Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Урланд зочлохуй. Монгол уран бүтээлчдийн хөрөг
Кино урлагт тэмүүлэх сэтгэл: Кино театрын танхимд Ш. Ихбаяртай ярилцсан нь

Хөрөг Ш. Ихбаяр
© Монгол дахь Гёте-Институт/А.Шнорбуш

Урчууд овогт Ш. Ихбаяр 1988 онд Хөвсгөл аймагт төрсөн, кино найруулагч, медиа уран бүтээлч, “Алтан Өргөө” олон улсын кино наадмын зохион байгуулагч бас Монголын кино институтийг үндэслэн байгуулагч. Тэрээр Уран хас (The Will to Art) баримтат киногоороо 2015 онд Марселийн баримтат кино наадам, Сингапурын олон улсын кино наадамд уригдан оролцож, Берлиний кино наадмын Талентс хэсэгт 2015, 2020 онуудад сонгогдож байсан билээ. Бид нэг жилийн өмнө түймэрт өртөөд, одоо хэр эргэж нээгдээгүй байгаа нэгэн кино театрт уулзахаар болзсон юм.
 

Von Александр Шнорбуш

Шинэхэн будаг бас шинэ хивсний үнэр ханхална. Би үүдний танхимд буй ар араасаа залгаастай олон уртасгагчийг даган явсаар мужаан, урчуудын ажлын ширээ бүхий танхим руу орж очив. Уух зүйл тавих тавиур бүхий гарын түшлэгүүд хэдийнээ бэлэн болсон авч аливаа кино театрын хамгийн чухал зүйл болох зотон даавуун дэлгэц болон тав тухтай зөөлөн сандлууд дутуу ажээ.

iCinema кино театр байрладаг Улсын их дэлгүүрийн дээд давхруудад гал гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Уг түймрийн хар утаа нийслэл хотын хаанаас ч харагдахаар бүрхсэн. Телевизийн хэд хэдэн суваг газар дээрээс нь шуурхай дамжуулж, хэдэн цагийн турш энэ үйл явдал Монголын сошиал медиа сувгуудын цор ганц сэдэв болж байсан билээ.

Кино театрыг дахиж нээх хугацааг хараахан тодорхой товлоогүй байгаа аж. Ш.Ихбаяр харин энэхүү кино театрын эзэнтэй танил юм санж. Чухам тийм учраас л энд уулзах боломж бидэнд олдсон юм. Дуу чимээнээс тусгаарлагдсан үзвэрийн танхимд нам гүм. Барилга доторх олон дэлгүүрийн дуу чимээ огт үл сонсогдоно. Ихбаяр анхаарлаа төвлөрүүлж, намуухан дуугаар ярих ажээ. Бид шатан дээр сууцгаалаа.


Ш. Ихбаяр кино театрын танхимд Ш. Ихбаяр кино театрын танхимд | © Монгол дахь Гёте-Институт/А.Шнорбуш

Алтан өргөө олон улсын кино наадам

АШ: iCinema бол Улаанбаатар хотынхны хамгийн дуртай кино театруудын нэг байсан. Алтан Өргөө кино наадам ч бас 2019 оныг хүртэл энд болдог байлаа. Түймэр гарсан тэр өдрийг чи санаж байна уу?

ШИ: Би бүр өдөр сартай нь тодхон санадаг юм: 2020 оны 6 дугаар сарын 7. Цар тахлаас болоод бид кино наадмаа анх удаа онлайнаар зохион байгуулсан. Бид наадмын шагнал гардуулах ёслолоо live-р дөнгөж дуусгаад байж байтал түймрийн тухай сонссон. Үнэхээр шоконд орсон шүү. Хэрвээ кино наадам маань хуучнаараа хэвийн явагдаж байсан бол бүгдээрээ шатаж ч мэдэх байжээ гэж бодогдсон.
 
АШ: Чи бол кино найруулагч бас медиа уран бүтээлч. Түүнээс гадна кино наадам зохион байгуулах болсоор олон жил болжээ. Энэ ажил чамд яагаад ийм чухал гэж?

ШИ: Би анхны кино наадмаа 2013 онд зохион байгуулж байлаа. Тухайн үед би хэд хэдэн богино эксперименталь кино найруулчхаад, хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийн эрэлд гарсан юм. Гэтэл медиа уран бүтээл хийдэг хэдэн хүнээс өөр хэн ч байгаагүй. Тэгээд л наадам зохион байгуулах санаа төрсөн.

