Гёте медаль 2019
Доган Акханлы, Ширин Нешат болон Р. Энхбат энэ жилийн Гёте медалийн эзэд боллоо

Роозонгийн Энхбат
Гэрэл зураг: © Монсудар хэвлэлийн газар

2019 оны Гёте медалийн эздээр герман-турк зохиолч Доган Акханлы, Иранд төрж өсөн эдүгээ АНУ-д ажиллаж буй уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат болон Монголын хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал, улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбат тодорлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны энэхүү одон медалийг Гёте-Институт олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр олгодог. Тус одон медалийг Гёте-Институтийн ерөнхийлөгч ноён Клаус-Дийтер Леман 2019 оны 8-р сарын 28-ны өдөр буюу Йоханн Вольфганг фон Гётегийн мэндэлсэн өдөр Ваймер хотноо гардуулан өгөх болно. Энэ жилийн шагналтнуудыг “Утга зохиол болоод чин үнэн” сэдвийн хүрээнд шалгаруулжээ.
 
Гёте-Институтийн ерөнхийлөгч ноён Клаус Дийтер Леман энэ жилийн одон медаль хүртэгчдийг нийтэд танилцуулахдаа: “Доган Акханлы, Ширин Нешат, Роозонгийн Энхбат нарын гурван алдартанд нийгмийн бодит байдалд шүүмжлэлтэй хандаж “Утга зохиол болоод чин үнэн” гэсэн харилцан хамаарал дор олон улсын тавцанд уран бүтээлээ туурвин идэвхтэй ажиллаж буйд энэхүү шагналыг олгож байна. Энэ жилийн шагналтнуудыг тодруулахад аливаа хялбаршлын эсрэг дүйх үнэн зөв байдал, нарийвчлан судлах болон нягт сэтгэхэд тууштай байх явдлыг шалгуур болгосон. Гёте медалийг 2019 онд хүртэж буй эдгээр хүмүүс соёлын олон янз байдлыг харилцан ойлголцох үүрэг хариуцлагаа ухамсарласны онцгой нэгэн жишээ болж байна. Тэд ялгаварлан гадуурхах үзэл болон хүчирхийллийн эсрэг тэмцэж, боловсрол, соёл урлагийн хүч бололцоог дээшлүүлэхээр хил хязгаарыг дамнан хувь нэмрээ оруулж байна.” хэмээжээ.

 
Шагнал гардуулах үндэслэл
 
Доган Акханлы
нь туурвисан роман, эссе, театрын жүжгүүд болон улс төрийн оролцоогоороо улс орнуудын харилцан ойлголцол, ялангуяа армени, турк, курд угсаатнуудын хоорондох найрсаг харилцаанд олон жилийн турш хүчин зүтгэж байна. “Тэгш эрхийн тухай асуудалд дуугүй байдаггүй нэр алдартнууд байдаг” хэмээн Гёте медаль олгох шалгалтын комисс дурдаад “Тэдгээр хүмүүсийн нэг нь герман-турк гаралтай зохиолч Доган Акханлы юм. Тэрбээр өнгөрснийг эргэн санах соёл болоод соёл хоорондын харилцаанд хялбар арга замыг эрэлхийлэлгүй хүчин зүтгэсэн. Түүний утга зохиол нь үнэн бодит зүйл бөгөөд, гашуун үнэн түүхийг роман, театрын жүжиг, эссендээ учгаар холбон улс түмний харилцан ойлголцолд хувь нэмрээ оруулдаг. Ширин Нешат өөрийн уран бүтээл болох кино, видео, гэрэл зургаараа улс төр болоод яруу найргийг тун чадмагаар холбодог. “Түүний өрнүүлж буй тэмцэл нь ертөнц хоорондын тэмцэл юм” хэмээн шүүгч нар онцолжээ. “Түүний уран бүтээл нь лалын шашинт орнуудын эмэгтэйчүүдийн нөхцөл байдал төдийгүй исламын нэг талыг баримталсан үзэл баримтлалын эсрэг чиглэгддэг. Ийнхүү тэрээр барууны болон дорнын соёлын уламжлал хоорондох маргаантай асуудалд бүтээлч байдлаар ханддаг.” “Роозонгийн Энхбатыг Монголын иргэний нийгэм нээлттэй, шүүмжлэлтэй, хариуцлагатай байхын төлөө учирч болох хохирлыг үл харгалзан тууштай зүтгэгчдийн нэгт тооцдог. Тэрээр сэтгүүлзүй болон хэвлэн нийтлэх ажлынхаа хүрээнд Монголын нийгэмд өрнөж буй гашуун үнэнийг олж тогтоох, тэр дундаа боловсролын тогтолцоог сайжруулахын төлөө ажилладаг. Түүний энэхүү хичээл зүтгэл нь үнэн зөв байдал, нарийвчлан судлах ба нягтлан тунгаах нэгэн жишээ болжээ.” хэмээн шагналд тодорхойлсон байна.

