Урланд зочлохуй. Монгол уран бүтээлчдийн хөрөг
Дотоод ба гадаад ертөнц: Медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ

Б. Бат-Эрдэнэ 1983 онд Улаанбаатар хотноо төрсөн, медиа уран бүтээлч бөгөөд уран бүтээлчдийн HUMAN NATURE LOVE FREEDOM бүлгэмийн гишүүн. Түүний бүтээлүүд Норвеги, Нидерланд, Өмнөд Солонгос, АНУ зэрэг оронд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд хамгийн сүүлд тэр бээр Гёте-Институтээс зохион байгуулсан “Hybrid By Nature: Human. Machine. Interaction.“ онлайн үзэсгэлэнд видео ажлаараа оролцжээ. Түүний урланд бид цаг товлон уулзсан юм.
Von Александр Шнорбуш
Улаанбаатарын өмнөд хэсэгт орших Олимп Плаза барилгын 7 дугаар давхарт байх урлангийн хаалгыг татан орох нь ээ Бат-Эрдэнэ шал арчиж байв. Нойтон алчуурын гялайсан мөр урлангийн үүдний хэсгээс эхлэн коридороор зам татуулсаар том өрөө рүү зүглэжээ. Бат-Эрдэнэ энд өөрийн найз, уран бүтээлийн хамтрагч Дорждэрэмтэй ажилладаг бөгөөд энэ урландаа ирээгүй нэлээн удсан гэж тайлбарлан уучлал хүсэв. Тэрбээр шинэ бүтээлдээ хэрэглэж буй 3D хэвлэгч машин бүхий бас нэг урлантай юм санж.
Өрөөний голд хуучин модон бандан, кофены жижиг ширээ, ширээн дээр өнгө алагласан шилэн лааны тавиур, гурван цэвэр ус тавиастай. Өдрийн нарны туяа хойд, өмнөд бас зүүн зүгээс тусах тул өрөө тун ч гэрэлтэй саруулхан ажээ. Багашаархан тавиур дээрх жижиг сийлбэрүүдийг (шатрын дүрс) Бат-Эрдэнэ хааяа уйдахаараа хийдэг ажил маань гэж тайлбарлав. Сийлбэрүүдийн хажууд Дорждэрэмийн урласан, хинди бурхдыг санагдуулам хэв маягтай Жак Магийн толгойг дүрсэлсэн жижиг шавар баримал тавиастай. Дууссан дуусаагүй олон бүтээл урлангийн шал, ханаар дүүрэн агаад эвхдэг төмөр шат, том өсгөгч, төгөлдөр хуур бас цахилгаан хөрөө сэлт харагдана.
Цонх
АШ: Зургаадугаар сард Улаанбаатар хотноо Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам болж өнгөрлөө. 2014 онд, энэ наадам эксперименталь богино хэмжээний кино наадам гэж зохиогддог байх үед чи “Цонх” бүтээлээрээ гол шагналыг хүртэж байсан. Тэндээс чиний уран бүтээлчийн гараа эхэлсэн байх аа?ББ: Тэгж хэлэхэд болно. Би 2007 оныг хүртэл Соёл Урлагийн Их Сургуулийн монгол зургийн ангид сурсан юм, гэхдээ төгсөөгүй л дээ. Элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй ч оноо минь өндөр байсан учир хүлээлгийн жагсаалтад багтаж, улмаар монгол зургийн ангид санаандгүй шахам орчихсон юм л даа. Эхэн үедээ ангийнхантайгаа харьцуулаад өөрийгөө чамладаг байлаа. Ихэнх нь хэдийнээ өөрийн гэсэн уран бүтээлчийн дотоод ертөнцтэй болчихсон байхад харин би олоогүй л байдаг. Дотоод ертөнцөө олохын тулд надад дахиад ч багагүй цаг хугацаа шаардагдсан шүү.
АШ: Их сургуульд сурсныхаа дараа чи нэгэн студид тайз засалч, зураглаачаар ажилласан шүү дээ. Эргээд урлаг руу оръё гэж хэзээ шийдсэн бэ?
