СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ: ТАЛАРХАЛ

Монгол улс олон ХБНГУ нь олон салбарт амжилттай хамтран ажилладаг билээ. Ялангуяа Монголын соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах тал дээр хоёр улс хамтран ажиллаж байна.

2009-2013 онуудад Гёте-Институт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Цаасан баримтат өвийг хамгаалах, сэргээн засварлах” сэдвээр сургалтыуудыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Германы мэргэжлийн сэргээн засварлагч багш нар газар дээр нь ирж монголын оролцогчдод цаасан баримтат өвийг хадгалах, хамгаалах, баримтжуулах, сэргээн засварлах талаар онолын мэдлэг олгож, практик дадлага хийн харилцан туршлага солилцож, гарын авлага хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон нь энэхүү сургалтын үр дүн оршино. Түүнээс гадна герман мэргэжилтэн багш нар зарим холбогдох байгууллага дээр очиж мэргэжлийн зөвөлгөө өгсөн юм.

Монголын Үндэсний номын сан, Соёлын өвийн төв, Үндэсний архив, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Хүүхдийн номын ордон, Чойжин ламын сүм музейгээс мэргэжилтэн, сэргээн засварлагчдыг оролцууллаа.

Монгол Улсын түүх, соёлын өв маш баялаг, өвөрмөц билээ. Хаадын ургийн бичиг, есөн эрдэнээр бичсэн эртний ном судар, гар бичмэл нь зөвхөн хэдхэн жишээ юм. Эдгээр түүх, соёлын баримтат өвийг хамгаалах, сэргээн засварлаж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ.

Монголын түүх, соёлын хосгүй үнэт өвийг хадгалах, хамгаалах тал дээр дэмжлэг үзүүлж, өндөр ач холбогдолтой сургалт зохион байгуулж, олон жил хамтран ажиллаж байгаад нь ХБНГУ-ын Гёте Институтэд гүн талархлаа илэрхийлье.