Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Монгол дахь Гёте-Институтийн 15 жил
Баярлалаа!

Монгол дахь Гёте-Институтийн хамт олон
©Гёте-Институт/ Базарсүхийн Рэнцэндорж

2009 оны 10-р сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Гёте -Институт анх байгуулагдсан. Үүнээс хойш бид дэлхийн 99 улсад байрлах 150 Гёте-Институудын нэг хэсэг болсон юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид Монгол, Герман хоёр улсын хооронд олон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, соёлын гүүр болж ирсэн.

2024 оны 10-р сарын 30-ний өдөр ойн баярын хүндэтгэлийн тоглолтод олон улсын шагналт Эрдэнэбаатарын Шүтээний Квартет хамтлаг тусгай зочноор оролцсон. Морин хуурч Жигжиддорж Нанзаддоржтой хамтран тоглосон нь дахин давтагдашгүй хөгжмийн баялаг аялгууг үзэгчдэд хүргэсэн юм. Эрдэнэбаатарын Шүтээн нь  Монгол дахь Гёте-Институтийн санаачилгаар 10 жилийн өмнө байгуулагдсан Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Лабораторийн  анхны төгсөгчдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд амжилттай яваа уран бүтээлч юм. Тэрээр Монгол  Улсын Консерваторт сонгодог хөгжим , төгөлдөр хуурчийн мэргэжлээр суралцаж, Мюнхений Хөгжмийн Их Сургуульд төгөлдөр хуур болон хөгжмийн зохиолчийн мэргэжлээр үргэлжлүүлэн сурч төгссөн ба 2024 онд Монгол Улсын Соёлын шагнал болох „Мөнгөн мод“ болон Германы Жазз хөгжмийн наадмын "Оны шилдэг хамтлаг"  шагналыг хүртсэн билээ.

Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Эрдэнэбаатарын Шүтээний Квартетын монгол дахь анхны тоглолт байсан бөгөөд түүний аяллыг Бавариа мужийн радио телевизийн баг сурвалжилсан юм.

Олон улсын хамтын ажиллагаа, төрөл бүрийн соёл, орчинтой хүмүүсийн хоорондын харилцаа улам ач холбогдолтой үнэ цэнтэй болсоор байна. Ирээдүйд бид эдгээр харилцааг улам бататгаж, өргөжүүлэхийг зорьж байна.

Өнөөдөр Монгол дахь Гёте-Институтэд нийт 24 ажилтан ажиллаж, хэл, мэдээлэл болон соёлын салбарт олон улсын харилцаа, соёлын харилцан ойлголцлыг өдөр тутамдаа бодитой хэрэгжүүлж байна. Бидний хамтран ажилладаг олон салбарын түншүүдтэйгээ хамт амжилттай төслүүдийг хэрэгжүүлж, шинэ санаачилгуудыг бодитоор бүтээсээр байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажилласан бүх ажилтан, түншүүддээ гүн талархал илэрхийлье. Ирэх 15 жилдээ ч гэсэн биднийг дэмжин, хамтран ажиллахыг хүсэн ерөөж байна!