Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Зохиолч болон номын тухайд

Томас Мелле Гэрэл зураг: Дагмар Морат Зохиолч Томас Мелле 1975 онд төрж, Берлин, Тюбинген, АНУ-ын Техас мужийн Остин хотуудад харьцуулсан утга зохиол судлал, философийн чиглэлээр суралцжээ. Тэрээр тайзнаа удаа дараа тавигдсан олон жүжгийн зохиол бичсэний зэрэгцээ Т.Виллиам Вольманн болон Том Маккартигийн бүтээлээс герман хэл рүү орчуулжээ. Томас Мелле “Орон зайн шаардлага” (2007) хэмээх өгүүллэгийн түүврээрээ Бремений утга зохиолын шагналын залуу зохиолчийг дэмжих шагнал хүртсэн бол “Сикстер” (2011) хэмээх анхны романаараа Германы номын дээд шагналд нэр дэвшиж, Франц-Хесселийн нэрэмжит шагнал хүртсэн. 2014 онд “3000 евро” нэртэй удаах романаа бичсэн нь Германы номын дээд шагналын богино жагсаалтад багтаж, Берлиний соёлын шагналыг эзэндээ авчирсан юм. 2016 онд “Нуруун дээрх ертөнц” хэмээх энэхүү бүтээл уншигчдын хүртээл болмогцоо мөн л Германы номын дээд шагналын богино жагсаалтад багтаж, Клопштокийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Түүнчлэн жил бүр шалгаруулдаг “Берген хотын шилдэг зохиолч” хэмээх шагналын эзнээр 2017/2018 онд шалгарчээ. Томас Мелле өдгөө Берлин ба Вена хотуудад аж төрж байна.

Томас Мелле “Хамтын орчуулга” төслийн тухай:

"Оролцогчид нь орчуулах эх зохиолд тулгуурлан идэвхтэй санал солилцож, сэтгэгдлээр ойлгомжтой тодорхой харилцдаг дотоод интернет платформ бүтээх санаа надад бол шууд төсөөлөгдөж байна. Энэ бол хэрэгжүүлж болом, маш утга учиртай бас үр өгөөжтэй ажил. (Би өөрөө ганц хоёр ном орчуулсныг минь та бүхэн дуулсан байж магад. Тэгэхээр ийм талбар бий болж байгаад би орчуулагчийн хувиар ч ихэд баярлан хүлээж авах болно.) Иймэрхүү зүйлсийг би үнэхээр сонирхдог. Түүнээс гадна ийнхүү нэгэн зэрэг ийм олон орчуулгыг дэмжих болсондоо баяртай байна."
 


"Нуруун дээрх ертөнц"

Томас Мелле © Гёте-Институт “Хэрэв та сэтгэл хөөрөл, гутралын эмгэгээр өвдвөл амьдралд тань бат тогтвортой зүйл гэж үгүй болно. Энэ өвчин таны өнгөрсөн үеийг сүйтгэх ч ирээдүйг тань бүр ч их заналхийлнэ. Хөөрлийн үе дайрч өнгөрөх бүрд таны мэддэг байсан урьдын амьдрал тань цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болно... Зурсхийн орж ирээд, даруй мартагдах ёстой бодлууд тань харин хөөрлийн үед үйл хэрэг болчихно. Хааяа нэг сэм шагайн хардаг, гүн ангал хүн бүрийн дотор нуугдаж байдаг бололтой. Хөөрөл бол тэр ангалаар хийх тойрон аялал л гэсэн үг. Хэчнээн жилийн турш минийх, надад хамаатай гэж бодож ирсэн бүхэн тань хэдхэн хормын дотор ор мөргүй болно. Ингээд тэгээс эхэлнэ гэж та бодож байна уу, үгүй дээ. Та бүр хасахын хязгаар луу шидэгдэнэ. Тантай баараггүй холбоотой гэх ямар ч юм үлдэхгүй.”

Томас Мелле сэтгэлийн хөөрөл-гутралын эмгэг буюу “хоёр туйлт эмгэг” өвчнөөр олон жилийн турш шаналж яваа нэгэн. Тэр бээр өвчнийхөө тухай, өөрт тохиолдсон явдлууд хийгээд эрүүл мэнд нь удаан хугацааны турш хэрхэн сайжирсан тухай хайр найргүй атлаа хэл найруулга, илэрхийллийн хувьд гайхам тод дүрслэн бичиж, өвчтөний дотоод ертөнцөд юу өрнөдөг тухай ер бусын өвөрмөц зураглалыг бидэнд өгнө. Энэ бол сарниж бутарсан амьдралын тухай салахын аргагүй хүүрнэсэн он дарааллын товчоон, уран зохиолын нэн чансаатай намтарчилсан бүтээл юм. “Нуруун дээрх ертөнц” роман 2016 онд Германы номын шагналын богино жагсаалтад багтахын зэрэгцээ уншигч олон болон сонин хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татсан билээ.


Монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч


Хэвлэгдсэн орчуулгууд

"Нуруун дээрх ертөнц"

"Нуруун дээрх ертөнц" ном Азийн авран хэлнээ орчуулагдсан билээ. Ийнхүү тус зохиол хятад (хялбаршуулсан болон уламжлалт), бенгал, япон, солонгос, марати, монгол, синхала, тайланд болон вьетнам хэлээр орчуулагдсан. Энэхүү хуудаснаас та бүхэн хэвлэгдэн гарсан орчуулгын зохиолын ерөнхий мэдээллийг авах боломжтой.


Хамтрагч түнш

  Seitentrenner 1