Төслийн танилцуулга

    Төслийн танилцуулга
    Дата зүүд

    Төр, хувийн хэвшлийн зүгээс өдөр бүр дэлхийн мэдээллийн урсгал болон бидний бодит үйлдэл, үйл ажиллагааг таньж мэдэх, хооронд нь холбох, үнэлж нэгтгэх зэрэг арга замуудыг олж, бий болгосоор байна. Энэ нь боломж хийгээд эрсдэлийг зэрэг дагуулж байдаг. Түүнээс гадна дижитал орон зай болон сүлжээнүүд нь өнгөрсөн үеэс уламжлал болон тогтмол яригдаж байдаг хүний хувийн асуудал болон нийтийн хэрэг, түүний эсрэг тэсрэгийн тухай төсөөллийг эргэцүүлэн авч үзэхийн зэрэгцээ хувийн болон нийтийн орон зайн харилцаны шинэ арга замуудыг нээж байна. Улам бүр хүрээгээ тэлсээр байгаа бидний хувийн мэдээллийн нэг хэсэг нь виртуал орон зайд хадгалагдаж, дижитал элементүүд бидний бодит амьдралын бүрэлдэхүүн хэсэг болсоор. Бид энэхүү дижитал шинж чанараа нэг талаас өөрсдөө зориудаар зохиож бий болгодог, нөгөөтээгүүр хүн бүрд нээлттэй бус алгоритмд суурилсан ихэвчлэн автоматаар нэгтгэсэн мэдээлэлээр баяжуулдаг байна.

    Эдгээр чиг хандлагыг Герман улсад болон Европт зарим талаар маш шүүмжлэлтэй хүлээн авч хэлэлцдэг хэдий ч олон зүйл дээр аргагүй хүлээн зөвшөөрөх шаардлагатай болдог. Харин Зүүн Азийн орнуудын хувьд шинэ техник технологийг илүү нээлттэй хүлээн авч, өдөр тутмын амьдралдаа туршиж үзэн хэрэглэдэг гэх таамаглал бий. Түүнчлэн Зүүн Азийн орнууд дижитал үйлчилгээ авах, техникийн инноваци болон дижитал хөдөлгөөн хийх хэрэглэгчийн тоогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг.

    Дижитал технологийн салбарт ашиг сонирхол, зорилго, хэрэгжүүлэх шийдэл зэргийн харилцан ойлголцол дутмаг байна. Ямар эрх зүйн зохицуулалт, нийгмийн бодлогоор тухайн нийгэмд нэвтэрч буй техникийн боломжуудыг хүлээж авч байна? Тэдгээрээс чухам хэдийг нь амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой вэ? Дижитал оршихуйтай харьцах нийгмийн болон уран сайхны ямар хандлага, соёлын ямар арга барилыг хөгжүүлж байна вэ?

    “Дата зүүд” нэртэй энэхүү төслөөр эдгээр асуултуудад хариулт өгөхийг зорьж байгаа билээ. Дижитал мэдээлэл болон мэдээллийн хэмжилттэй холбоотой дээр дурдсан асуултуудад өгөх хариулт бидний ирээдүй хэрхэн хөгжих асуудалд чухал нөлөө үзүүлэх юм. Төслийн зорилго нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжит стратеги, арга замуудыг тодорхойлж, шинжлэх ухаан болон уран сайхны талаас тусгаж албан бус, нээлттэй байдлаар санал бодлоо эрчимтэй солилцох үүдийг нээхэд оршино.

    “Бие даасан өрнөд” болон “Хамтын дорнод”-ыг туйлшран харьцуулахаас сэргийлэхийн тулд төслийн эхний үе шатанд мэдээллийн аюулгүй байдал болон интернетээр мэдээлэл нэгтгэн авах асуудалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт нэрлэсэн улс, орон бүрт (Хятад, Солонгос, Япон, Тайвань) ямар байдаг талаар судалгаа хийхэд гол анхаарлаа хандуулах болно (жишээ нь, Солонгос улсад нийтийн орчинг хянах үзэгдлийг эс тооцвол мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам маш хатуу байдаг юм байна).

    Зүүн Азийн бүсийн орнуудад бие даасан олон төрлийн платформ, дижитал үйлчилгээ үзүүлэгчид улам бүр нэмэгдээд байгаа бөгөөд түүнийг дагаад интернет хэрэглээний өвөрмөц хэлбэр үүсэн тогтсоныг мөн авч үзэх нь зүйтэй. Энд зөвхөн зах зээлд ноёрхоод байгаа АНУ-ын цөөн тооны бүтээгдэхүүнийг хэрхэв ч дурдаагүй. Хятад улсын хувьд зарим талаараа улс төрийн шалтгаан байх ч үндэсний, бүс нутгийн, хэлний болон нийгмийн бүлгийн хувьд хоорондоо ялгаатай олон тооны дижитал сүлжээ үүсэн бий болох өөр олон шалтгаан бий бөгөөд энэ нь судалгааны нэг хэсэг болно.

    Төслийн хоёр дахь шатанд дижитал оршихуй сэдэв рүү анхаарлаа хандуулах бөгөөд дараах асуултуудад хариу өгөхийг зорих юм. Үүнд: Амьдрал сүлжээнд хэрхэн суурьшиж, тэнд өөрийн гэсэн ямар амьдрал үүсэж бий болж байна? Дижитал орон зайд тогтмол ил тод байх жинхэнэ эсвэл хийсвэр хэрэгцээ шаардлагын улмаас бодит амьдрал дээр ямар эргэх холбоо үүсэж байна? Үүнтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдралд дижитал элементүүд чимээгүйхэн түрэн орж ирсээр байгааг бид өөрсдөө ч анзаардаггүй. Бидний амьдрал, нийгмийн харилцаа холбоо виртуал орчинд улам автсаар бодит амьдралыг бүрхэж, магадгүй бүр орловол юу болох вэ? Эсвэл бидний амьдрал дижитал мэдээллийн сангийн үр дүнд үргэлж виртуал орон зайд тусгалаа үлдээвэл юу болох вэ? Эдгээр асуултуудад уран сайхны аргаар хариулт өгөх, ижил төстэй уран бүтээлүүдийг нэгтгэх нь хоёр дахь шатны гол зорилго юм. Энэхүү төслийн бас нэгэн сонирхолтой хэсэг нь дижитал оршихуйтай зэрэгцэн үүсэж буй цахим мэдээллийг (түүний үр дүнг) хэрхэн ил тод болгох боломжийн тухай асуудал юм.

    Дата зүүд нь Хонконг, Бээжин, Сөүл, Шанхай, Тайпэй, Токио болон Улаанбаатар дахь Гёте-Институтийн хамтарсан төсөл юм.

      Javascript Datenträume