AISolation
|
up2u Studio © Goethe-Institut China
Хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил нь манай нийгэм, соёлыг үндсээр нь өөрчилсөөр – энэ нь шинэ боломжуудыг нээхээс гадна хүндхэн сорилтуудыг дагуулж байна. 2025 оны Берлиний кино наадам дээр нэг хүн хиймэл оюун ухааны тусламжтайгаар ердөө долоохон хоногийн дотор бүтээсэн 72 минутын анимейшн киног танилцуулав. Энэ хөгжил нь хиймэл оюун ухаан хэрхэн бие даасан уран бүтээлчдийг хүчирхэгжүүлж, урлагийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлж буйг харуулж байна.
Гэвч энэхүү технологи нь ноцтой асуултуудыг ч мөн дагуулж болно: 2024 оны хоёрдугаар сард АНУ-ын Орландо хотод 14 настай хүү хиймэл оюун ухаанд суурилсан виртуал программтай амиа хорлох талаар ярилцсаныхаа дараа амь насаа егүүтгэсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Ийм төрлийн тохиолдлууд нь хиймэл оюун ухааныг зохицуулалтгүй хяналтгүй ашиглах нь ямар эрсдэлтэйг тодотгож, ёс зүй болон нийгмийн түвшинд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг хөндөж байна.
Хиймэл оюун ухаан нийгмээс тусгаарлах асуудлыг багасгаж чадах уу, эсвэл бүр дордуулж болзошгүй юу? Түүхч Мелвин Кранцберг 1985 онд: "Технологи нь сайн ч биш, муу ч биш; тэр ч байтугай төвийг сахисан зүйл ч биш" хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Ёс зүйн зохицуулалтгүй хиймэл оюун ухаан нь тэгш бус байдлыг нэмэгдүүлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөнд заналхийлэх эрсдэлтэй.
Дижитал харилцаанд алгоритмаар удирдагддаг “шүүлтүүрэн орчин ” буюу мэдээллийн хязгаарлалт улам бүр тодорхой болж байна. Өргөн хэрэглэгдэж буй хиймэл оюун ухааны загварууд ихэвчлэн нэг талыг барьсан өгөгдлийн сан дээр суурилсан байдаг. Энэ нь одоогийн нийгмийн хэвшмэл ойлголтыг давтаад зогсохгүй, бүр гүнзгийрүүлэх эрсдэлтэй.
Цөөн хэдэн улс орон мэдээлэлийг системүүдэд давамгайлсан нь дэлхийн олон янзын нийгмийг бүрэн тусгаж чаддаггүй тул олон соёл, хэл, өөр өөр үзэл бодлыг орхигдуулах хандлагатай байдаг. Иймээс эдгээр технологийг хэрхэн бүтээж, ашиглаж байгааг нухацтайгаар эргэцүүлэн бодох нь урьд өмнөхөөс чухал болсоор.
Энэхүү нөхцөл байдлын хүрээнд Зүүн болон Төв Азийн Гёте-Институтууд – Бээжин, Сөүл, Токио, Улаанбаатар, Алматы, Ташкент, мөн Шанхай дахь Германы Ерөнхий консулын газрын Соёл, боловсролын хэлтэс – HAU Hebbel am Ufer театрын HAU4 дижитал тайз болон бусад түнш байгууллагуудтай хамтран 2025 оны “AIsolation” хиймэл оюун ухаан ашиглан бүтээх богино хэмжээний киноны уралдаанд уран бүтээлчлийг урьж байна.
Энэхүү уралдаан нь хиймэл оюун ухааны нийгэмд үзүүлэх нөлөөг шүүмжлэлтэйгээр эргэцүүлэх боломжийг бий болгох зорилготой юм.
Кино бүтээгч, уран бүтээлч, контент бүтээгч болон хиймэл оюун ухаан сонирхогч бүх хүнд уралдаан нээлттэй бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн тав хүртэлх минутын богино хэмжээний кино ирүүлэхийг урьж байна.
