Шаббир Хуссайн Мустафа
Сингапур/Шри Ланка
Шаббир Хуссайн Мустафа нь 56 дахь удаагийн Венецийн Биеннале-д уран бүтээлч Чарьлз Лим И Ёнгтой хамтран Сингапур улсын павильонд толилуулагдсан SEA STATE үзэсгэлэнгийн куратороор ажиллажээ. Тэрээр Сингапурын Үндэсний Галерейн ахлах куратор бөгөөд одоогоор „Between Declarations and Dreams” хэмээх 19-р зуунаас өнөө хүртэлх Зүүн Өмнөд Азийн урлагийн тухай урт хугацааны үзэсгэлэнг дэглэж буй кураторуудын багийг ахалж байна. 2013-2015 онуудын хооронд тэрээр Siapa Nama Kamu? (Малай хэлээр: Чамайг хэн гэдэг вэ?) хэмээх тус галерейн 19-р зууны сүүлч үеийн Сингапурын урлагийг хамарсан урт хугацаат өөр нэгэн үзэсгэлэнгийн ахлах куратороор ажиллаж байжээ. 2015 онд Мустафа нь 56 дахь удаагийн Венецийн Биеннале-д Сингапур улсыг төлөөлөн толилуулсан SEA STATE хэмээх Чарьлз Лим И Ёнгийн бүтээлд куратороор ажилласан.
Тэрээр 2007-2013 оны хооронд Сингапурын Үндэсний Их Сургуулийн Музейн куратороор (Өмнөд болон Зүүн Өмнөд Ази) ажилласан бөгөөд архивын бичвэрийг бодол эргэцүүлэл, бичих арга зүйн олон төрөлд ашиглах тухайд голлон ажиллаж байв. Мустафа нь 2017 онд кураторын ажлын хүрээнд ГЭСА-ны тэтгэлгийг Берлин хотноо хүртсэн. Хамгийн сүүлд тэрээр Dhaka Art Summit 2018 уулзалтад куратороор хамтран ажилласан бөгөөд философич, куратор Ананда Кентиш Кумарасвами-ийн тухай “The Sunwise Turn” хэмээх салбар хоорондын төслийн платформыг танилцуулжээ. Тэр жилээ Катерин Дэвидийн хамтаар Латифф Мохидин: Паго Паго (1960-1969) хэмээх зураач, яруу найрагч Латифф Мохидины 1960-аад оны барууны модернизмын ноёрхлын хариуд Европ болон Зүүн Өмнөд Азид өрнүүлсэн замналын тухай өгүүлсэн үзэсгэлэнг Centre Pompidou-д дэлгэжээ.
Шимура ах дүүсийН "нүүлгэн шиЛЖҮҮЛЭХ" ба "ГЭРЛИЙГ БЭДРЭХҮЙ"
Шаббир Хуссайн Мустафа нь SHIMURAbros-ын уран бүтээлчдийг Chasing the Light (Гэрлийг бэдрэхүй) (2017) хэмээх бүтээлээ Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн наадмын хүрээнд танилцуулж, Куанжү дахь төслийн үзэсгэлэнгээр олны хүртээл болгох Evacuation (Нүүлгэн шилжүүлэх) хэмээх бүтээлээ дэглэхийг урьж байна. SHIMURAbros нь Юка болон Кентаро Шимура нарын ах дүү хоёр уран бүтээлчээс бүрддэг. Тэдний уран бүтээлийн ”хурдасгуур” нь кино боловч SHIMURAbros-ийн хөдөлгөөнт дүрс нь хоёр хэмжээст кино дэлгэцээр үл хязгаарлагдан гэрэл ба матерын хувьсан өөрчлөгдөх тэнцвэрийг өгүүлнэ. Уран баримлын болон авангард кино элементийг инстоляцид нэгтгэснээр киноны хэлийг нэгэн цогц агаад хөнгөн аястай уран сайхны шинэ илэрхийлэмжээр тайлжээ. Ах дүү уран бүтээлчид 2017 онд Берлин хотод шилжин суурьшсан бөгөөд одоогоор Olafur Eliasson студид судлаачаар ажиллаж байна.
Гэрлийг бэдрэхүй хэмээх уран бүтээлээрээ ШИМУРА ах дүүс онтологи болон киноны хэлийг үргэлжлүүлэн судалжээ. Киноны гол дүр болоод кино зураг авах энергийн эх үүсвэрийг гэрэл хэмээн тодорхойлон хэд хэдэн үйл явдлыг учгаар холбожээ. Тэрхүү дараалсан үйл явдлуудыг гэрлийн гурван эх үүсвэр кинонд нэгэн зэрэг хөрвүүлсэн байна. Үүнд: Наргил модоор хийсэн хуучны гэрэл, хотын гэрлийн нийлэмж болон кино зураг авалтын гэрэлтүүлэг. Хүртэхүйгээр наадах энэхүү бүтээл хийсвэр дүрслэлээс эцэстээ аж үйлдвэржсэний дараах үеийн Сингапур дахь боомтын нам гүмхэн амьдралд уусан шилжинэ.
Нүүлгэн шилжүүлэх бол киноноос санаа авсан археологийн дурдатгал юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Литва улс дахь Японы эзэнт гүрний элчин сайдын яаманд дэд консулаар ажиллаж байх үедээ Европоос дайжиж буй 6000 гаруй польш болон литва еврей иргэнд өөрийн улсаар дамжин өнгөрөх визийг гараар бичин олгосон Тиунэ Сугихара болон түүний эхнэр Юкико нарын түүхийг өгүүлжээ. Тэд аль болох олон хүнд виз олгохын тулд өдөрт 18-20 цаг ажилладаг байсан гэх яриа байх. Энэ бол Японы эзэнт гүрнийг сөрөн зогссон ховор тохиол төдийгүй энэхүү үйлдлээрээ Сугихара гэр бүлээ ч аюулд учруулжээ. Амьд үлдсэн еврейчүүдийн нийгэмлэгтэй хийсэн ярилцлагууд болон бүдэг бадаг хадгалагдан үлдсэн архивын материалд тулгуурлан Evacuation өнөө цагт (бидний үед) хүнлэг энэрэнгүйн үйлсийн тухай хэлэлцүүлэг, энэ тухай тунгаан бодох орон зайг хэрхэн бүрдүүлэх тухайд авч үзнэ.