АШ: Энэ санаа биеллээ олж удалгүй улам өргөжсөн. Сүүлийн хэдэн жилийн дотор Фатих Акин, Ван Чюанань болон нэр хүндтэй олон найруулагч урилгаар ирж оролцсон. Гэхдээ чиний идэвх санаачилга зөвхөн кино наадам зохион байгуулах төдийгөөр зогсоогүй. 2009 онд чи Алтан Хальс холбоог, 2019 онд Монголын кино институтийг үндэслэн байгуулалцсан шүү дээ.

ШИ: Энд ч бас кино сонирхдог хүмүүсийг холбох, нэгтгэх санаа маань явж байгаа юм. Бидний зорьж буй гол зүйл бол Монголд кино урлагийн чиглэлээр сурч боловсрох нөхцөл боломжийг сайжруулах, монголын кино сонирхогчид санал бодлоо солилцох орон зай бий болгох явдал.
 

Алтан Өргөө олон улсын кино наадмын нээлт (2019) Алтан Өргөө олон улсын кино наадмын нээлт (2019) | © Mongolian Film Institute уран хас: УРЛАГТ ТЭМҮҮЛЭХ СЭТГЭЛ

АШ: Чи өөрөө киноны мэргэжлээр огт суралцаж байгаагүй ч 2006 онд 18 настайдаа анхны богино хэмжээний киногоо хийсэн шүү дээ. Хэрхэн кино найруулагч болсон замналаасаа хуваалцаач.

ШИ: Би Хөвсгөл аймагт төрсөн ч Улаанбаатараас зүүн тийшээ 100 километр зайтай орших Багануур дүүрэгт өссөн. Тэр үед манайд видео тоглуулагч, DVD тоглуулагч байгаагүй ч Бямба гарагийн үдэш бүр үндэсний телевизээр “Дэлхийн шилдэг кино” нэртэй хөтөлбөр гардаг байлаа. Тэндээс л би артхаус кинонуудтай анх танилцаж, холливуудын классик бүтээлүүдийг үзсэн дээ. Киноны чиглэлээр суралцдаг юм бил үү хэмээн бодож үзсэн ч Монгол дахь киноны мэргэжлийн сургуулиуд сонирхлыг минь татаагүй. Ингээд л оронд нь өөр нэг сонирхлоо дагаж, МУИС-ийн биологийн факультетад элсэж орсон. Генетикийн инженер мэргэшлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ч санаанд нийцэх ажил олдоогүй. Ингээд л телевизийн салбар луу орж, хажуугаар нь чөлөөт уран бүтээлч, кино найруулагчаар ажиллаж эхэлсэн дээ.

АШ: Чиний анхны баримтат кино болох Уран хас 2014 онд анх нээлтээ хиймэгцээ хэд хэдэн олон улсын кино наадамд уригдаж оролцсон. Энэ кинонд гурван зураач гэр бүлийн өдөр тутмын амьдралыг зураглан харуулсан. Энэ киног хийх санаа анх яаж төрсөн бэ?

ШИ: Эхнэр бид хоёр бас л уран бүтээлч гэр бүл. 2013 онд анхны хүүхэд маань төрсөн. Тэгээд л бүтээл туурвих хийгээд гэр бүлийн амьдрал хоёр өөр зуураа хэрхэн зохицож, өөр хоорондоо хэрхэн холбогдож байгаа тухай асуудлыг авч үзмээр санагдсан. Түүнээс гадна ер нь уран бүтээл хэрхэн бүрэлдэж бүтдэг тухай асуудал ч сонирхлыг минь татаж байсан л даа.

АШ: Энэ киноны эхэнд Жиль Делёз, Феликс Гваттари нарын нэгэн эшлэл гардаг. Түүнчлэн киноныхоо гурван бүлгийг мөн энэ хоёр франц философичийн концепт санаагаар нэрлэсэн. Кино найруулагчийн хувьд ер нь чи онолыг хэр чухалчилдаг вэ?

