Хөрөг нийтлэл – Марен Аде
Бусдын өмнөөс ичсэнийг урлагаар дамжуулан илэрхийлэхүй

Найруулагч Марен Аде
Найруулагч Марен Аде | Зураг (хэсэгчилсэн): Виллиам Минке, © НФП маркетинг & дистрибюшн* / Комплизен фильм

Марен Аде цөхрөлтгүй хичээл зүтгэлээрээ алгуурхнаар Германы хамгийн анхаарал татсан кино бүтээгчдийн нэг болсон бөгөөд “Тони Эрдманн” гэх нэлээн өвөрмөц инээдмийн киногоо гаргаснаас хойш герман киног “аврагч” болоод байна.

Марен Адег гэж хэн ч төсөөлөөгүй байхад найруулагч бүсгүй 2016 онд  гурав дахь кино “Тони Эрдманн”-аараа 2016 оны Каннын Олон улсын кино наадамд гялалзсан амжилт гаргасан юм. Ийнхүү дуулиан шуугиантай кино ертөнцдөө эргэн ирснээр 1976 онд төрсөн найруулагч бүсгүй Герман киног “аврагч”-аар тодроод байна.

Бүр үүнээс ч өмнө найруулагч хосуудын харилцааны тухай өгүүлсэн “Өрөөл бусад” гэдэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулж байжээ. Энэ кино нь 2009 онд Берлиний Олон улсын кино наадмаар шилдэг кинонд олгодог мөнгөн баавгай шагналыг хүртэж байжээ. Үүнээс 6 жилийн өмнө буюу 2003 онд залуу авьяаслаг найруулагч “Хэсэг модны өмнөх ой” киног бага өртгөөр бүтээсэн нь олон удаа шагнагдаж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. Марен Адег нууцлаг нэгэн гэж хэлж болохоор. Киногоо бүтээхийн тулд маш их цаг хугацааг зарцуулна. Түүнээс биеэ даасан шинж чанар бүхий буцлан цогших бяцхан гайхамшигт бүтээл төрдөг бөгөөд түүнийг нь ямар ч хайрцаг, системд ногдуулж хэлэх боломгүй.  

Мэдрэмтгий, алиа хошин дүрүүд 
 

Хэсэг моддын өмнөх ой Хэсэг моддын өмнөх ой | Зураг (хэсэгчилсэн): © Комплицен Фильм Өнгөц харваас тухайн үеийн “Берлиний сургууль” буюу эгэл жирийн, нандин амьдралын тухай хүүрнэсэн кино хийдэг Берлиний хэсэг уран бүтээлчдийн багт найруулагч маань орно.  Харин тэднээс ялгаатай нь гэвэл Адегийн дүрүүд төвлөрөл, мэдрэмтгий байдал, хошин мэдрэмжээс бүрдэх агаад найруулагч үүгээрээ хувийн “лигт”-ээ тоглолтоо явуулна. Дипломын ажлын кино - “Хэсэг моддын өмнөх ой”-гоо видео  камераар авсан бөгөөд дунд сургуулийн шинэхэн багшийн дотоод сэтгэлийн эргэлзээ тээнэгэлзлийг харуулсан киноноос найруулагчийн өөрийн гэсэн өнгө төрхийг нь тольдож болно. Марен Аде Бадений багш хүний хүүхэд бөгөөд кинондоо сургуульдаа “өөрчлөлтийн салхи” оруулахыг эрмэлзэх ч удирдсан ангийнхнаасаа дэмжлэг авч чадахгүй, бүр болоогүй хувийн харилцаа холбоон дээр ч бүтэлгүйтэх швабен нутгийн аялгаар ярьдаг, шинэхэн багш Мелании Проешле-гээр юутай ч эгнэшгүй дүрийг гаргажээ.

 

 “Өрөөл бусад” кинонд Сардин арал руу амралтанд явж буй дурлалт хоёрын далд хүсэл тэмүүлэл, хүний нийгэмд эзлэх байр сууриа алдах вий гэсэн сэтгэлзүйн айдсын тухай харуулдаг “Тони Эрдманн”-д  хахир хатуу залуу менежер бүсгүй, түүний 68 настай аав хоёрын нарийн төвөгтэй харилцааг  өгүүлэх ба хурц ухаантай шогч аав нь хийлдэг дэр, авагддаг хиймэл шүдээр зэвсэглэн тоглоом тохуу элэглэл далд егөөдлөөрөө охиноо ухааруулахыг оролдох бөгөөд эцэст нь урьдаас таамаглахын аргагүй хошин байдлаар охин нь  бүхнийг ойлгож  байгаа тухай гарна

