Шаббир Хуссайн Мустафа нь SHIMURAbros-ын уран бүтээлчдийг Chasing the Light (Гэрлийг бэдрэхүй) (2017) хэмээх бүтээлээ Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн наадмын хүрээнд танилцуулж, Куанжү дахь төслийн үзэсгэлэнгээр олны хүртээл болгох Evacuation (Нүүлгэн шилжүүлэх) хэмээх бүтээлээ дэглэхийг урьж байна. SHIMURAbros нь Юка болон Кентаро Шимура нарын ах дүү хоёр уран бүтээлчээс бүрддэг. Тэдний уран бүтээлийн ”хурдасгуур” нь кино боловч SHIMURAbros-ийн хөдөлгөөнт дүрс нь хоёр хэмжээст кино дэлгэцээр үл хязгаарлагдан гэрэл ба матерын хувьсан өөрчлөгдөх тэнцвэрийг өгүүлнэ. Уран баримлын болон авангард кино элементийг инстоляцид нэгтгэснээр киноны хэлийг нэгэн цогц агаад хөнгөн аястай уран сайхны шинэ илэрхийлэмжээр тайлжээ. Ах дүү уран бүтээлчид 2017 онд Берлин хотод шилжин суурьшсан бөгөөд одоогоор Olafur Eliasson студид судлаачаар ажиллаж байна.
Гэрлийг бэдрэхүй хэмээх уран бүтээлээрээ ШИМУРА ах дүүс онтологи болон киноны хэлийг үргэлжлүүлэн судалжээ. Киноны гол дүр болоод кино зураг авах энергийн эх үүсвэрийг гэрэл хэмээн тодорхойлон хэд хэдэн үйл явдлыг учгаар холбожээ. Тэрхүү дараалсан үйл явдлуудыг гэрлийн гурван эх үүсвэр кинонд нэгэн зэрэг хөрвүүлсэн байна. Үүнд: Наргил модоор хийсэн хуучны гэрэл, хотын гэрлийн нийлэмж болон кино зураг авалтын гэрэлтүүлэг. Хүртэхүйгээр наадах энэхүү бүтээл хийсвэр дүрслэлээс эцэстээ аж үйлдвэржсэний дараах үеийн Сингапур дахь боомтын нам гүмхэн амьдралд уусан шилжинэ.
Нүүлгэн шилжүүлэх бол киноноос санаа авсан археологийн дурдатгал юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Литва улс дахь Японы эзэнт гүрний элчин сайдын яаманд дэд консулаар ажиллаж байх үедээ Европоос дайжиж буй 6000 гаруй польш болон литва еврей иргэнд өөрийн улсаар дамжин өнгөрөх визийг гараар бичин олгосон Тиунэ Сугихара болон түүний эхнэр Юкико нарын түүхийг өгүүлжээ. Тэд аль болох олон хүнд виз олгохын тулд өдөрт 18-20 цаг ажилладаг байсан гэх яриа байх. Энэ бол Японы эзэнт гүрнийг сөрөн зогссон ховор тохиол төдийгүй энэхүү үйлдлээрээ Сугихара гэр бүлээ ч аюулд учруулжээ. Амьд үлдсэн еврейчүүдийн нийгэмлэгтэй хийсэн ярилцлагууд болон бүдэг бадаг хадгалагдан үлдсэн архивын материалд тулгуурлан Evacuation өнөө цагт (бидний үед) хүнлэг энэрэнгүйн үйлсийн тухай хэлэлцүүлэг, энэ тухай тунгаан бодох орон зайг хэрхэн бүрдүүлэх тухайд авч үзнэ.