“Аниргүйн хэмнэл” оролцоог дэмжих бүжгийн төсөл

Монгол дахь Гёте-Институт болон Монгол-Францын төв 2022 онд Герман-Францын соёлын сангийн санхүүжилтээр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Соёл Урлагийн Их Сургууль, Сонсголгүйн боловсрол ТББ -тай хамтран “Аниргүйн хэмнэл” оролцоог дэмжих бүжгийн төсөл зохион байгуулсан билээ.

Бүжгээр оролцоог нэмэгдүүлэх нь

Энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн 10 сурагчид болон Нийслэлийн 1, 21, 23, 44, 61-р сургуулиудын 12 жирийн сонсголтой сурагчид цугларан хамтдаа бүжгийн хөтөлбөрт хоёр долоо хоногийн турш хамрагдан 2022 оны 8-р сарын 26-ны өдөр олон нийтэд толилуулсан юм.
Төслийг Герман улсын уран бүтээлч Jone San Martin Astigarraga, Франц улсын уран бүтээлч Martin Cros, Émilie Rigaud мөн Монгол улсыг төлөөлөн Соёл Урлагийн Их Сургуулийн Монгол бүжгийн багш М. Мөнгөнцэцэг нар удирдан зохион байгуулж явуулсан. Үүний зэрэгцээ Европоос ирсэн уран бүтээлчид Соёл Урлагийн Сургуулийн бүжгийн ангийн оюутнуудад мэргэжлийн сургалт зөвлөгөө өгсөн билээ.

Хязгаарыг давах нь

Сурагчид төслийн эхэнд хоорондоо хуваагдан, харилцахад хүндрэлтэй байсан ч төслийн явцад удирдан зохион байгуулж буй уран бүтээлчдийн тусламжтайгаар бүжиг болон тоглоомын аргаар дамжуулан итгэл найдварыг олж хоорондоо амжилттай харилцаж эхэлсэн юм. Дийлэнх хүүхдүүд өмнө нь бүжиглэж байгаагүй тэр байтугай тайзан дээр ч гарч үзээгүй байсан бол 2 долоо хоногийн дараа гэхэд тэд өмнөхөөсөө илүү өөрсдөдөө итгэлтэй болсоныг мөн төслөөр дамжуулан цагийг зугаатай өнгөрөөж чадсаныг бид харсан. Тайлан тоглолтын үеэр үзэгчид сонсголын бэрхшээлтэй сурагчдыг аль нь болохыг шууд хараад ялгах боломжгүй байсан юм. Энэ нь сурагчдын эцэг эхчүүдийн хувьд маш онцгой сэтгэл хөдөлгөсөн мөч байсныг дурдах нь зүйтэй биз.