Алтан Хальс Индепендент Кино Наадамд 2018
Юлиан Радлмайертай хийсэн ярилцлага

Юлиан Радлмайерын хөрөг
© Faktura Film

Герман найруулагч Юлиан Радлмайер энэ удаагийн Алтан Хальс Индепендент Кино Наадамд анх удаагаа хүрэлцэн ирж өөрийн "Хөрөнгөтөн ангийн нохойн өчил" киногоо монголын үзэгчдэд толилуулах гэж байна! Дараах ярилцлагаар тэрээр импровизац, коммунизм болоод энэ онд Монгол улсад ирэх болсон тухайгаа хуваалцлаа.

Юлиан, таны найруулсан “Хөрөнгөтөн ангийн нохойн өчил” кино тун ер бусын, сонирхол татсан нэртэй юм. Энэ бүтээл чухам юун тухай өгүүлдгийг гурван өгүүлбэрт багтаахгүй юу?
 
За даа, киноны гол зангилаа өөрөө их тун хачирхалтай тул шууд ийм тийм гэж хэлэхэд төвөгтэй л юм. Гавьсан амжилт гэх юмгүй кино найруулагч хөдөлмөр зуучлалын товчоогоор дамжуулан ургац хураалтын ажил хийхээр хөдөө нутгийг зорьдог. Өнөөх эр маань нэгэн бүсгүйн сэтгэлийг татахын тулд “коммунист кино” –ны судалгааны ажил хийхээр энд ирсэн хэмээн итгүүлж, неолебирал зохион байгуулалттай алимны аж ахуйтай танилцана. Тэнд элдэв хачирхалтай зүйлс тохиолдож, өнөөх найруулагч анч нохой болон хувирч, өөрийн өөрчлөлт хувьслыг эргэн харж буйгаар үйл явдал өрнөдөг. Энэ кинонд хайр, эв нэгдэл, капитализм болон коммунизмын үл гүйцэлдэх үзэл санааны боломжит үргэлжлэлийн тухай асуудлыг хөндсөн.  
 
Коммунизмын тухай кино бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?
 
Энэ бол коммунизмын тухай кино огт биш юм. Харин коммунизм хэмээх нэр томъёотой ихэвчлэн холбон үздэг тоталитар дэглэм, айлган сүрдүүлэлт, хянаж цагдах болон нэгэн хэвийн өдөр тутмын амьдрал зэрэг “коммунизм” гэж нэрлэгдэж болохуйц үйл явдлыг харуулсан. Өнгөрөгч 20-р зууны хий үзэгдэл гэгдэх коммунизм киноны баатруудад айдас хүйдэс төрүүлэх боловч мөн тэдгээр баатрууд коммунизмаас арай өөр коммунизм, түүний эсрэг зүйлийг хүсэн мөрөөднө. Яагаад гэвэл нэгэн цагт “коммунизм”-ыг хүн төрөлхтөн дарангуйлал мөлжлөг үгүй тэгш ертөнц хэмээн ойлгодог байсан билээ. Түүхийг үл хайхран энэ үзэл санааг баримтлах боломжтой эсэх асуудал миний сонирхлыг ихэд татсан. Хэдийгээр хэт төвөгтэй, нарийн асуудал мэт сонсогдож магадгүй ч кино маань тун энгийн, хөгжилтэй бараг гэнэн хуумгай гэж хэлж болохуйц үйл явдалтай.
 

  • „Selbstkritik eines bürgerlichen Hundes“ Museum © Faktura Film
  • „Selbstkritik eines bürgerlichen Hundes“ Orange © Faktura Film
  • „Selbstkritik eines bürgerlichen Hundes“ Apfel © Faktura Film
  • „Selbstkritik eines bürgerlichen Hundes“ Berge © Faktura Film
  • „Selbstkritik eines bürgerlichen Hundes“ Erschöpfung © Faktura Film

Энэ жил Карл Маркс мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Өнөө үед Карл Маркс хэр ач холбогдолтой вэ?
 

Их ач холбогдолтой. Марксын Капитал зохиол бол капиталист эдийн засгийг ойлгох хамгийн сайн бүтээл төдийгүй энэ номоос хэрхэн шүүмжлэх тухайг сурч болдог. Марксын бүтээлээс нийгэм бол хүн төрөлхтний бий болгосон зүйл бөгөөд хувьсан өөрчлөгдөж, түүх болон үлддэг гэдгийг ойлгох боломжтой.
 
Кинондоо та мэргэжлийн жүжигчид төдийгүй кино сонирхогчидтой хамтран ажилласан байсан. Үүний учир юу вэ?
 
Тухай хүний нүүр царай, хэрхэн ярьж хэлж, хөдөлж байгаа нь миний сонирхлыг татаж, таалагдвал би хамтарч ажилладаг. Заримдаа эдгээр хүмүүс нь мэргэжлийн жүжигчид байх нь олонтаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд өнөө эв хавгүй, хөшүүн хойрго гэгдэх сонирхогчид харин ч “мэргэжлийн” гэгдэх жүжигчдээсээ илүү нууцлаг байх нь бий. Тэгээд ч кино урлагт олон ялгаатай жүжиглэлт хэрэгтэй гэж би боддог.
 
