Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Их сургуульдаа амжилттай суралцах нь
"Би цагийг нь тулгаж байгаад ажиллаж өгдөг дөө“

Их сургуульдаа амжилттай суралцах нь, София
Их сургуульдаа амжилттай суралцах нь, София | Гэрэл зураг (Хэсэгчилсэн): Unsplash © Hitoshi Suzuki / Lukas Mair

София, 23 настай, Мюнхен хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд герман судлалаар суралцсан бөгөөд урлаг, хөгжим, театрын чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн. Манай “Их сургуульдаа амжилттай суралцах нь” буланд тэрээр энэ мэргэжлийн тухай ямар хэвшмэл ойлголт байдаг болон түүний аль нь үнэн байдаг тухай хуваалцлаа.

Чиний суралцаж буй мэргэжлийн тухай ямар хэвшмэл ойлголт байдаг вэ? Тэдгээрийн чухам аль нь үнэн бэ?

Ямартай ч биднийг бүгдээрээ номын хорхойтнууд гэдэг нь үнэн. Юм уншдаггүй хүн герман судлалаар суралцана гэж байхгүй.

Бас нэг хэвшмэл ойлголт нь: герман судлаачид бүгд таксины жолооч болдог гэх. Аз болоход өдий хүртэл хийж байсан дадлагын ажил болон цагийн ажлын ачаар бүхнийг болгосон. Хийх ажил ч энд мундахгүй. Мюнхен хот болохоор тэр байх л даа. Ер нь хүмүүнлэгийн ухааны чиглэлийнхэнд хийх ажил энд их олддог. Аливаа юмыг хойш тавих, товлосон хугацаанд амжих гэж стресстэх гээд л хэвшмэл ойлголт бас бий! Би харьцангуй сахилга баттай боловч даалгавраа хураалгахаас өмнөх хэдэн өдөр заримдаа бүр шөнөөр ч ажилладаг.
 
Жирийн нэг өдөр чиний хувьд яаж өнгөрдөг вэ?


Би семинар болон лекцийн хичээлээ өглөө эрт найм эсвэл арван цагт эхлэхээр сонгосон. Орноосоо босоод, өдрөө сайхан эхлүүлэх гэж тэр. Лекц эсвэл семинар хэр удаан үргэлжлэхээс шалтгаалаад би үд дунд хүртэл сургууль дээрээ байдаг. Үдээс хойш хичээлээ уншиж, дараагийн хичээлээ давтах буюу урьдчилж бэлддэг. Би өдөр бүр хичээлтэй байдаггүй. Долоо хоногийн дор хаяж нэг өдөр цагийн ажил хийдэг.

Ямар өдөр гэдгээс шалтгаалж оройдоо найзуудтайгаа уулзан хөгжилдөх юм уу эсвэл оюутны дотуур байранд байдаг “баар” ордог. Тэнд Пүрэв гараг бүр үдэшлэг зохиогддог юм л даа. Амралтын өдрүүдээр би гэр лүүгээ харьж гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө уулздаг. Би Өмнөд Тиролынх (орч. Италийн хойд хэсэг) болохоор эндээс тийм ч хол биш.
 
Болдогсон бол юунаас татгалзах байсан бэ?


Яг үнэнээ хэлчих үү? Ганц хоёр онолын нүсэр лекцүүдийг л. Би юунд их баяртай байсан бэ гэвэл танилцуулах семестерт хэл шинжлэл сонгож үзээд дараа нь цуцлах боломжтой байсанд. Юманд маш нарийн нямбай, задлан шинжилгээний аргаар хандах нь надад лав тохирохгүй юм билээ. Харин үүний оронд дундад зууны үеийн судлал болон орчин цагийн германы утга зохиол илүү дээр. Энэ хичээлүүд задлан шинжлэх чадварыг шаарддаг ч хүн илүү бүтээлчээр ажиллаж болдог.

Оюутан ахуйн үеийнхээ ямар өдрийг хэзээ ч мартахгүй вэ?

Хамгийн эхний шалгалтаа би хэзээ ч мартахгүй. Тэр шалгалтыг Бямба гарагт асар том лекцийн танхимд авч байсан бөгөөд хүн бүрийн сэтгэл догдолж билээ. Дунд сургуульд байх үеэс нэлээн ялгаатай. Хагас жил үзсэн зүйлээ бичгээр шалгуулна гэсэн үг. Бас хамгийн анхны бие даалтаа профессор багшдаа хураалгаад “За одоо даалгавраа хураалгачихсан юм чинь юуг ч өөрчилнө гэж байхгүй.” гэж сэтгэл түгшиж байлаа.

Хэрвээ чи дахин эхнээс нь сурч болдогсон бол юуг арай өөрөөр хийх байсан бэ?