Оролцогчид өөрсдийн туршлага, үзэл бодол, харах өнцгөө “AIsolation” сэдвийн хүрээнд илэрхийлэхийн зэрэгцээ, хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглах, хүн ба хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг судлах замаар харааны хэлний хязгаарыг сорьж, урлагийн гоо зүйн шинэ шийдлүүдийг эрэлхийлэх боломжтой.
Кино, урлаг, хүмүүнлэгийн ухаан болон технологийн салбарын олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн баг ирүүлсэн бүтээлүүдийг үнэлэх болно.
Төгсгөлийн арга хэмжээ 2025 оны есдүгээр сард төлөвлөгдсөн бөгөөд уг арга хэмжээний үеэр кино үзүүлбэрүүд, шагнал гардуулах ёслол, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
Дижитал танилцуулга 2025 оны хоёрдугаар хагаст Гёте-Институтуудын онлайн платформууд болон HAU4 (
www.hau4.de) сайтаар олон нийтэд хүрэх болно.
Бүтээлч сэтгэлгээ, харах өнцгөөрөө ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
Шагнал
Шилдэг Урлагийн Инноваци: Ялагч нь Герман, эсвэл Зүүн болон Төв Ази руу аялах урилгаар шагнуулах болно (2026 он хүртэл хүчинтэй).
Ирээдүйн Хамгийн Бодитой Төсөөлөгч: Ялагч нь VR (Виртуал бодит байдал) төхөөрөмж бэлгэнд авна.
Онцлох 20 бүтээл нь Гёте-Институт, HAU Hebbel am Ufer болон түүний дижитал тайз HAU4, мөн Зүүн болон Төв Азид болон Германд зохион байгуулагдах соёлын төвүүд, кино наадам зэрэг түнш байгууллагуудын хүрээнд танилцуулагдах бөгөөд олон төрлийн дижитал платформууд дээр тавигдах болно.
Гёте-Институт нь нэр дэвшигчдэд ямар платформууд дээр танилцуулагдах тухай урьдчилан мэдээлэх болно.
Тавигдах шаардлага
- Уралдаанд кино бүтээгчид, уран бүтээлчид, контент бүтээгчид, хиймэл оюун ухаан сонирхогч бүх хүн, оюутнууд болон сонирхогчид оролцож болно.
- Тав хүртэлх минутын богино хэмжээний кино бүтээх шаардлагатай. Кино нь бүрэн эсвэл хэсэгчлэн хиймэл оюун ухааны загваруудыг ашиглан бүтээсэн байж болнов Шүүгчид хиймэл оюун ухааныг бүтээх үйл явцад утга учиртайгаар ашигласан эсэхийг харж үнэлэх болно.
- Оролцогчид сэдвийг илэрхийлэхийн тулд ямар ч жанрыг сонгох боломжтой. AI-ээр бүтээсэн дүрслэлийг ашиглан урлагийн илэрхийллийн хязгаарыг судлах, дахин тодорхойлохыг уриалж байна.
- Хүн ба хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны баримтуудыг (жишээ нь, дэлгэцийн зургууд) нь киноны хамт ирүүлэх ёстой.
- Ирүүлсэн бүтээлүүд нь эх хувилбар бөгөөд патент, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой. Гёте институт нь гуравдагч этгээдийн эрхийн зөрчлийг шалгах үүрэггүй болно.
- Финалистууд нь Гёте-Институт болон HAU Hebbel am Ufer-д өөрсдийн бүтээлийг олон нийтэд үзүүлэх болон холбогдох сурталчилгааны материалуудыг онлайн болон офлайн хэлбэрээр ашиглах эрхийг өгөх ёстой бөгөөд энэ эрх нь 2026 оны 12-р сарын 31 хүртэл хүчинтэй байна.
- Кино нь дуугүй эсвэл яриатай байж болох ч англи хэл дээрх хадмал орчуулгатай байх шаардлагатай.
