Ханноверын ерөнхий сонин Юдит Шаланскийтай ярилцсан нь
“Өнгөрсөн цагийг ямагт шинээр нээж байх учиртай”
Зохиолч Юдит Шаланскийтай алдагдах, мартагдах тухай хийгээд ном хамгийн төгс төгөлдөр мэдээллийн хэрэгсэл болох тухай ярилцсан нь.
Хатагтай Шаланский, та өмнөх номууддаа алслагдмал зүйлс, эцэс төгсгөл рүүгээ ойртож буй юмс эсвэл амь амьдралын тухай өгүүлж байсан. Шинэ номдоо харин гарз хохирол, алдагдсан зүйлсийн тухай бичжээ. Эдгээр сэдэв яагаад таны сонирхлыг ингэж их татдаг юм бэ?
Ямар нэг зүйл алдагдаж одно гэдэг барьцтай бодитой шинжээ гээж, хийсвэр төсөөллийн шинж чанартай болдог. Та бидний алхам тутамдаа хэрэглэдэг жирийн эд зүйлс, жишээлбэл нэг түлхүүрийн оосор ч бай гэнэт алга болох нь бидэнд тайлагдашгүй оньсого үлдээдэг. Бичиж туурвих тухайд гэвэл алдагдсан зүйлсээс үлдэж буй элдэв цуурай бүхий тэр орон зай надад тун сонирхолтой санагддаг. Дэлхийн оршихуйгаас алдарсан байгалийн юм уу урлаг соёлын бүтээлээс юу үлддэг бол? Чухам үүнээс өгүүллэг хүүрнэл эхэлж, эзгүйрч үлдсэн хоосон зайг нь хүрээлэн авч, мөнөөх зүйлийн тухай олж мэдэх боломж бүрдүүлж өгөхийг хичээдэг юм даа. Яг л оршуулгын дараа гэр бүл, найз нөхөд нь цуглаж цагаалга хийдэг шиг. Хүүрнэж ярих үнэхээр тус болдог юм. Аливаа зүйлийн, хэн нэгний араас харамсаж гашуудах хамгийн сайн арга зам бол энэ.
Тэгвэл таны хувьд Ардчилсан Герман улс үгүй болсон нь ямархуу үүрэг гүйцэтгэсэн бэ?
Бүх л зүүн германчуудын нэгэн адил би бараг ганцхан шөнийн дотор бүх зүйл өөрчлөгдөж болдгийг өөрийн нүдээр харсан: Хил, мөнгөн тэмдэгт, уриа лоозон... Түүх түүнээс өмнө ба дараа хэмээн хуваагдаж болдгийг бас мэдэрсэн.
Энэ номд тань таны төрсөн нутаг Грайфсвальдын тухай гардаг. Тэр өгүүллэг дээрээ ажиллаж байхдаа та төрөлх хоттойгоо шинээр танилцсан уу? Арай өөрөөр нээж чадсан болов уу?
Тийм ээ. Нэг өгүүллэгтээ зориулаад би Грайфсвальдиар дайран өнгөрч, эхээсээ адаг хүртлээ буюу их далайд цутгах хүртлээ 30 километр үргэлжилдэг Рик голын урсгалыг даган, замд тааралдсан байгалийн өнгө төрхийг дүрслэн бичих зорилготойгоор хоорондоо яг гурван долоо хоногийн зайтай гурван удаа явсан. Анхны удаа очих үед өвөл дуусаагүй байв. Үүргэвчинд минь хөтөч ном байгаа ч гэсэн өмнө минь байгаа навч нахиагүй нүцгэн бут үнэндээ долоогоно, улаан долоогоно эсвэл бүр үүргэнэ ч юм уу гэдгийг олж мэдэх сэдэл бага байсан. Би амьтад, ургамлыг зүгээр нэг ялгаж нэрлэх төдий бус, харин сайн таньж мэддэг газраа дүрслэн бичихийн тулд цоо шинэ үгийн санг нээх ёстой болсон. Энэ миний хувьд жинхэнэ нээлт болсон шүү.
Энэ номд Грайфсвальдын боомтоос гадна, Манхэттенд яваа жүжигчин Грета Гарбо, эртний Ромд буй каспийн барын тухай хүртэл бичсэн. Эдгээрийг нэгтгэн зангидаж буй нийтлэг шинж юу вэ?
