Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдэл”-ийн тухай хүүрнэхүй
Удиртгал

Аливаа “Нүүдэл” хүүрнэл өгүүллэгийн амин сүнсийг агуулж байдаг: Улсын хилийн торгон шугамыг орхисон шилжилт хөдөлгөөний тухай “Нүүдэл”-ийн түүх нь угтаа хүний амьдралын шилжин суурьшсан намтар түүх, амьдралын туршлага болох агаад хөврөх амьдралын нэгэн хуудсанд хувь хүний гэр бүл, найз нөхөдтэй тодорхой жишмээр холбогдоно. Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа бичигдэн үлддэггүй “Нүүдэл” ийм хэлбэрээр л хадгалагдаж, эргэн дурсагдаж, хойч үед үлддэг байна. Нүүдлийн ул мөрийг та бид захидал, хууч яриа, утасны яриа, сошль медиа, ном, кино, гэрэл зураг, зураг, дуу, соёл урлагийн олон төрлөөс тольдож, чимээлж, эрэлхийлж болно. Юуг “Нүүдэл” гэж ойлгох вэ, “Нүүдэл”-ийн эхлэх цэг, “Нүүдэл” ямар байх вэ гэдгийг “нүүдэлчин” өөрөө тодорхойлох бөгөөд хууль, дүрмээр уг ойлголтыг тодорхойлох нь практикт бага. Нүүдэл буюу шилжилт хөдөлгөөн эхэлсэн тэр цэгээс түүх бичигдэж эхэлдэг: Ийн “Нүүдэл” түүхийг бүтээдэг байна.
 
Уран бүтээлч сэтгэхүй, кураторын өнцгөөс бичсэн олон өгүүлэл, баримтат түүх нь “Нүүдэл”-ийг томруулдаг шилээр харах боломжийг бидэнд олгож байна. “Нүүдэл”-юуг агуулна вэ гэсэн асуултаас гадна илэрхийлэх форматыг чухалчилжээ. Ийнхүү баримтат түүх, илтгэл, эгэл биш намтар нь өгүүлэн буй “Нүүдэл” өөрөөр хэлбэл, шилжилт хөдөлгөөний тухай түүхүүд байх юм.
 
Эдгээр түүхүүд нь тодорхой орон зайд хамаарах бөгөөд уран бүтээлчдийн туршлага солилцоо, холбоо хамаарлыг эрэлхийлэх процесс байлаа. Учир нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн кураторууд сүүлийн 2 жилийн хугацаанд урлаг, нүүдэл хоёрын холбоо хамаарлыг судалсан юм.
Чингэхдээ дараах асуултыг асуужээ: “Нүүдлийн тухай хэн, хэзээ ярив?”, “Хэн хэрхэн, хэзээ шийдсэн бэ?”, “Урлаг, шилжилт хөдөлгөөний хоорондын хамаарал юу вэ?”, “Эдгээр бүтээлүүд шилжилт хөдөлгөөн, цагаачдынх мөн үү?”, “Урлаг “Нүүдэл”-ийг сэдэв, бүтэц, байр суурь талаас нь харуулж чадах уу”?, “Нүүдэл” уран бүтээлч үйл үү эсхүл уран сайхны хэлбэр юм уу?, “Нүүдэл” урлагийн бүтээлүүдийг төрүүлдэг үү, урлаг “нүүдэл”-д өөрийгөө илэрхийлэх боломж олгодог уу, эсхүл эсрэгээрээ байдаг уу?”, “Урлаг, нүүдэл харилцан хамааралтай юу?” “Нүүдэл” даган бий болсон тусгай урлаг, “Нүүдэл”-тэй хоршсон урлаг, “Нүүдэл”-ийн тухай урлаг гэж байх уу?
 
“Нүүдэл”-ийн тухай хүүрнэл, өгүүллүүд нь Азийн хэд хэдэн төсөл, газар орны тухай байх агаад олон бүрдэл хэсгүүдийг нийлмэл урлагийн аргаар нэгтгэн зангидах зорилготой:  Үүнд “Урлаг” ба “Нүүдэл”, оролцогч кураторууд, судалгаа шинжилгээний ажлууд, өгүүлэн буй түүхтэй холбогдох улс орнууд мөн “Нүүдэл”-ийн түүх хөвөрч байгаа газар орнууд, Семинар, судалгааны аялал, хамтын аялал, студид зочлох, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал хэлэлцүүлэг, бие даасан болон хамтын үзэсгэлэнг зохион байгуулан олон нийтэд хүргэх юм.
 
Бээжин, Хонконг, Улаанбаатарт зохион байгуулагдах үзэсгэлэн, кураторуудын өгүүлэл, илтгэлүүдийн үйл ажиллагааг ирж үзвэл эрхэм та кураторын багийнхны уран бүтээлч солилцоог харж болох нь ээ.
 
Нанна Хайденрайх