Урланд зочлохуй. Монгол уран бүтээлчдийн хөрөг
Монгол зургаас даавуун инстоляци руу: Зураач Б. Номингийнд зочилсон нь

Болдын Номин: Хөрөг
Болдын Номин: Хөрөг | © Б. Номин

Уран бүтээлч Б. Номин 1982 онд Улаанбаатарт төрсөн. Тэрээр үзэгч олонд хамгийн их танигдсан өнөө цагийн монгол зураачдын нэг бөгөөд орчин үеийн асуудлуудыг Монгол зургийн арга барилаар хөндсөн түүний бүтээлүүд дэлхийн олон орны үзэсгэлэн, галерейд тавигдаж байв. 2017 онд Кассел хотноо болсон documenta14 үзэсгэлэнд хоёр зургаараа оролцсон бол өнгөрсөн жил Бангкокийн Биеннальд нэгэн коллаж бүтээл нь тавигдсан билээ. Өнөөдөр бид түүнтэй урланд нь уулзахаар товлосон юм.

Von Александр Шнорбуш

Номин биднийг хармагцаа гар даллан мэндчилээд, нарны өөдөөс саравчлан харсаар хүлээн зогсоно. Шагайгаар татсан цайвар өнгийн хөнгөн даавуун банзал, хар цамц, сандаал өмсжээ. Ирсэн энэ газар маань Туул гол, Богд уулаас холгүйхэн Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших шинэхэн хороолол ажээ. Номин дөрвөн жилийн өмнөөс энд амьдарч, нөхрийн хамт урландаа ажиллаж байгаа аж. Түүний нөхөр Б. Баатарзориг мөн л зураач. Тэд Соёл Урлагийн Их Сургуульд сурч байхдаа танилцаж, өдгөө гурван хүүхдийн эцэг эх болжээ. Том хүү нь 17 настай бол бага нь дөнгөж гурван настай.
 
Тийм ч учраас уран бүтээлийн ажилдаа саяхнаас л эргэж ороод буй тухайгаа Номин тус байрны нэг давхарт байрлах урлангийнхаа хаалгыг нээж өгөх зуураа хуучилсан юм. Дотор таатай сэрүүхэн ажээ. Ханаар өөрсдийн болон найз зураачдынх нь бүтээлүүд өлгөөтэй. Хаалганаас холгүйхэн хана түшүүлж тавьсан, хараахан дуусаагүй зураг бол түүний одоо ажиллаж буй бүтээл аж. Зургийн өмнө нэг явган сандал, дээр нь зургийн хэрэгсэл болон гар утасны цэнэглэгч тавьсан жижиг дөрвөлжин шүүгээ. Тагтны шилэн хаалганы цаана улаан өнгийн гурван дугуйт харагдана. Бид цэвэр ус, хүйтэн бельги шар айраг сэлт өрсөн намхан модон ширээний ард суугаад ярилцлагаа эхэллээ.

  • Зураач урландаа © Монгол дахь Гёте-Институт

    Зураач урландаа

  • Б.Номингийн урлан © Монгол дахь Гёте-Институт

    Б.Номингийн урлан

УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕИЙН ХООРОНД

Александр Шнорбуш: Монголын зураачдын тухай уншиж судалж үзэхэд “уламжлал ба орчин үеийг хослуулсан” гэх өгүүлбэр их таардаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ тодорхойлолт үнэнд нийцэхгүй, хоосон үг байх нь цөөнгүй. Харин таны зургуудад энэ тодорхойлолт яг тохирох шиг санагддаг. Та Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг “Монгол зураг” чиглэлээр суралцаж төгссөн. Бүтээлдээ орчин үеийн сэдэв, орчин үеийн асуудлуудыг монгол зургийн арга техникээр дүрсэлдэг. Монгол зураг танд чухам юугаараа онцлог, сонирхолтой санагддаг вэ?
 
Б. Номин: Монгол зурагт олон янзын үйл явдал, цаг хугацааг нэг хавтгай дээр дүрсэлж болдог нь сонирхолтой санагдсан. Түүнээс гадна асар нарийн ажиллагаа шаарддаг учир цаг хугацаа, тэвчээр хэрэгтэй. Эхэн үедээ би урлагийн сургуульд заалгасан зүйлээ л бүтээлдээ хэрэглэж байсан бол яваандаа илүү чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй илэрхийлж сурсан.
 
АШ: Та ер нь яагаад зураач болсон юм бэ?  Зураач болно гэж хэзээ шийдсэн бэ?
 