- Уралдаанд оролцох материалыг дараах байдлаар бүрдүүлнэ:
Видео файл (1920 x 1080, .mov, .mp4, .mpeg, .avi форматтай)
Нэг хуудас PDF файл (нэр, утасны дугаар, имэйл хаяг, товч намтар, бүтээлийн товч тодорхойлолт англи хэлээр)
Нэг хуудас файл (pdf, png, jpg) - Хиймэл оюун ухаан ашигласан ажиллагааны баримтжуулалт
Оролцохыг хүссэн гарын үсэг зурсан мэдэгдэл.
- Бүрдүүлсэн материалыг 2025 оны 5 дугаар сарын 31-ний 23:59 хүртэл WeTransfer-ээр илгээх ёстой: aisolation@goethe.de. Оролцох хүсэлтээ амжилттай ирүүлсэн бол Гёте-Институт и-мэйлээр хариу өгнө.
- Уралдаанд оролцох бүтээлүүдээр нээлт хийхгүй.
- Тухайн оролцогч ганц бүтээл ирүүлж болно. Оролцох хүсэлтээ амжилттай ирүүлсэн тохиолдолд шинэчлэгдсэн хувилбарууд хүлээн авахгүй.
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг Гёте-Институт болон HAU Hebbel am Ufer хамтран томилсон шүүгчдийн баг хийх бөгөөд тус баг нь кино, урлаг, хүмүүнлэгийн ухаан, технологийн салбарын олон улсын мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Шүүгчдийн шийдвэр нь эцсийн бөгөөд эргэлзээгүй болно. Шийдвэрийг тогтоосон хугацаанд төгсгөлийн арга хэмжээний үеэр зарлана.
Шагналын үндэслэлийг шүүгчид төгсгөлийн арга хэмжээн дээр танилцуулах болно. Шагнал аваагүй бүтээлүүдийн талаар тайлбар өгөхгүй болно.
Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Гёте-Институт гаргах эрхтэй. Оролцох хүсэлтээ илгээх замаар оролцогчид уралдааны бүх нөхцөл, журам, зааврыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Зохион байгуулагчид
Гёте-Институт нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг соёлын байгууллага бөгөөд олон улсын соёлын солилцоог дэмжих, герман хэлийг түгээх, олон улсын соёлын хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой ажилладаг. Дэлхийн 98 орны 151 Гёте-Институт нь олон түнш байгууллагуудтай хамтран дэлхийн хэмжээнд холбоо тогтоож, өөр өөр үзэл бодол итгэлцлийн хүрээнд харилцан ажилладаг.
HAU Hebbel am Ufer нь олон улсын урлагийг толилуулдаг газар бөгөөд HAU1, HAU2, HAU3 гурван тайзан дээр бүжиг, театр, тоглолтын урлагийн орчин үеийн бүтээлүүдийг туурвин танилцуулдаг. HAU4 хэмээх дижитал тайз нь цахим орон зайд онцгойлон зориулсан бүтээлүүлийг танилцуулдаг. Мөн гибрид төслүүд нь зөвхөн www.hau4.de дижитал платформоор зогсохгүй, театрын бусад тайзан дээр ч гардаг. Бүтээлч хөгжүүлэлт, хөгжим, дүрслэх урлаг, хэлэлцүүлгийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн салшгүй бүрэлдэхүүн хэсгүүд юм. Тогтсон ансамбльгүй энэ театр нь Олон улсын хамтын бүтээл, наадам, Берлин болон (интер)националь театр, бүжгийн талбарын төсөлт бүтээлүүдийг хөгжүүлж, танилцуулдаг. Түүнчлэн HAU театр нь жилийн туршид Европын хамгийн алдартай бүжгийн наадам болох “Tanz im August”-ийг зохион байгуулдаг. Хөтөлбөрийн гол тулгуур нь орчин үеийн репертуар болон байнга шинэчлэгддэг тоглолтууд, мөн сэдэвчилсэн наадмууд юм.