Кино зураг авалтад импровизац ямар үүрэгтэй байдаг вэ? Ер нь бүгдийг төлөвлөдөг үү эсвэл киноны явцад шийдвэр гаргадаг уу?
 

Бүхнийг урьдаас бичиж, төлөвлөдөг. Гэвч тохиолдлоор зарим хэсгийг илүү сайжруулах боломж гарвал өөрчилдөг. Тийм болохоор яг ч сонгодог утгаараа импровизац хийдэггүй боловч зураг авалтын үеэр гэнэт гарч болох өөрчлөлтөд бэлэн байхыг хичээдэг. 
 
Та өөрөө киноны гол баатрын дүрийг бүтээсэн. “Хөрөнгөтөн ангийн нохойн өчил” бүтээл тань өөртөө буюу өнөө үеийнхэнд тавьж байгаа шүүмж үү?

 
Өөрийгөө хувь хүний төдийгүй нийгмийн ангийн төлөөллийн хувьд шүүмжилсэн бүтээл гэж хэлж болно. Оюун бодол болоод хийж буй үйлдэл маань хэдий хоцрогдсон гэгдэх ч хэрэглэгдсээр байгаа марксизмын томъёоллын дагуу ангийн сонирхлоос ямар хамааралтай байна вэ? Өөрөөр хэлбэл, оюун ухаандаа нэгийг тунгаан цагаа нөгцөөх би, хаа нэгтээ хэн нэгний хөдөлмөрийн мөлжлөгөөр бүтсэн кофе эсвэл гадил жимснээс зооглон, Марксын бүтээлийг унших эрч хүч хүртэн байгаагаа зүй ёсны асуудал гэж үзэж байна уу? Бас кино үзвэрийн дараа театрын ариун цэврийн өрөөг цэвэрлэх хүмүүс? Би энэ бүхэн яг энэ чигээрээ үлдээсэй гэж битүүхэндээ хүсэж байна уу? Зөвхөн өөрийнхөө тав тухыг эрхэмлэх энэ аминч үзлийн эсрэг кино маань чиглэгдсэн. 

Та “Хөрөнгөтөн ангийн нохойн өчил” киногоо Алтан Хальс Индепендент Кино Наадмаар анх удаагаа монгол үзэгчдэд толилуулсан билээ. Үзэгчид киног хэрхэн хүлээж авсан бэ?

Монгол үзэгчид киног маань яаж хүлээж авах бол хэмээн их догдолж байлаа. Харин хүмүүс киног үзээд бүр инээж байсанд санаа амрах шиг болсон шүү! Монгол орны өнгөрсөн түүхийн нэг хэсэг социализм байсан учраас үзэгчид киноны үйл явдлыг сайн ойлгосон байх гэсэн бодол төрсөн. Берлиний хипстерчүүдийг ёгтлон харуулсан хэсгүүдийг эерэгээр хүлээж авсан нь намайг бас гайхшруулсан.

Үзэгчид болон кино уран бүтээлчидтэй санал бодлоо солилцоход ямар байсан бэ?

Залуус зөвхөн өөрийн орны болон Азийн уламжлалт кино бус харин Европын кино урлагийг шимтэн сонирхож, энэ салбарын өргөн хүрээний ойлголттой байгаа нь сайшаалтай. Ерөнхийдөө уулзалтаас харахад энэ салбарт ижил төстэй хүчин зүйлс тун их байна. Үнэхээр үр өгөөжтэй сайхан уулзалт боллоо.

Кино үзвэрээс гадна таны мастер класс зохион байгуулагдсан. Мастер классын голлох сэдэв юу байсан бэ?

Ихэнх залуу уран бүтээлчид киногоо бүтээх санхүүжилт олж чаддаггүй. Гэвч хүсэл тэмүүллээ даган энэ урлагт хэрхэн үлдэж, хөгжих тухай асуудлыг хөндөж ярилаа. Ер нь Монголын кино урлагийг эдийн засгийн өнцгөөс харвал Германаас илүү хүнд байгаа санагдлаа.

Улаанбаатар хотын юу нь таны сэтгэлийг хамгийн их татсан бэ?

Би энд байх хугацаандаа боломжтой бүхнийг л олж харахыг хичээсэн. Харин одоо тэр бүгдийг “боловсруулах” л хэрэгтэй байна даа. Гэвч нэг зүйлийг л хэлж чадах байна. Улаанбаатар хот үнэхээр сэтгэл догдлуулам олон өнгө аястай юм. Энд зэрэгцэн орших хуучны сүм, гэр, Зөвлөлтийн үеийн барилга байгууламж, орчин үеийн өндөр барилгууд гээд л бүх зүйлс нэгдэн сонирхолтой дүр төрхийг бий болгожээ.

Ярилцлага өгсөнд баярлалаа!

Ярилцлага авсан: Бен Рангник, Михаэль Хайнст