Кино найруулагч, продюсерын ажил, ээжийн үүргийг хамтад нь 

Амьдралд ана мана үзэлцдэг киноны дүрүүдтэйгээ харьцуулбал  Адегийн амьдралын харгуй зам тууш явж иржээ. 1976 онд Карлсруэ хотод төрсөн тэрээр анх 14 насандаа бэлгэнд видео камер авч, найзуудтайгаа кино хийж байжээ. Кино студид дадлага хийнгээ “Америк зохиогчийн кино” (amerikanische Independents)-тусгай кино хөтөлбөрүүдэд байнга очдог байв. “Годардын төрлийн кино”-г санагалзуулахгүй (Jean-Luc Godard-Францын нэртэй кино найруулагч, кино зохиолч-Орч.) тэрээр1998 онд найруулагч болох хүсэлдээ хөтлөгдөн Мюнхений Кино урлагийн дээд сургуульд элсэн оржээ. Оюутан байхдаа  ангийнхаа хүүхэдтэй цуг “Комплизен фильм” компанийг үндэслэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш өөрийнхөө болон “Берлиний сургууль”-ийнхан гэгддэг Валеска Грисебах, Ванесса Жопп болон Бенжамин Хайсенбергийн кино төслүүдийг хэрэгжүүлж байна.  Аде кино найруулагч Улрих Коелертэй  (“Нойргүйдэл”) амьдралаа холбон 2 хүүхдийн ээж болжээ. “Тони Эрдманн” киноны пост продакшны үеэр 2 дахь хүүгээ төрүүлсэн ажил хэрэгч бүсгүй хариуцлагатай ажил мэргэжил, гэр бүлээ нэгэн зэрэг авч явна. Өөрөө өөрийнхөө дарга гэдэг утгаараа түүнд ажлынхаа хуваарь, ачааллыг зохицуулах эрх нь байгаа ч “Кино хийнэ гэдэг угтаа маш их ачаалалтай ажил” хэмээгээд чухам тийм болохоор л би 7 жил тутамд нэг кино хийдэг, 2 жил тутам хийх миний хувьд боломжгүй зүйл хэмээн өгүүлж байлаа.  

Дүрүүд хамгийн гол нь

Чухам тийм л учраас түүний дүрүүд нь боловсрон гүйцтэлээ урт хугацааг туулдаг байна. “Тони Эрдманн” киноныхоо Инес-ийн дүрийг ургуулан төлжүүлэхийн тулд нэгэн компанид зөвлөх хийдэг бодит эмэгтэйгээс зөвлөгөө авч байжээ. Төгс төгөлдөрт тэмүүлсэн Инесээс тэрээр өөрийгөө олж харах шиг болдог аж: “Кино бүтээхэд юмыг эцэст нь тулгатал хийх хэрэгтэй байдаг” гэлээ. Ихэнх тохиолдолд кино зохиолч маань олон удаагийн сургуулилтыг мэдэх драмын театрын туршлагатай жүжигчидтэй хамтарч ажилладаг бөгөөд чухам тэд л түүний хүсээд буй “үргэлж тухайн цаг мөчид” гэсэн болзлыг биелүүлж чадах гэнэ.  “Дүрүүдийг бүтээх явцад юунд тэгтлээ их татагддаг вэ гэвэл тухайн сцений дүрийн хэлэх гээд байгаа санаа бүрийг буулган бичихдээ бодол хүслээ шигтгэн ажиллах юм” гэлээ.

 

Киноны харилцан ярианы хэсгийн хүнийг гомдоомоор үгсийг няхуур ажилласны үндсэн дээр олдог. Аде кино зохиолоо тэр хэвээр нь буулгахыг зорьдог бөгөөд сценүүдийг 40 хүртэлх удаа давтдагаараа зартай: “Драматургийн бодож болдог олон хувилбарт тоглоом”-д би дуртай. Найруулагчийн сэглэн туучих мэт сэтгэлзүйн олон харах өнцгүүд түүнд  хэвшмэл ойлголтыг эвдэхэд тусалдаг байна: “Хэвшмэл ойлголт гэдгийг эхэндээ дайсагнасан өнгөөр л харна. Хэвшсэн ойлголттой тулаад ажиллаад ирэхээр аяандаа тэр бүхнээс ангижрана” гэж байлаа. 

Хоолой зангируулам инээд

Түүний өмнөх кинонууд бас л инээдмийн төрлийнх ч гэлээ “Тони Эрдманн” гэсэн нэр зүүлт инээдмийн жанрын киноны хувьд аз туршсан алхам болсон юм.  Ийн зориглоход хүргэсэн “нарийн няхуур байдал, цаг хугацааны зохилдол шаардсан хааны гэмээр сахилга бат”-ыг чамбай найруулагч маань чадсан нь лав. Түүний хийдэг хэсэг бүлэг танхай инээдмийн киноны нууц гэвэл бусад хүний ичгүүртэй үйлдлийн өмнөөс “ичсэн булчирхай” гэж хэлж болно: зангирсан хоолойноос гарах инээд “Тони Эрдманн”-д үзэгчдийн сэтгэлийг уяраан үймүүлэх вий. 

 

Ялангуяа францын кино найруулагчид герман кинонд тэр бүр байдаггүй нэг тийм хошин өнгө аясыг ихэд олзуурхсан юм. Хөнгөн хэрнээ тоглоом тохуугүйгээр үнэнийг ухаалгаар илчилж орхидог киноны хүслэн болсон тэд уг кинонд  “Чандмань эрдэнэ”, “Мансууруулах үрэл” гэсэн тодотголууд өгч амжжээ. Харин одоо түүний кино 2017 оны Оскарын  “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд нэр дэвшээд байна.  Марен Адэ найдвар горьдлого тээж байгаа хэдий ч урьдын  адил адгаж тэвдсэнгүй. Олон шагналын эзэн болсон тэрээр “Одоохондоо надад хэлэх юу байхав дээ” гэсээр дараагийнхаа кинонд хангалттай цаг хугацаа төлөвлөх хүсэлтэй байгаагаа хэллээ.