Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Дэлхийд соёлыг түгээгч хөтөлбөр
"Амьдралыг харах өнцөг маань улам бүр тэлсээр байна"

Алсын оронд: Бен Рангник 9-р сараас хойш "Дэлхийд соёлыг түгээгч" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот дахь Гёте-Институтэд ажиллаж байна.
Бен Рангник 9-р сараас хойш Улаанбаатар хот дахь Гёте-Институтэд ажиллаж байна. | Гэрэл зураг: © Дэлгэржаргалын Давааням

"Дэлхийг соёлыг түгээгч хөтөлбөр”-ийн хүрээнд нэг жилийн хугацаатайгаар Монголд: Бен Рангник Улаанбаатар дахь Гёте-Институтийн соёлын хөтөлбөрт 9-р сараас хойш ажиллаж байна. Дараах ярилцлагаар тэрээр өнгөрсөн 3 сарын хугацаанд олж авсан туршлагаасаа хуваалцлаа.

Бен, чи ахлах сургуулиа дүүргээд л шууд Монголд иржээ. Энэ шийдвэрт хэрхэн хүрсэн бэ?
 
Ерөнхий шалгалтаа өгснийхөө дараа би цоо шинэ соёлыг танин мэдэж, ертөнцийг арай өөр өнцгөөс харахыг хүссэн. Ингэхдээ тухайн нийгмийг гаднаас нь өнгөц харах бус түүний дотор нь “орж” үзэх чухал байсан. Чухам энэхүү боломжийг “Дэлхийд соёлыг түгээгч хөтөлбөр” олгосон юм. Хөтөлбөрт хамрагдсанаар харийн оронд ажиллаж амьдрах, шинэ соёлтой танилцах өргөн боломжтой. Тэгээд л би хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж, улмаар Монголоос нааштай хариу хүлээж авсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Гёте-Институттай утсаар холбогдсоны дараа бүх зүйл тодорхой болж, би 9-р сард Монгол улсад анх удаа хөл тавьсан.
 
Энд ирэхээсээ өмнө юуг хүлээж байв?
 
Монголд ирэхээсээ өмнө бүхий л зүйл шинэ бөгөөд өөр байгаасай гэсэн ганц л зүйлийг хүсэж байлаа! Энэ хүлээлт маань онгоц газардахаас ч өмнө биелэгдэх шиг болж билээ. Доор зурайн харагдах нов ногоон тал, өндөр барилгууд сүндэрлэх хот, өнгө өнгийн дээврүүд гээд л. Агаар нь хүртэл цаанаа өөр, чухамдаа бүх л зүйл өөр байсан. Сэтгэл догдлолоор дүүрэн эхний хэдэн өдрүүд нисэх мэт хурдан өнгөрсөн.
 
Гурван сар хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ?
 
Өнгөрсөн гурван сарын хугацаанд миний бодол мэдээж өөрчлөгдсөн. Харь гэж бодож байсан зүйл хэдийн танил болжээ. Улаанбаатар хот, Гёте-Институт надад дотно санагдах болсон. Гэхдээ би өдөр бүр шинэ сорилттой тулгарч байна. Амьдрал маань энгийн боловч өөрчлөлтөөр дүүрэн, өрнүүн байна. 

 ​
Бен Рангник оюутнуудын хамтаар Шинэ хүмүүс, шинэ учралууд: Германы Мэдээллийн Номын Санд зохион байгуулагдсан зул сарын баярын үеэр уншигчидтай яриа өрнүүлж буй Бен Рангник | Гэрэл зураг: Дэлгэржаргалын Давааням Өнөөг хүртэл юу чиний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бэ?
 
Өргөн талд давхих эсвэл элсэн манхны орой дээрээс алсын барааг ширтэх гээд л байгалийн сайханд өнгөрүүлсэн мөчүүд маш гайхалтай байлаа. Гэвч асар том элсэн манхан бус юун түрүүнд сэтгэл догдлуулсан энгийн мөчүүд сэтгэлд тодхон үлджээ: хамт олонтойгоо гар нийлж ажиллах, шинэ соёл болон хүмүүстэй танилцах, Гёте-Институтээс хэрэгжүүлж буй төслүүд, монгол хэлээр хамгийн анх удаа хүнтэй ярьсан гэх мэт.
 