Goethe-Institut e. V., 2019
Роозонгийн Энхбат
 

Роозонгийн Энхбат 1958 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал, улс төрийн нийтлэлч юм. Тэрээр Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйгээр суралцаж төгссөнийхөө дараа зурагчин болон МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ. Адмон хэвлэх үйлдвэрийг тэрээр 1996 онд эрхлэх болж улмаар 2000 онд Монсудар хэвлэлийн газрыг үндэслэсэн нь дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэргүүдээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ. 2005 оноос Монгол улсад хамгийн томд тооцогдох Интерном номын сүлжээ дэлгүүрийг байгуулсан. Удаа дараагийн нийтлэл болон ярилцлагууд, олон нийтэд зориулсан арга хэмжээгээр Р. Энхбат Монголын боловсролын тогтолцооны шинэчлэл болон улс төрийн намын эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүчин зүтгэн ажилладаг. Учир нь тус улсад өнөө хэр нь хараат бус, олон талт хэвлэл мэдээлэл болон олон нийтийн шүүмжлэлтэй байдал бий болж чадаагүй. Энэхүү стандартыг бэхжүүлэх нь түүний гол зорилго юм. Монголын нийгмийн хөгжил дэвшил соёл гэгээрлийн дүнд, тэр дундаа иргэн бүрийн бие даасан, хариуцлагатай байдлын үндсэн дээр хэрэгжинэ гэдэгт тэрээр итгэдэг. Тэрээр боловсролын бодлогын хамгийн чухал даалгавар бол үүнийг хөхиүлэн дэмжих хэмээн үздэг ба энэ салбарт олон жилийн турш хувь хүний болон хэвлэн нийтлэгчийн үүднээс хувь нэмрээ оруулж байна. Р. Энхбат 2009 онд "Боловсролын давлагаа" хэмээх ТББ байгуулсан бөгөөд 2017 оноос хойш Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх боловсролын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Гёте медалийн тухайд

Гёте медалийг анх 1954 онд Гёте-Институтийн удирдах зөвлөлийн санаачлагаар олгож эхэлсэн бөгөөд 1978 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны одон медаль хэмээн тооцогдох болжээ. Тус шагналыг олгох ёслолын ажиллагаа 8-р сарын 28-ны өдөр их зохиолч Гётегийн мэндэлсэн өдөр Ваймар хотноо болдог.  Ваймар хотын урлагийн наадамтай хамтран Гёте-Институт дагалдах хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулдаг.
 
Тус шагналыг олгож эхэлсэн 1955 оноос хойш нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авснаас дурдвал Даниэль Баренбойм, Пьер Бурдьё, Дейвид Корнуэлл буюу Жон ле Карре, Сэр Эрнст Гомбрих, Ларс Густафссон, Агнеш Хеллер, Петрос Маркарис, Сэр Карл Раймунд Поппер, Хорхе Семпрун, Роберт Уилсон, Нил Макгрегор, Хелен Вольф, Юрий Андрухович, Ирина Лазаревна Щербакова зэрэг алдартнууд болно.
 

Гёте медалийн тухай болон өнөөг хүртэл шагнал хүртэгсдийн тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: www.goethe.de/goethe-medaille