Урланд зочлохуй. Монгол уран бүтээлчдийн хөрөг
Бүжиг ба тамга: бүжиг дэглээч, судлаач М. Мөнгөнцэцэгтэй ярилцсан нь

Хөрөг зураг: М. Мөнгөнцэцэг
Хөрөг зураг: М. Мөнгөнцэцэг | © Монгол дахь Гёте-Институт/А. Шнорбуш

М. Мөнгөнцэцэг бол бүжиг дэглээч, судлаач. Тэрээр соёл урлагийн их сургуульд монголын уламжлалт бүжиг, бий биелгээний багшаар ажиллаад 17 жил болж байна. Мөнгөнцэцэг хадны зураг, малын тамгыг судалж, тэдгээрээс бүжгийн шинэ хөдөлгөөнүүд зохион хөгжүүлж байгаа ажээ. Түүнчлэн бий биелгээг модерн бүжгийн элементүүдтэй хослуулсан бүжгүүд дэглэн тавьдаг. Бид түүний албан өрөөнд уулзахаар товлосон юм.
 

Von Александр Шнорбуш

Соёл урлагийн их сургуулийн хоёрдугаар байр төвөөс зайдуухан, хотын хойд хэсэгт орших төдий л анзаарагдамгүй гурван давхар барилгад байрладаг ажээ. 1990 оноос хойш энд дизайн, уран зураг, бүжгийн мэргэжил эзэмшихээр суралцсан, суралцаж буй оюутнуудын хөлд шатны гишгүүрүүд элэгдэж мөлийжээ. Үүдний танхимын төвд буй яст мэлхийн баримлыг тойруулан тавьсан бандан сандлаар оюутнууд элдэв яриа өрнүүлэн сууцгаах агаад зарим нь халуунаа барьдаг аяга барьжээ. Сургуулийн хоолны газраас буузны үнэр ханхална.

Мөнгөнцэцэг гуравдугаар давхарт байх албан өрөөндөө тэнхимийн бусад багш нарын хамт суудаг ажээ. Бид нэгэн сул ангид орж ярилцлагаа хийхээр болов. Өрөөнд нар тусаж, халаагуур халуу дүүгэх учир юун түрүүнд цонхыг нь нээлээ. Мөнгөнцэцэг хүрээгүй нүдний шил зүүж, цэцгэн хээтэй, улаан, хөх, алтлаг өнгийн эмжээр бүхий захтай хар дээл өмсжээ. Нэг цаг орчим ярилцсаны дараа түүний хичээлийн цаг болсон тул бид бүжгийн хичээлийн танхимд орцгоосон билээ.

  • Бүжгийн танхимд © Монгол дахь Гёте-Институт/А. Шнорбуш

    Бүжгийн танхимд

БИЙ БИЕЛГЭЭ


АШ: Бий биелгээ гэхээр Монголд бол ихэнх хүмүүс мэднэ. Харин бусад орны хүмүүс бүжгийн энэ төрлийг тэр бүр мэдэхгүй. Бий биелгээ гэж юуг хэлдэг юм бэ?

ММ: Зан үйл, мал аж ахуй, газар тариалантай холбоотой амьдралын өдөр тутмын ахуйн үйлдлүүдийг уран сайхны хэлбэрт оруулж бүжиглэхийг бий биелгээ гэж байгаа юм. Ахуйн амьдрал дээр байгаа үйлдлийг этюд маягаар хийвэл “бий”, ямар нэгэн үйл явдлыг хөгжимтэй илэрхийлж байгаа бол “биелэг”, харин тайзан дээр олуулаа, олон хөгжмийн зэмсэгтэй, үйл явдалтай, утга санаатай хийвэл “биелгээ” болдог онцлогтой.