Би өөрийгөө арай бага шахах байсан. Магадгүй бага зэрэг чөлөөтэй байж бүгдийг нарийн төлөвлөгөөний дагуу хийхгүй байх байсан. Аливаа нэг сэдвийн дагуу тийм их юм мэдэхгүй ч зүгээр семинартаа суух: Зөвхөн Кафка, Эффи Брист, Гёте гэлгүйгээр Целан, Ласкер-Шюлер нарын яруу найрагтай танилцах байсан даа.
 
Чамд юу үргэлж эргэлзээ төрүүлдэг байсан бэ?


Би тийм ч галзуу биш нь тодорхой байсан учраас театр судлал надад тохирохгүй юм байна гэдгийг мэдсэн. Аз болоход урлаг, хөгжим, театр гэсэн сонгосон хичээлүүд өргөн хүрээг хамарсан. Хэрэв тэгээгүй бол ч миний хэрээс хэтрэх байлаа.

Театр судлал надад тохирохгүй гэдгийг мэдэж авсан. Би тийм ч галзуу биш юм байна лээ.

Ингэснээр урлагийн түүх, хөгжим судлалаа түлхүү үзэж театрыг ардаа орхих боломжтой болсон. Урьд нь ер бодож төлөвлөж байгаагүй мэргэжлийн чиглэл гайхшруулах шиг болсон. Жишээ нь надад урлагийн сурган хүмүүжүүлэх чиглэл дэх хандлага маш сонирхолтой санагдсан.
 
Чамайг юу “авардаг” байсан бэ?
 
Нөгөө л шоколад гэсэн сонгодог арга. Бас ширээнээсээ нэг хөндийрөөд музей үзэх, урлагтай ойр байж шинэ санаа сэдэл авах гэх мэт. Бас хамт суралцаж буй найз нөхөдтэйгөө юун дээр ажиллаж байгаа тухайгаа ярилцан, санал бодлоо хуваалцах тус болж байв.
 
Сарын сүүлчээр юу идэж байсан бэ, хэзээ хэмнэх ёстой болж байв?
 

Оюутнууд сарын сүүл болоход зөвхөн гоймон иддэг гэж ярьдаг даа. Би гоймонд дуртай болохоор долоо хоногийн таван өдөр ч гоймонгоор хооллож чадах тул энэ миний хувьд асуудалгүй байсан. Гэр бүлийнхэн маань санхүүгийн хувьд тусалж би бас өөрөө цагийн ажил хийдэг байсан тул мөнгөний төлөө санаа зовдоггүй байсан.

Гэр бүлээрээ уулзаж баяр тэмдэглэхэд ямар асуулт чамаас байнга асуудаг байв?

Би эхлээд юу сурч байгаагаа байнга тайлбарлах хэрэгтэй болдог байв. Мөн мэдээж унших ёстой их даалгаврууд. Мэдээж бид зөвхөн уран зохиолын бүтээл туурвил бус мөн судалгааны зохиол, онолын текст уншдаг.
 
Төгсөөд юу хийх гэж байна даа гэдэг асуултын хариуг аз болоход олсон шүү. Би соёл урлагийн салбарын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах чиглэлээр ажиллах хүсэлтэй байна.

Хэрвээ сургууль дээр биш бол чамайг хаанаас олох боломжтой вэ?
 
Урлаг судлалын оюутан байх хугацаанд би Мюнхений бараг бүх музейгээр үнэгүй зочлох боломжтой байсан. Түүнийгээ ч мэдээж бүрэн ашигласан. Үгүй бол дуурь, театрын жүжиг үзэж, цаг агаар сайхан үед Англи цэцэрлэгт хүрээлэн эсвэл Исар голын эргээр зугаалах дуртай.

Сайн дүн авахын тулд юуг золиослох хэрэгтэй болж байв?
 

Нэг даалгавар хийхдээ нэлээн их хэмжээтэй зураг хавсаргасан нь хамаг форматыг дээр доор оруулж билээ. Тэр үед би дахин шөнөөр ажиллаж бүгдийг нь засах хэрэгтэй болсон. Ингэж байж нэг санаа амар бие даалтаа хураалгасан юм даа.
 
Их сургуульд суралцана гэдэг насан туршдаа суралцах гэсэн үг. Чи сонгосон мэргэжлээсээ цаашид юуг олж авсан бэ?


Ямар ч байсан тууштай занг. Суралцах үед хэн ч чамайг шахаж шаардахгүй. Учир нь чи бие даалтаа хураалгана уу үгүй юу гэдэг профессор багш нарт чинь огтхон ч хамаагүй.
 

 “их сургуульдаа Амжилттай суралцах арга”

Германы хаана сайн суралцах боломжтой вэ? Оюутан хүн яавал аятай амьдрах вэ? Мэргэжлийн салбарынхны хамгийн анхны үдэшлэгийг яаж амжилттай давж гэр бүлийн баярын үед тавих асуултад хэрхэн хариулах вэ?

Германы их сургуулиудад янз бүрийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн туршлага болоод өдөр тутам болдог зүйлс болон юу заримдаа эргэлзээ төрүүлдэг талаар хуваалцаж байна.