, зүүн барууныхан: Günter 'Baby' Sommer, Till Brönner - 2010 онд зохиогдсон Лайпцигийн 34 дэхь жаззын өдөрлөг. Эх сурвалж: Youtube.

ЖАЗЗЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОГ

Германы жазз институтуудын хоорондын харилцаа холбоо, зохион байгуулагддаг олон төрлийн үйл ажиллагаа, жаззыг дэмжих бодлогын чанартай арга хэмжээ зэргийн нарийн уялдаа холбоо германы жаззыг чанаржуулдаг. Үүнд радио телевиз голлох үүрэг гүйцэтгэнэ. Германы радио өргөн нэвтрүүлгийн (ARD) салбар байгууллагуудын ажлын алба жаззын нэгж бүр лүү анхаарлаа хандуулахаас гадна фестиваль, жазз клубуудыг дэмжих замаар хөгжмийн бүхий л халуун цэгээс дуу бичлэгийн нэвтрүүлэг бэлтгэн мэдээлэхээс гадна архивлан баримтжуулдаг байна. 'Залуус жазз тоглож байна' 2013 'Залуус жазз тоглож байна' Залуу хөгжимчидийн тэмцээний улирал 2013 | Гэрэл зураг: © Ралф Домбровски Маш олноор зохион байгуулагддаг жазз фестивалиуд германы жазз уран бүтээлчдийг гадны жаззын уран бүтээлчидтэй холбох гүүр болдог. Дрездений Dixieland фестивалиас эхлээд импровизацийг (чөлөөтэй найруулан тоглодог зохиомжийг) эрхэмлэдэг Берлиний "Тотал Мусик Мийтинг" фестиваль мөн рок, дэлхийн хөгжим, электроник хөгжмийн урсгалуудыг хоршин тоглож болдог "Moeрс фестиваль"-ийг нэрлэж болно. Түүнээс гадна Германд жазз хөгжимд зориулсан сургалт өргөн хүрээтэй, нарийн ялгаатай. Одоогоор 18 хөгжмийн сургууль, консерватори бүх муж улсад жазз хөгжмийн боловсролыг олгож байна. Харин тухайн муж улс, сургуулийн боловсролын хэмжээнд илүү далайцтай ажил хийгддэг бөгөөд сайн хөгжимчдийг хүүхэд ахуй наснаас нь жаззтай нөхөрлүүлдэг байна.

ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ИМПУЛЬС

Германы жаззыг тодорхойлогч бас нэг зүйл нь олон улсын хөгжимчид. Фленсбургээс Гармиш хүртэлх германы жазз уран бүтээлчдэд тэд туршлагаасаа хуваалцаж байна. Жаззын хэлбэрт баригдахгүй хувьсагч шинж чанар, олон төрөл жанр, жаззын активистууд, жазз наадмыг зохион байгуулагч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үзэгч олныг чөлөөт, нээлттэй байдал нь  Герман луу гадны хөгжимчдийг татах хүчин зүйл болж байна.

Aки Такасе, Владислав Сендэки, Дэвид Фрийдмен, Kалле Kaлима, Кумин Самавати нарын салбартаа манлайлагчид төслүүдээрээ, хамтлагаараа Германы жазз хөгжихөд түлхэц өгч байна.

Берлиний Клезмер-Жаззер (Еврейчүүдийн хөгжмөөс үүсэлтэй Жазз): Даниел Каан Берлиний Клезмер-Жаззер (Еврейчүүдийн хөгжмөөс үүсэлтэй Жазз): Даниел Каан | Гэрэл зураг: © Ралф Домбровски

БҮСҮҮДИЙН ЖАЗЗ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Жазз хөгжсөн газар бүхэн хөгжмийн найруулгын өвөрмөц онцлогтой. Франкфурт л гэхэд Aльберт Maнгельсдорф, Хайнз Зауэр  нарын жазз хөгжмийн төрөл "Авантгардэ" сургалтаар тодорхойлогдоно. Харин Хамбург хотын "Модерн Маинстрийм"-ийн өлгий бол Ханноверт хотын "Асид Жазз" нэгэн цагт хүчээ авч байжээ. Баварийн Вайлхайм бол Построк, Жаззавантгардэ урсгалын хоршин тоглолтоор алдартай бол Вуппертал Фрий Жазз гэсэн хаягтай. Харин Берлин, Кёльн хотууд жаззын олон төрлийн цуглуулга гэсэн үг. Энд ялгарамжийг тодотгох бус хотуудын жазз дахь хандлагын талаар ойлголт өгч буй юм.