АШ: Бий биелгээ монгол үндэсний олон янзын бүжгүүдээс хамгийн эртнийх нь, мөн эх үүсэл нь болдог. Бий биелгээг 2009 онд ЮНЕСКО-ийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн. Тэр үед та Парист очиж, энэ бүжгийг нийтэд танилцуулж бүжиглэсэн шүү дээ. Хятад улс мөн бий биелгээ манайхаас үүсэлтэй гэснээс үүдэн энэ асуудал өмнө нь маргаантай байсан.

ММ: Тийм шүү. Гэхдээ бий биелгээ Монголд анх үүссэнийг нотлох баримт элбэг бий. Тэр дундаа хадны зураг, малын тамган дээр энэ бүжгийн хөдөлгөөний дүрслэл олддог. Бий биелгээ Монголд өнөөг хүртэл өргөн тархсан. Зөвхөн баруун монголын 21 угсаатанд л гэхэд 71 төрлийн бий биелгээ байдаг.

АШ: Та бий биелгээтэй анх хэрхэн холбогдсон юм бэ?

ММ: Би гурван нас хүртлээ Дундговь аймагт эмээ дээрээ өссөн юм. Багадаа Улаанбаатарт ирсний дараа аав ээж маань түрхэн зуур анхаарал алдах үед гурван давхрын цонхоор унаж хүнд гэмтсэн юм. Гэмтэл бэртлээ эдгээж, биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн сайн хийх, спортоор хичээллэх хэрэгтэй болсон. Ингээд намайг найман настай байхад аав ээж маань бүжгийн дугуйланд бүртгүүлснээр бий биелгээ сурч эхэлсэн.

ДӨРӨӨ

АШ: Та дунд сургуулиа төгсөөд бүжгийн чиглэлээр суралцаж, их сургуулиа дүүргэсний дараа эндээ багшилж эхэлсэн. Тэгээд 1998 онд “ямар нэгэн орчин үеийн бүжиг зохиож дэглэх” даалгавар авсан гэж байсан.

ММ: Амаргүй даваа байсан. Тэгээд би “Уламжлал” гэдэг сэдэвтэй бүжиг дэглэсэн юм. Тухайн үед монголд модерн бүжгийн урсгал чиглэл цоо шинэ байгаагүй ч надад тэр талын туршлага хомс байлаа. Энэ бүжгээ би Өмнөговь аймгийн Жавхлант суманд байдаг нэгэн хадны зургаас санаа авч дэглэсэн. Сэдвийн тухайд гэвэл хөдөө амьдарч буй малчин хосын тухай өгүүлж, өглөөнөөс үдэш хүртэлх тэдний өдөр тутмын аж амьдрал, бүр хосын дотно харилцааг ч харуулдаг. Энэ бүжиг маань тухайн үедээ нэлээн шуугиан тарьсан.

АШ: Та 2000-аас 2004 оны хооронд Австрийн Вена хотод ажиллаж амьдарсан. Энэ үе таны ажил мэргэжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

ММ: Би Вена хот дахь орчин үеийн бүжгийн сургуульд олон янзын сургалтад суусан. Тэнд монгол биелгээний дасгалуудыг хийж үзүүлэхэд “Энэ модерн бүжгийн дасгалуудыг хаанаас сурсан юм бэ?” гэж байнга асуудаг байв. Тэгээд л би манай биелгээ, модерн бүжгийн дунд нийтлэг зүйлс байдаг юм байна, тиймээс хооронд нь хослуулж болмоор юм байна гэж бодсон.

АШ: Та “Дөрөө” хэмээх бүжигтээ та яг энэ санаагаа хэрэгжүүлжээ.

ММ: “Дөрөө” бүжгийг би 2012 онд хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр, антропологич Б. Лхагвасүрэн, найруулагч Д. Энхбаяр нартай хамтран бүтээсэн. Энэ бүжигт байгаль, амьтан, хүн гурвын холбоог харилцааг өгүүлнэ. Хүн байгальд ямар хор хохирол учруулдгийг харуулж, үүний улмаас гай зовлон ирж болохыг анхааруулсан бүтээл. “Тогоруу шувууны өндгийг хагалбал төмөр дөрөө сэтэртэл хараадаг” гэх ардын үгнээс энэ бүжгийн санаа төрсөн.
  