Бүх өгүүллэгт маань алдагдсан зүйлийн тухай гарна. Романтизмын үеийн байгалийн уран зураач Каспар Давид Фридрихийн шатаж устсан нэг зургаас үүдээд би урьдын онгон зэрлэг байгаль нь бараг баларч арилж яваа нэгэн нутгийн байгалийг дүрслэн бичсэн. Түүгээр ч зогсохгүй зэрлэг дагшин байгалийг соёлжиж иргэншсэн орчин болгон хувиргасан нь каспийн барын мөхлийн үүд хаалгыг нээж өгсөн. Өгүүллэгтээ би энэ зүйлийн нэгэн барыг эртний Ромын цэнгэлдэх хүрээлэнд өдгөө мөн л устаж үгүй болсон берберийн арслантай тулалдуулсан. Харин өөр нэгэн өгүүллэгт бид кинонд тоглолгүй хэдэн жил болж, амьд ахуйдаа огтхон ч хөгшрөх эрхгүй шүтээн зураг болж хувирна гэж юу болохыг яс махандаа шингэтэл мэдэрч яваа 46 настай жүжигчин Грета Гарбогийн оюун бодол руу нэвтэрч үзнэ.
Сапфогийн хайрын дууллуудын тухай өгүүллэгт тань “Эрин цаг бүр өөрийн гэх Сафпотой” гэж дурдагддаг. Чухам юуг гарз хохирол гэж үзэх вэ гэдгийг эрин цаг бүхэн өөр өөрөөр ойлгодог юм болов уу?
Тэгэлгүй яах вэ. Хувьсгалч эрин цагууд хуучин зүйлсийг хайр найргүй устгахыг шаарддаг. Хуучинсаг эрин үе харин жишээлбэл Берлин хотын шилтгээнийг сэргээсэн шиг өнгөрсөн, алдагдсан бүхнийг эргэж сэргээдэг. Өнгөрсөн цаг гэдэг ямагт ахин дахин шинээр нээж байх ёстой зүйл.
Ямарваа нэг зүйлийг бичиж буулгана, тэр дундаа хүүрнэн хадгалж үлдээж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үүнийг тань амьтан, эд юмс, ой дурсамжууд алдагдан одохоос хамгаалахаар тэмцэж буй нэг арга зам хэмээн гэж үзэж болох уу?
Тийм ээ, өгүүлж хүүрнэх замаар алдагдсан зүйлсийг өнөө цагт авчрах гэсэн оролдлого юм даа. Гарз хохирлыг нөхөж тэнцүүлэх томоохон ажил.
Гэхдээ бүх зүйлийг хадгалж үлдэх, архивлах боломжгүй шүү дээ. Мартана гэдэг нэг ёсондоо чөлөөлж буй хэрэг биш үү?
Мэдээж хэрэг. Хувь хүнийхээ хувьд ч, нийгэм хамт олны хувьд ч бид бүх зүйлийг хадгалж авч үлдэх боломжгүй. Тэгэхээр өөрт чухал зүйлсээ сонгох хэрэгтэй болно. Сувинер, дурсгалын зүйлс үнэндээ, үгийн бодит утгыг бодоод үзсэн ч тэр, дурсамжийг хадгалах орон зай, сав гэсэн үг. Өөрийнхөө өнгөрсөн цагийн эд зүйлсээр дүүргэсэн музейд хүн амьдрах аргагүй. Гэвч бүхнийг мартахыг хүсэж, зөвхөн урагшаа харж амьдарна гэвэл өөрөө өөрийгөө хуурч байна гэсэн үг.
Юм цахимжих болсноор ном гэдэг зүйл хоцрогдож байна гэлцэх болсон. Гэтэл та номыг “хамгийн төгс төгөлдөр мэдээллийн хэрэгсэл” гэж тодорхойлсон. Яагаад?
Номд хэлбэр, агуулга хоёр өөр хоорондоо салгаж боломгүй нягт холилдож сүлэлдэх боломжтой. Номыг яг л бидэн шиг бие махбодтой, түүнийг ариг гамтай хэрэглэвэл хэд хэдэн үе дамжин амьдрах боломжтой. Их сургуульд сурч байсан цахим файл, мэдээллүүдийг би одоо ашиглах боломжгүй болсон атал хүүхэд ахуйдаа уншиж байсан номуудаа би дуртай цагтаа тавиураасаа аваад үзэж болохоор байна шүү дээ.