БН: Багадаа би ичимхий, дотогшоо хүүхэд байлаа. Харин нэг зүйл хийхээрээ уйгагүй удаан сууж чаддаг, бас их тэвчээртэй. Бараг бүх хүүхэд зураг зурах дуртай байдгийн адил би ч бас зурах дуртай байв. Ээж, аав хоёр маань үүнийг анзаарч, зурах авьяасыг минь олж харсан юм. Соёл Урлагийн Их Сургуульд багшилдаг хамаатны ах маань намайг монгол зургийн ангид шалгалт өгч үзэхийг зөвлөсөн. Тэр үед би жаахан хүүхэд байсан болохоор уг нь хувцас загвар илүү сонирхолтой санагдаж байсан юм. (инээв)

БАЯЛАГ ДЕТАЛЬ БҮХИЙ ЗОХИОМЖ

АШ: Тэвчээрийн тухайд. Таны бүтээлүүд дунд олон деталь, нарийн ажиллагаатай, тийм ч учраас үзэгч цаг зарцуулж, анхааралтай ажиглах шаардлагатай зургууд олон. Тухайлбал "Эмх замбараагүй тоглоом", "Монголын нэг өдөр", "Саарал ордон" бүтээлүүд гэхэд хэдэн арван дүр, дүрслэлтэй. Энэ зохиомжууд тань хэрхэн бүтдэг бол?
 
БН: Зургийн санаа харилцан адилгүй төрдөг. Ганц үг юм уу үйл явдлаас санаа төрөх үе байдаг бол зарим нь хэдэн жил бодож боловсруулсны дүнд бүтэх нь ч бий. Би зургийнхаа ерөнхий зохиомжийг бодож боловсруулчхаад зурж эхэлдэг. Харин зурагт дүрслэгдэх жижиг дүр, деталиуд зурах явцад урган гарч ирдэг. Ер нь аливаа бүтээлд санаанаас гадна тухайн уран бүтээлч багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр шингээсний дараа л бүтээл өөрийн гэсэн үнэ цэнээ олдог болов уу гэж би боддог.
  • "Саарал ордон" (2017) © Б. Номин

    "Саарал ордон" (2017)

  • Саарал ордон (деталь) © Б. Номин

    Саарал ордон (деталь)

АШ: Мөн шашны бэлгэдэл, дүрсүүдийг та нэлээн их ашигладаг.
 
БН: Бурхан шашны дүрслэлүүдийг би ерөнхийдөө сайн сайхан зүйлсийн бэлгэдэл маягаар ашигладаг гэх үү дээ. Хүмүүс ер нь бурхан шашин гэхээр сайхан амьдрал, аз жаргалын талаар л төсөөлдөг шүү дээ.
 
АШ: Та өөрийгөө шүтлэгтэй хүн гэж үздэг үү? Монголын өнөөгийн нийгэмд шашин ямар үүрэгтэй гэж боддог вэ?
 
БН: Шүтдэг гэхээсээ илүү би бүх шашныг хүндэтгэдэг. Яагаад гэвэл шашин бүрд үнэн зөв, сайн сайхан зүйлс байдаг. Харин шашныг буруугаар ашиглах юм уу мухар сүсгээр хандвал утга учраа алдана.

ЧАГТАГА БУЮУ: MEMENTO MORI МОНГОЛ ЗУРААЧИЙН ХЭЛЭЭР

АШ: Таны сүүлийн үеийн бүтээлүүд, тухайлбал "Чагтага" юм уу эсвэл одоо ажиллаж буй энэ бүтээлийг тань харахад та Монгол зургийн хэв маягаас улам бүр алсарч, холдож буй мэт сэтгэгдэл төрж байна.
 
БН: Тийм ээ, миний сүүлийн бүтээлүүд тэс өөр хэв маягтай болсон. Гэхдээ дүрслэл, элементүүдэд нь монгол зургийн хэв маяг агуулагдсаар байгаа гэж бодож байна.
 
АШ: “Чагтага” гэдэг нэр ямар учиртай вэ?
 
БН: Чагтага бол монгол гэрийн тоононы голоос зүүлттэй байдаг уяа. Монголчууд чагтагыг ихэвчлэн бэлгэдлийн талаас нь тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэр айлыг муу муухайгаас хамгаална гэх мэт. Гэвч яг үнэндээ чагтага маш бодитой, том үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ хүчтэй салхи шуурга гарвал тэр чагтаганаас хүнд зүйл өлгөж, гэрийг хийсэхээс хамгаалдаг.
 
АШ: Энэ зураг дээр улаан утсаар өөр хоорондоо холбогдсон бүжиглэж байгаа өнгө өнгийн араг яснууд дүрсэлсэн байна.
 