ШИ: Тэр үед би Мянган өндөрлөг зохиолыг яагаад ч юм бэ франц хэлээр уншиж байсан юм. Ямартаа ч энэ ном намайг хөглөсөн, гэхдээ түүнээс илүүтэй миний судалгаа ажлын эхлэл цэг болсон гэх үү дээ. Гол ажил гэвэл Делёз, Гваттари нарын хөгжүүлсэн Kunstwollen буюу The Will to Art хэмээх ойлголтыг киноны хэлээр илэрхийлэх, өөрийнхөөрөө ойлгож авах, өөрийн гэсэн дүгнэлтэд хүрэх явдал байсан.

АШ: Уран хас кинонд гэр бүлийн амьдралын нарийн нандин зүйлсийг харуулсан хэсгүүд гардаг. Киноныхоо баатруудыг олох хэцүү байв уу? Кино зураг авахад ямархуу байсан бэ?

ШИ: Би тухайн үед өсөх ирээдүйтэй залуу зураачдыг эрж хайж, сонгосон. Заримыг нь өмнө таньдаг байсан. Кино маань ажиглалтын хэв маягт баримтат кино учраас бид тухайн гэр бүлийнхний итгэлийг олж, өөрсдөдөө дасгах хамгаас чухал байсан. Цаг хугацаа өгөх хэрэгтэй болсон хэрэг.

ЦӨӨРӨМ

АШ: Одоогоор чи саяхан наймдугаар сард Локарногийн кино наадмын Open Doors хэсэгт танилцуулсан Цөөрөм нэртэй анхны уран сайхны киноныхоо зохиол дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ кинонд юун тухай өгүүлэх вэ?

ШИ: Энэ кинонд гэр бүлийн хос, тэдний арван таван настай хүүгийн тухай өгүүлнэ. Жаахан охин нь золгүй тохиолдлоор амь эрсэдсэнээр энэ гэр бүлийн амьдрал нуран унаж, улмаар хүү нь амиа хорлох оролдлого хийдэг. Гуниг харуусал, төөрөлдсөн найдвар, гэм буруугийн мэдрэмжийн тухай өгүүлнэ. Сонирхлыг минь гойд их татсан нэг өнцөг гэвэл хоёр эрэгтэй гол дүрээр илтгэн харуулсан монголын олон залуу хөвгүүд, эрчүүдийн амьдралын нөхцөл, аж байдал.

АШ: Тодруулж хэлбэл?

ШИ: Энэ бол соёлын асуудал. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхдээ хөвгүүдийн сэтгэлзүйд охидынхоосоо хавьгүй бага анхаардаг. Үүний харгайгаар тэд өнөөгийн нийгэмд хөлөө алдаж, бэрхшээл зовлонгоо архиар тайлах нь бий. Амиа хорлолт, архи өнөөдөр монгол эрчүүдийн нас барж буй хамгийн гол шалтгаануудын нэг болчхоод байна.

АШ: Уран хас киноны санаа амьдралын тодорхой, бодитой нөхцөл байдлаас төрсөн. Харин энэ удаагийн шинэ бүтээлд чиний үзэж туулсан ямар дурсамж шингэсэн бол?

ШИ: Хүүхэд ахуй насныхаа багагүй хэсгийг би хөдөө өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн. Тийм болохоор эмээгээ нас барахад би хоёр жил хэртэй асар их шаналж гунигласан. Би өсвөр насны хүүхэд байсан ч зовлон минь тэглээ гээд хөнгөн байгаагүй. Одоо харин эхнэр бид хоёр өөрсдөө үр хүүхдүүдтэй болсон. Тэднийхээ аюулгүй байдлын төлөө би байнга санаа зовдог. Энэ бүхэн л шинэ кинонд минь шингэсэн дээ.

АШ: Ярилцсанд баярлалаа.

Цөөрөм Цөөрөм | © No Wonder Films
Урланд зочлохуй: Монгол уран бүтээлчдийн хөрөг

Монголын орчин үеийн урлагийн ертөнц олон өнгө төрхтэй, эрч хүчтэй өрнөж байна. Уран зураг, электрон хөгжим, бүжиг, кино, уран зохиол, медиа урлагийн талбарт монгол уран бүтээлчид илэрхийллийн шинэ арга хэлбэр, дэлхий ертөнц дэх өөр өөрийн арга замыг хайж эрэлхийлж бас олсоор явна. Монсудар хэвлэлийн газартай хамтран хоёр ч цуврал бүтээл эрхлэн гаргаад буй зохиогч Александр Шнорбуш уран бүтээлчидтэй ажлын орчинд нь уулзаж ярилцан, уншигч та бүхэнд танилцуулж байна.