Берлинд гэхэд сүүлийн жилүүдэд бүхий л стиль, жанр, насны хязгаарын ойлголтоос халин илүү соёл хоорондын шинжтэй, даяарчлагдсан өнгө аястай жаззын орчин давуу хөгжиж буй нь Нью-Йорк, Лондон гээд метрополитан хотуудын жаззын хөгжилтэй харьцуулахад дутахааргүй болжээ. Тэгэхээр „Jazz - Мade in Germany“ гэсэн хаяг зүгээр ч нэг нэр төдий биш, харин гаргалгаа, боломж, алсын хараа болж байгаа юм.

ЖАЗЗ ОРШИХ ГАЗАР БҮХНИЙ ХОЛБОО ХАРИЛЦАА

Жаззыг дэмжих ажлын санхүү хөрөнгийг бүрдүүлэх, жазз хөгжмийг сонирхогч олон нийтийг мэдээллээр хангах шаардлагаас үүдэн Германы жазз орчинд зар сурталчилгаа, дотоод зохион байгуулалт, соёлын бодлогын ажлууд байнга хийгдэнэ. 2006 оноос хойш жаззын салбарынхан жилдээ нэг удаа  жаззхэад! -жазз хөгжмийн үзэсгэлэн, хуралд цугларч байна. 2002 онд үүсгэн байгуулагдсан Холбооны улсын хэмжээний жазз чуулган (БК Жазз)-д пянзны фирмүүд, фестиваль, клубууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг хөгжмийн холбоод цугларч, улс төр болон соёлын байгууллагуудад ашиг сонирхлоо төлөөлж байна. Удаан хугацаанд идэвхгүй байсан Германы жазз хөгжимчдийн холбоо (UDJ) 2012-2013 онуудад дахин сэргэсэн цагаас уран бүтээлчдийн ашиг сонирхлыг илэрхийлэх болсон нь эл салбар залуужиж, шинэ хөгжлийн чиг хандлага, зохион байгуулалттай болж буйн илэрхийлэл гэж болно.

ЖАЗЗ УРАН БҮТЭЭЛЧИД

Олон стиль жанр холилдсон, олон үндэстний соёлын хэв маягтай, цагаачлалд нээлттэй цаг үед жазз уран бүтээлчид дэлхий дахинд өөрсдийгөө таниулж байна. Өөрийн гэсэн өнгө төрхийг үзэгчдээс хүлээдэг болсон удаахи 10 жилд өвөрмөц содон хамтлаг дуучид олонд танигдаж эхэлж буй. Жишээлэхэд төгөлдөр хуур, аргил хийл, бөмбөрийн гурвалын тоглолт Германд төдийгүй олон улсад хөгжиж байна. Хамбургийн Тингвалл Гурвал хамтлаг, Берлиний Михаэль Воллнис, Кёльны Пабло Хэлд гэх мэт хамтлагууд зохиомжийн хэлбэр, онцгой хэмнэл, өвөрмөц дуугаралтаараа үзэгчдийг шинэ гойд ертөнцөөр аялуулж байна.

Пабло Хэлд Гурвал Пабло Хэлд Гурвал | Гэрэл зураг: © Ралф Домбровски Жазз ертөнцийг уран бүтээлч, хамтлагуудаас гадна том бүрэлдэхүүнтэй ансамбль түүчээлж байна. “Aндромедиа Мега Экспресс” оркестр хөгжмийн найруулгад нотыг бүрэн хэмжээнд буулган олныг гайхшруулж байхад “Maльте Шиллерс Ред Баллүн” ансамбль хамгийн нарийн эгшгээр бүтээлээ баяжуулан, “Кристиан Эльзассер” оркестр уянгат хөг аялгууг нэмжээ. Мөн шинээр авьяаслаг хөгжмийн зохиолчид жазз хөгжмийн хөгжлийг өнгөлж гарч ирсэн юм. Шарлотте Грев, Бенедикт Яанель, Нийлс Клайн, Ангелика Нийскер, Маттиас Шрийфл, Хеннинг Сийвертс нарын хөгжмийн зохиолчид жазз хөгжмийн үндсэн стандартыг хувь уран бүтээлчийн онцлогоор хувирган цуурайтуулахын сацуу олон улсын хөгжмийн шинэлэг урсгал, чиг хандлагатай хоршуулжээ. Дүгнэн хэлэхэд Германы жазз хөгжим шид нь бүрдсэн хөзрүүдийг дэлгэн тавьж байна. Тэд өдгөө дэлхий дахины сонорыг мялааж, мэлмийг баясгах хэд хэдэн жокертой болжээ.