ББ: Зураглаач байхдаа би "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн арын албанд ажилласан юм. Оролцогчид маань голдуу ахмад хүмүүс. Хэдий алдар нэрд хүрч, олны хүндлэл хүлээж чадсан ч гэлээ өнгөрсөн амьдралаа дурсахдаа ихэнх нь сэтгэл дундуур, гомдол тээсэн өнгө аястай байсан. Тэгээд л би “Чи үүнийг давтаж болохгүй. Чи өөрийн гэсэн зүйлээ хийх ёстой.” гэж бодсон юм.
АШ: "Цонх" бүтээлийг чинь анх харахад өөр хоорондоо холбоогүй дүрс бичлэгүүдийн эвлүүлэг ч юм шиг: Элсэн дээрх нүцгэн хөл, идээшилж байгаа мал сүрэг, тэнгэрийн хаяагаар нүүх үүлс. Тэдгээр дүрсний дундуур магадгүй энэ дүрсүүдийг харж буй хүн ч байж мэдэх, цонхоор харж буй эрэгтэйг үе үе харуулна. Эцэстээ харин цонхыг монгол гэрийн тоонотой сөргүүлж харуулсан гэнэтийн гайхам дүрслэлээр өндөрлөдөг.
ББ: Бүтээлээ хийхдээ би ямар нэгэн утга учир хайдаггүй. Тэр үед бол би зүгээр л аливаа юмсыг янз бүрийн өнцгөөс бичиж авах дуртай байлаа. Цухасхан орж ирсэн аливаа мэдрэмжүүдэд утга илэрхийлэл өгөх дүрс, дуу чимээ цуглуулдаг байв. Тэр явцад надад "Цонх" бүтээлийн санаа орж ирсэн юм. Тэгээд л кинонд зориулан бүх дүрсээ эхнээс нь авсан даа. Цонх гэдэг магадгүй бүгд хаашаа ч юм яарсан завгүй ертөнцийн бэлгэдэл. Монгол гэрийн тооноор гэтэл хөх тэнгэр л харагддаг шүү дээ.
SEARCHING FOR ... ME
АШ: Чи одоо хэр киноны чиглэлээр ажилласаар байгаа. Түүнийхээ зэрэгцээ сүүлийн жилүүдэд бас нэг чиглэлээр түлхүү ажиллаж, "Тэнгэрт нэг удаа", "Searching for … me" гэх мэт гэрлийн инстоляциуд хийсэн шүү дээ. Эдгээр нэрийг харахаар уран бүтээлчийн хувьд дотроо хэрхэн өсөж хөгжсөн тухай түрүүний яриа чинь санагдаж байна. Тэр тухайгаа жаахан тодруулж яриач.ББ: Их сургуульд сурсныхаа дараа би гэр бүлийнхээ түүх намтрыг сонирхож үзсэн юм. Тэндээс гайхмаар ижил төстэй талууд олж нээсэн. Ээжийн маань аав үг дуу цөөтэй хүн байлаа. Миний мэдэхийн л автобус баазад жолооч хийдэг байсан. Насаараа л энэ ажлыг хийсэн гэж би боддог байв. Гэтэл өвөө минь залуудаа кино үйлдвэрт ажиллаж байсныг олж мэдсэн. Тэгэхдээ бүр яг над шиг зураглаач, тайз засалч хийдэг байсан гээч. Түүнээс гадна бас тагнуулд ажиллаж байсан юм билээ.
АШ: Ижил төстэй ямар зүйлс байсан гэж?
ББ: Тагнуулч хүн ажигч байх ёстой. Мөн нухацтай, хүлээц тэвчээртэй, нягт нямбай байх хэрэгтэй. Энэ зан чанарууд надад байдаг. Заримдаа өвөг дээдэс минь надад алсаас нөлөөлөөд ч байх шиг санагддаг юм. Бас тэнд байгаа нэг бүтээлд (On/Off) би хүүхэд насныхаа мэдрэмжүүдээ гаргаж харуулахыг хичээсэн. 2020 оны ажил л даа. Энэ бүтээлд маань төмөр гагнах, цохих гээд л уран дархны ажиллагаа их орсон. Харин манай аавын элэнц өвөө уран дархан байсан юм.
АШ: Чиний хувьд үлгэр дуурайл болгодог уран бүтээлч бий юу?
