Улаанбаатар дахь Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори

 Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Эрдэнэцогтын Сонинтогос, Монгол дахь Гёте-Институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Эрдэнэцогтын Сонинтогос, Монгол дахь Гёте-Институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа | © Гэрэл зургийг: А.Хишигням

Энэ оны хоёрдугаар сард Соёл Урлагийн Их Сургууль, Монгол дахь Гёте-Институт  Улаанбаатар хот дахь гэрэл зургийн бүтээлч ажиллагааны лабораторийг байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр ирэх хоёр жилд Гeрман-Монголын гэрэл зурагчид хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох шинэлэг бөгөөд бүтээлч орон зай бүрдэж, харилцан суралцах сүлжээ бий болно.

Монгол Улсад гэрэл зургийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Монголын залуу үеийнхэн өөрсдийгөө илэрхийлэх урлагийн хэлбэрийг эрэлхийлж, гэрэл зурагчид олон улсын түвшинд харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэн, тус салбарын эрэлт хэрэгцээ бизнесийн болон сэтгүүл зүйн салбарт өсөн нэмэгдсээр байгаа хэдий ч гэрэл зургийн албан ёсны сургалтын тогтолцоо манайд хараахан бүрэлдээгүй байна.

Иймээс Гёте-Институт нь Соёл Урлагийн Их Сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх зорилгын хүрээнд германы чанарын стандартанд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дортмунд хотын мэргэжлийн дээд сургууль (FH Dortmund) түншлэгч/зөвлөхийн үүргийг гүйцэтгэх бөгөөд СУИС-д орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лаборатори байгуулж байна. Гэрэл зургийн мэргэжлийн сургалт нь 2019 оны есдүгээр сард эхэлнэ.

СУИС, Дортмунд хотын мэргэжлийн дээд сургууль (FH Dortmund)-ийн хамтын ажиллагаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөлтэй Герман-Монголын ТББ „Urban Nomads“// Nomad Citizens хамтран ажиллаж байна. СУИС-ийн энэхүү гэрэл зургийн ангийг түшиглэн  гадаад, дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчид хоорондоо уулзаж, санал бодлоо харилцан солилцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, улмаар Монголын залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон мэргэжлийн ирээдүйд нь дэмжлэг үзүүлнэ.
 
Монсудар хэвлэлийн газартай хамтран Монгол дахь Гёте-Институт нь гэрэл зургийн мэргэжлийн сурах бичгийн орчуулгыг дэмжин ажиллаж байна. 2019 оны намар Стивен Шорегийн „Гэрэл зургийн мөн чанар“ (Stephen Shores „The Nature of Photographs“) номыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлнэ.
 
Монгол дахь Гёте-Институт гэрэл зургийн салбарыг тогтвортой бэхжүүлэх зорилгоор Герман-Монголын соёлын солилцоогоор 2020 оноос „Резиденс“ хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхлэх юм.