Хэлний хувьд бэрхшээл тулгарч байна уу?
 
Шинэ хэл сурна гэдэг нэг ёсондоо сорилт болж байна. Одоог хүртэл миний сурч байсан хэд хэдэн хэлнээс асар их ялгаатай учраас монгол хэл сурахад бэрхшээлтэй байна. Хэдий тийм боловч би монгол хэлний мэдлэгээ ойрын хугацаанд сайжруулахаар хичээж байгаа. 

Бен Рангник Э. Мөнгөнбаярын хамтаар Ажлын хамт олноосоо суралцах нь: Бен Рангник Гёте-Институтийн соёлын хөтөлбөрийн ажилтан Э.Мөнгөнбаярын хамтаар | Гэрэл зураг: Дэлгэржаргалын Давааням Чи Улаанбаатар дахь Гёте-Институтийн соёлын хэлтэст ямар үүрэг даалгаврыг гүйцэтгэж байна вэ?
 
Гёте-Институтийн үйл ажиллагааны цар хүрээ асар өргөн тул хийдэг ажил үүргээ бүгдийг нь дурдвал сэдвээсээ халих болов уу! Ажлын нэгээхэн хэсэг нь хэрэгжүүлэхээр зэхэж буй соёлын арга хэмжээний төслийг боловсруулах, цахим хуудсанд нийтлэх бичвэрийг хянах мөн уран бүтээлчидтэй уулзах зэргийг хамардаг. Гэвч ямар ч үед би өөрөө бие даан ажиллаж, хамтран ажиллагсдадаа дэмжлэг үзүүлж чаддаг.
 
Хэрэгжүүлж буй төслөөс аль нь илүү их таалагдаж байна?
 
Хөгжим сонирхогч миний хувьд Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим (GMUB) төслийг маш онцгой гэж бодож байна. Төслийн хүрээнд жазз хөгжмийн хичээл ордог бөгөөд тоглолт, хичээлд нь хамрагдах боломжтой байдагт үнэхээр баяртай байдаг. Зөвхөн энэ бус Гёте-Институтийн хэрэгжүүлж буй бусад төслүүд маш их сонирхолтой байдаг.

Бен Рангник GMUB-д Үргэлж хөл зэрэгцэнэ: Бен Рангник Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхимын зочин багш Корнелиус Шмидкунцийн сургалтанд хамрагдаж буй нь | Гэрэл зураг: Дэлгэржаргалын Давааням "Дэлхийд соёлыг түгээгч хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй үе тэнгийнхээ герман хүүхэд залууст юу гэж хэлмээр байна?
 
Үзээд алд гэж л хэлмээр байна! Шинэ соёл, шинэ хэлтэй танилцах, ажлын анхны туршлага хуримтлуулах эсвэл зүгээр л аливааг цоо шинэ өнцгөөс харах зэрэг нь маш их ач холбогдолтой. Үүнээс олж авч буй туршлага хэдийн намайг өөрчилж, амьдралыг харах өнцөг маань өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Нэг жилийн дараа сайн дурын ажил маань дуусахад би амьдралын шинэ хуудсыг хэдийн нээчихсэн байх болно. Энэ бүхэн миний хувьд үнэхээр үнэлж баршгүй туршлага юм!
 

Дэлхийд соёлыг түгээгч хөтөлбөр гэж юу вэ? Энэхүү хөтөлбөрийг Герман дахь ЮНЕСКО-ийн комиссоос 18-26 насны залууст 6 сараас нэг жилийн хугацаатайгаар соёл, боловсролын хүрээнд ажиллах боломжийг олгодог. Сайн дурын ажилтан бүхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, семинарт хамруулдаг ба уг хөтөлбөр нь залуус бүхэнд нээлттэй!