МАЛЫН ТАМГА

АШ: Докторын зэрэг горилох бүтээлдээ та хадны зураг, малын тамгыг судалж, тэдгээрийг бүжгийн шинэ хөдөлгөөнд хөрвүүлж байгаа. Энэ санаа танд хэрхэн төрсөн юм бэ?

ММ: Бүр оюутан байх үеэсээ л би хадны сүг зураг сонирхож эхэлсэн. Тэр үедээ Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуйн хавьцаах ууланд байх хадны зургаас сэдэвлэн “Хослол” нэртэй бүжиг зохиомжилсон юм. Тэгэхэд бусад оюутнууд намайг хадны сүг зургаас санаа авч бүжиг тавьсан гэнэ гэлцэн шоолж инээлдэж байсан. Харин нэг багш маань намайг зоригжуулж, энэ ажлаа үргэлжлүүлэх урам өгсөн.

АШ: Та чухам яаж ажилладаг вэ?

ММ: Ер нь хадны болон агуйн зураг тухайн цаг үе, нийгмийн түүхэн хөгжлөөс хамаарч тайлбарлагддаг. Гэхдээ бүжгийн тодорхой хөдөлгөөнүүдийн үүсэл гарлын тухай үнэ цэнтэй мэдээлэл агуулдаг юм. Нэг талаас би энэ судалгаагаараа бүжгийн урын санд хэдийнээ орсон хөдөлгөөнүүдийг хадны сүг зураг, малын тамганаас олж илрүүлэх, нэрлэхийг эрмэлздэг. Нөгөөтээгүүр тэдгээрээс бүжгийн шинэ хөдөлгөөнүүд зохион хөгжүүлж, бүжгийн урлагийн санг баяжуулахыг хичээж байна.

АШ: Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн намтар луу эргээд оръё. Таны бүх ах, эгч дүүс, аав ээж тань хүртэл Австрид амьдардаг. Тэгсэн атал та 2004 онд яагаад Монголдоо эргэж ирсэн юм бэ?

ММ:  СУИС-ийн Бүжгийн урлагийн салбарыг үндэслэгчдийн нэг Балдангийн Алтанцэцэг, Дунжаагийн Нанжид багш нар маань нутагтаа эргэж ирээд ажилдаа орж, монгол үндэстний уламжлалт бүжгийн хичээлээ заа гэж урьсан юм. Би эх орондоо их хайртай хүн, тийм ч учраас энэ урилгыг хүлээн авсан. Монголдоо хайртай дуртай байдаг минь багадаа хөдөө их явдаг байсантай холбоотой болов уу. Эмээ минь малын эмч хүн. Ажлаар хөдөө их явна, тэр бүрдээ намайг дандаа авч явдаг байлаа. Одоо би судалгааныхаа ажлаар явж, малчин айлуудаар очиход гэртээ ирэх шиг санагддаг юм. Байгаль, газар нутаг ч танил санагдах нь цөөнгүй. Тийм үед “Би багадаа энд ирж үзсэн байх” гэж боддог юм.

Хадны сүг зураг
©М. Мөнгөнцэцэг
Урланд зочлохуй: Монгол уран бүтээлчдийн хөрөг

Монголын орчин үеийн урлагийн ертөнц олон өнгө төрхтэй, эрч хүчтэй өрнөж байна. Уран зураг, электрон хөгжим, бүжиг, кино, уран зохиол, медиа урлагийн талбарт монгол уран бүтээлчид илэрхийллийн шинэ арга хэлбэр, дэлхий ертөнц дэх өөр өөрийн арга замыг хайж эрэлхийлж бас олсоор явна. Монсудар хэвлэлийн газартай хамтран хоёр ч цуврал бүтээл эрхлэн гаргаад буй зохиогч Александр Шнорбуш уран бүтээлчидтэй ажлын орчинд нь уулзаж ярилцан, уншигч та бүхэнд танилцуулж байна.