ББ: Яг үлгэр дуурайл гэж хэлэхгүй ч би Марк Шагал, Модильянид дуртай.
АШ: Тэгвэл монгол уран бүтээлчдээс нэрлэвэл?
ББ: Занабазар.
H.M. HOME
АШ: Саяхан Гёте-Институтээс зохион байгуулсан „Hybrid by Nature“ онлайн үзэсгэлэнд "H.M. Home" нэртэй видео коллаж бүтээл тань тавигдсан. Энэ арга хэмжээнд 13 уран бүтээлч оролцон, хүний амьдралд машин техник улам бүр оролцоотой болж, амьдралын нэгэн шинэ, хосолмол хэв хаяг үүсэж буй тухай сэдвийг хөндсөн. Чи харин энэ бүтээлээрээ аль талыг илүүтэй онцолсон бэ?ББ: Энэ сэдвийн хувьд би юун түрүүнд ухамсрын асуудлыг авч авч үзсэн. Амьд бүхэн, нэг ёсондоо ухамсар, оюун ухаан бүхэн эрт дээр үед дэлхийг бүрхэж байсан уснаас үүдэлтэй болж таарна. Тийм ч учраас "H.M. Home" бүтээл маань байгалийн жинхэнэ төрхөөрөө болон хүний гар оролцсон хиймэл хэлбэрээр буй усны дүрслэлүүдээр эхэлдэг. Тэндээс эхлээд янз бүрийн үе шатуудыг дамжин харуулсаар эцэст нь шашныг харуулсан. Шашин бол маш өндөр хөгжсөн ухамсрыг шаарддаг шүү дээ. "H.M. Home" гэх нэрийн хувьд бол хүний болон хиймэл оюун ухаан аль хэдийнээс зэрэгцэн оршсоор буйг илтгэнэ. Дэлхий бол тэдний, бидний дундын гэр орон юм.
АШ: Хиймэл оюун ухааныг анагаах ухаанд эмчилгээний энэ арга барил хөгжүүлэхээс эхлээд улс төрийн тоталитар дэглэмд масс олон нийтийг хянах гэх мэтчилэн янз янзаар хэрэглэж байна. Энэ тухай чиний хувь хүний бодлыг асууя л даа: Хиймэл оюун ухааныг чи боломж гэж харж байна уу, аль эсвэл эрсдэл үү?
ББ: Уран бүтээлч хүн хиймэл оюун ухааныг шүтэх бус, ердөө л хэрэглэх ёстой болов уу.
АШ: Хиймэл оюун ухаан чиний ажилд хэрэг болдог уу?
ББ: Болно оо, жишээлбэл бодсон санаагаа 3D хэвлэгч ашиглаж буулгах юм уу аливаа юмс үзэгдлийг виртуал орон зайд бүтээх гэх мэтээр хэрэглэдэг. Хиймэл оюун ухаан өгсөн даалгаврыг богино хугацаанд тун нягт нямбай биелүүлдэг. Тэгснээр уран бүтээлчид бид нэг ёсондоо цаг хэмнэж байна гэсэн үг (инээв). Гэхдээ урлаг хэзээ нэгэн цагт хиймэл оюун ухаанд бүрэн уусна гэж бодохгүй байна. Урлагт хаос, гэнэтийн санамсаргүй эгшин хормууд чухал шүү дээ.
АШ: Ярилцсанд баярлалаа!
Урланд зочлохуй: Монгол уран бүтээлчдийн хөрөг
Монголын орчин үеийн урлагийн ертөнц олон өнгө төрхтэй, эрч хүчтэй өрнөж байна. Уран зураг, электрон хөгжим, бүжиг, кино, уран зохиол, медиа урлагийн талбарт монгол уран бүтээлчид илэрхийллийн шинэ арга хэлбэр, дэлхий ертөнц дэх өөр өөрийн арга замыг хайж эрэлхийлж бас олсоор явна. Монсудар хэвлэлийн газартай хамтран хоёр ч цуврал бүтээл эрхлэн гаргаад буй зохиогч Александр Шнорбуш уран бүтээлчидтэй ажлын орчинд нь уулзаж ярилцан, уншигч та бүхэнд танилцуулж байна.