Даавуун эдлэл сэргээн засварлагч

Даавуун эдлэл сэргээн засварлагч

2011 оны намар би анх төслийн ажилд оролцохоор Монголд хөл тавихад хамгаас түрүүн ямаршуухан хүмүүс хүлээж байгаа бол гэхээс л сэтгэл маань маш их догдолж байлаа.

Хэдийгээр энэхүү анхныхаа айлчлалаар би зөвхөн нийслэл Улаанбаатартай танилцсан ч хүмүүсийнх нь сонирхол, халуун дулаан нөхөрсөг байдал надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм.

Герман улсаас тэс ондоо орчин нөхцөлд сэргээн засварлах төсөл боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг л миний хувьд цоо шинэ, маш сонирхолтой явдал байлаа. Энэхүү төслийн ажилд шаардлагатай материалууд л гэхэд Германд төвөггүйхэн олж болох ч Монголд тэр болгон олоод байж чадахгүй тул ажлаа гүйцэтгэхэд асар их хичээл зүтгэл гаргах шаардлагатай байлаа. Гэвч эрсний эцэст бага ч гэлээ хэрэгцээтэй зүйл маань олдоод л байдаг байв.

Нэгэн удаагийн сургалтаар өмнөх сургалтын нэгэн оролцогч маань бие даан сэргээн засварласан зүйлээ танилцууллаа. Сэтгэл маань үнхээр их хөдөлж билээ. Өмнөх сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан засварласан тэр зүйл нь үнэхээр бүтээлч, анхаарал татахуйц сайн болсон байлаа.

Гандан хийдэд хэрэгжүүлсэн төслийн ажил маань амаргүй байсан ч ихээхэн амжилттай болсон юм. Эхэн үедээ хийх ажил маань төлөвлөсөн 20 хоногт яагаад ч амжихааргүй мэт санагдаж байлаа. Бидний ажилд туслах нийтийн болон сүм хийдийн номын сангийн ажилчид хангалттай байсан хэдий ч зарим талаар ихээхэн хэмжээгээр хохирсон ном судрыг засварлахад хангалттай мэдлэг чадвар тэдэнд дутагдаж байлаа. Гэсэн хэдий ч энэ ажлыг гүйцэтгэхэд сэтгэл санаа, гар бие оролцсон бүх хүмүүсийн, тухайлбал номын санчид, лам нар болон ЮНЭСКО, Гёте институтын тусламж дэмжлэгээр төсөл маань амжилттай хэрэгжиж өндөрлөсөн юм.

Мөн энэ дашрамд ядрахаа ч умартан ажилласан бидний орчуулагч Гэсүдээ талархалаа илэрхийлье. Түүнгүйгээр төсөл маань ийм амжилттай хэрэгжих бараг л боломжгүй байсан гэдгийг дурдах хэрэгтэй.