БН: Энэ олс хэн ч дангаар үл оршино гэсэн санааг илтгэнэ. Хүн бүр өөрөө өөртөө эзэн болохоос гадна бусдын үйлдэл бидэнд, бидний үйлдэл бусдад нөлөөлж байдаг. Араг яснууд харин мөнх бусыг илэрхийлнэ. Хүн бүрийн амьдрал эрт орой хэзээ нэгэн цагт дуусдаг шүү дээ.
Чагтага (2020)
Чагтага (2020) | © Б. Номин

МОНГОЛ ЗУРГААС ДААВУУН ИНСТОЛЯЦИ РУУ 

АШ: Араг яс, хүний гавал, яс зэрэг дүрслэлүүд “Тээвэрлэгч”, “Тэнгэр” хэмээх шинэхэн хоёр бүтээлд тань мөн л оржээ. Энэ хоёр бүтээл тань маш их ажиллагаа шаардсан даавуун инстоляци болон ханын дэлгэмэл даавуун хивс маягийн бүтээл юм.
 
БН: Даавуун инстоляци хийж үзэх санаа надад эртнээс төрсөн ч зүрхэлж хийхгүй яваад байсан юм. Тэгтэл манай бага хүү төрсөн. Ингээд сүүлийн гурван жил гэртээ хүүхдээ харж суух үедээ олон жил бодсон ажлаа барьж авч, даавуутай ажиллаж, оёж эхэлсэн. Гэтэл сонирхолтойгоос гадна ийм төрлийн бүтээлээр би өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлж чадаж байх шиг санагдсан. Нэг ёсондоо үзэгчид илүү ойртож, хүрч байгаа мэт сэтгэгдэл төрсөн.
 
АШ: Зургуудаас тань ялгаатай нь, энэ бүтээлүүддээ та цөөхөн өнгө, тодруулж хэлбэл хар, улаан, цайвар гэсэн гуравхан өнгө ашиглажээ. 
 
БН: Би ер нь өнгөлөг зүйлс, нартай өдөр гэх мэт гэгээлэг зүйлс дуртай. Харин энэ удаа өөр зүйл хийж, өөрийгөө өөрчилж үзмээр санагдсан юм. "Тэнгэр" бүтээлийн санаа 2019 онд гарсан. Энэ бол бөөгийн дуудлага шүлгээс дөрвөн мөрийг морз үсгээр хөрвүүлж бичсэн дүрслэл юм. Өнгөний сонголт энгийн цөөхөн байгаа нь ч үүнтэй холбоотой. Дараа харин олон өнгө орсон инстоляци хийнэ гээд бодчихсон байгаа. (инээв)
  • Тээвэрлэгч (2021) © Б. Номин

    Тээвэрлэгч (2021)

  • Тэнгэр (2021) © Б. Номин

    Тэнгэр (2021)

АШ:  “Үзэгчид илүү ойртож, хүрч байгаа мэт сэтгэгдэл төрсөн” гэж та хэллээ. "Саарал ордон" гэх мэт зарим бүтээл тань Монголын улс төр, нийгмийн өнөөгийн байдлыг шүүмжлэлт маягаар илтгэн харуулах шиг санагддаг. Харин сүүлийн үеийн бүтээлүүдээс тань иймэрхүү санаа олж харах амаргүй юм. Та ер нь зургуудаараа хэрхэн нөлөөлөхийг хүсдэг вэ? Бусдад нөлөөлнө гэдэг таны хувьд хэр чухал вэ? 
 
БН: Аливаа уран бүтээл үзэгчид ямарваа нэг хэмжээгээр нөлөөлөх ёстой. Уран бүтээлч хүн үүний төлөө л бүтээл хийдэг байх. Гэхдээ сүүлийн үед би өнөөгийн нийгмийн асуудал гэхээсээ илүүтэй хүн рүү чиглэж, хүний оршихуй, мөн чанар гэх мэт сэдэвт анхаарлаа хандуулах болсон. Яг одоогоор бол би “Энэ хорвоо дээр ирээд буцах богинохон хугацаандаа хүн хэрхэн зөв амьдрах вэ” гэх асуултыг бүтээлүүдээрээ хөндөхийг зорьж байна.
 
АШ: Ярилцсанд баярлалаа.

 

Урланд зочлохуй: Монгол уран бүтээлчдийн хөрөг

Монголын орчин үеийн урлагийн ертөнц олон өнгө төрхтэй, эрч хүчтэй өрнөж байна. Уран зураг, электрон хөгжим, бүжиг, кино, уран зохиол, медиа урлагийн талбарт монгол уран бүтээлчид илэрхийллийн шинэ арга хэлбэр, дэлхий ертөнц дэх өөр өөрийн арга замыг хайж эрэлхийлж бас олсоор явна. Монсудар хэвлэлийн газартай хамтран хоёр ч цуврал бүтээл эрхлэн гаргаад буй зохиогч Александр Шнорбуш уран бүтээлчидтэй ажлын орчинд нь уулзаж ярилцан, уншигч та бүхэнд танилцуулж байна.