Берлиний кино наадмын блог
Дэлхий ямар үнэтэй вэ?

„Биднээс алсарсан мөрөөдөл“ Андреас Дресен
Гэрэл зураг: Петер Хартвиг © Роммел Фильм

Клеменс Майер зохиолчийн “Биднээс алсарсан мөрөөдөл” нэрт бүтээлийг найруулагч Андреас Дресен дэлгэцнээ амилуулжээ. Киноны үйл явдал хоёр Герман нэгдсэн үеийн дараах Лайпциг хотод өрнөх ба хэсэг дэггүй залуусын тухай өгүүлдэг. Рико, Марк, Паул, Даниел нар согтуурхан, хулгай хийж, хулгайлсан машинаа сэг болтол нь хөлөглөн, техно андерграунд клуб нээнэ. Залуус бүтэшгүй зүйлд тэмүүлэвч түүндээ хүрч эс чадна.

ИХ ТЭМЦЭЛ

Дани (Мерлин Розе) гүйсээр. Гудамжаар, галт тэрэгний зам дээгүүр, орон сууцны орцны дэргэдүүр улам хурдлан гүйх ч тус болох нь үгүй. Түүнийг арваад нацист залуус элдэн хөөж, газар шурган унатал нүдэх болно. Шалтгаан нь Эстрелита (Руби О. Фи) буюу хүн болгон л “Штернхэн” гэж дуудах охиноос болсон хэрэг.  Сүүлд Дани шоронгоос суллагдахад түүний хамгийн сайн найз, боксчин Рико (Юлиус Ничкофф) машинаараа тосч авах зуур тэрээр нэгэн цагт хайртай байсан охинтойгоо тааралддаг. Хоёр найз нэгэн оройг ширээний бүжиг бүхий уушийн газарт өнгөрүүлэх ба шон тойрон тачаангуйгаар бүжиглэх охидын нэг нь Штернхэн байлаа.

ЭХ ЦАДИГ, ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ

Клеменс Майерын зохиолын баатрууд аз жаргалын төлөө хамтдаа хайр найргүй, хамтач сэтгэлээр тэмцэж Лайпциг хотын захыг дэлхийн төв хэмээн үзнэ. Андреас Дресен харин тэрхүү тогтоосон хэм хэмжээ, хил хязгаарыг давах залуусын цадиггүй их хүслийг дисконы утаа, аянга цахилгаан, техно хөгжмийн шавдуулах мэт хэмнэлээр илэрхийлжээ. Энэхүү гунигтай хэрнээ сайн хийгдсэн кинонд найруулагч маань хөгтэй явдлууд, хөнгөн өнгө аястай аз жаргалаар дүүрэн мөчүүдийг дэлгэцнээ буулгаж, хүүхэд насны гэгээлэг дурсамжийг романд бичсэнчлэн дүрслэн үзүүлжээ. Кино зохиолыг бичсэн Волфганг Хаасе хүүхэд насанд, чухамдаа өсвөр насныханд нуугдан байдаг тэрхүү асар их хүчийг яагаад үзүүлэх болсныг тайлбарлахдаа: “Дур зоргоороо байх тэр л гайхалтай хором. Дэлхий ер нь ямар үнэтэй вэ гэж өөрөөсөө асууна. Гэвч дэлхий хэдийн зарагдчихсан гэдгийг хэзээ нэгэн цагт ухаарна.”