Reimagine Recreate
Тогтвортой загварын хөгжил
ХБНГУ ба Франц улсын соёлын сантай хамтран Монгол дахь Гёте-Институт болон Alliance Française d’Oulan-Bator хамтран “Reimagine Recreate” нэртэй төслийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төсөл нь загварын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон дизайнеруудыг нэгтгэн, загварын шинэ бөгөөд тогтвортой шийдлүүдийг эрэлхийлэхэд чиглэсэн юм.
2025 оны 5-р сарын 19-нөөс 30-ны хооронд Улаанбаатар хот тогтвортой загварын бүтээлч төв болон хувирлаа. Төслийн хүрээнд дараах гурван дизайнер оролцож, өөрсдийн мэдлэг туршлага, уран бүтээлээ хуваалцлаа: Ютта Майзен (Герман), Изалин Соние (Франц), Бажуна Батсүх (Монгол). Дизайнерууд Монголын Үндэсний Урлаг, Соёлын Их Сургуультай хамтран хоёр долоо хоногийн турш оюутнуудад зориулсан эрчимжүүлсэн сургалт явуулсан бөгөөд сургалтын гол зорилго нь дараах асуудлуудад төвлөрч байв:
- дахин боловсруулсан материал ашиглах,
- байгальд ээлтэй будах техникүүд,
- монгол уламжлалыг орчин үеийн загварт уялдуулах гэх мэт.
5-р сарын 29-нд Соёл Урлагийн Их Сургууль дээр болсон олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг нь төслийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Энэ үеэр дизайнерууд болон оюутнууд хамтдаа сургалтын явцад туулсан сорилт, ололт амжилт, мөн тогтвортой загварын олон улсын ач холбогдлын талаар ярилцсан юм. Төслийн төгсгөлийн арга хэмжээ болох үзэсгэлэн 5-р сарын 31-нд Norphei Art Gallery-д болж, сургалтын үеэр бүтээсэн бүтээлүүд болон бүтээлч үйл явц олон нийтэд танилцуулагдлаа.
Бид энэхүү онцгой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Reimagine Recreate” төсөл нь загвар зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй хариуцлагатай байж болохыг харуулсан билээ.