Вернер Херцог
Кино зохиолч Вернер Херцогийн мөн чанар

​Ихэнх хүмүүс Вернер Херцогийг нэрт кино жүжигчин Клаус Кинскитэй хамтарч ажилласан өнөөх солиотой найруулагч гэдгээр нь таних байх. Германчууд мэдээгүй байх зуур тэрээр дэлхийд алдартай баримтат киноны найруулагч болжээ.

2012 оны 9 сард кино найруулагч Вернер Херцог 70 насыг зоогложээ. Түүнийг хүмүүс жүжигчин Клаус Кинскитэй хамтарч ажилласан найруулагч гэдгээр нь танина бас муу хэлнэ. “Миний дайсан бол миний найз” (1999)  киног нь өдгөө германчууд андахгүй мэднэ. Энэ кинонд 1991 онд насан эцэслэсэн жүжигчинтэй хамтран 1972 оноос 1987 оны хооронд хийсэн 5 киноны бүтсэн түүхийг эргэн дурсдаг. 

Хувь хүнд тохиосон бэрхшээл хийгээд массын буруу ойлголт

Кинскитэй хамтарч “Фицкарральдо” (1982) киног хийсэн 3 жилд Херцог нэг тийм “бүтээлч нүх”-нд уначихжээ. Тэрээр “Одойчууд бас л багаас нь эхэлцгээсэн” кино (1970)-ноос хойш Германд багагүй хэл аманд өртсөн юм. Кинондоо өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг тоглуулан тэдний хөдөлмөрийг мөлжсөн хэмээн түүнийг буруутгаж байлаа. Яв явсаар түүнийг  “фашист” гэж дайрч доромжилсоныг өнөөдрийн нөхцөл байдлаас авч үзэхэд тийм гэж хүлээн зөвшөөрөмгүй, дайралт бүхнийг ойлгох арга үгүй. 1970, 80-аад онд кино зохиолчийг ямар ч үндэслэлгүйгээр гутаан доромжилж байсны дийлэнх нь мөн л гүжир гүтгэлгийн шинжтэй байлаа. .

Херцог хувийн орон зайд нь халдсан олон нийтийн зүгээс ирэх дайралтад цэг тавихаар 1990-ээд оны дундуур Калифорни муж улсад цагаачлан тэндээ өдийг хүртэл амьдран сууж байна. Нэг л мэдэхэд өөрийн гэсэн үзэгчидтэй болж амжсан тэрээр уран сайхны гэхээсээ илүү баримтат кино бүтээж эхэлжээ.  Чамбай болсон баримтат кинонуудаас нь нэрлэвэл  Grizzly Man (2005) . Энэ киногоороо АНУ-д олон ч шагналыг хүртэж, дэлхийн олон орны үзэгчдийн талархлыг хүлээв. Харин Германд л амжилт олсонгүй. Оршин суугаа газраа од болсон түүний герман аялгатай хэл яриаг тэндхийн мэдээллийн бүхий л хэрэгслээр элэгсгээр дуурайх нь бий. Тайм сэтгүүл 2009 онд Ангела Меркелээс гадна Херцогийг оны нөлөө бүхий 100 эрхэмийн нэгээр тодруулж байжээ.
.

КинО ЗОХИОлЧИЙН мөн чанар

Харин түүний төрсөн нутаг Германд 2010 оны эхнээс л Херцог руу анхаарал хандуулж эхэлжээ. Түүнийг Берлиний олон улсын кино наадмын шүүгчдийн ахлагчаар сонгогдсон, өөрийн цуглуулгаа Германы кино архивт гардуулсан үеэс сонирхох болов. “Мартагдсан зүүдний хонгил” (2010) киногоороо Харальд Шмидтийн шоун дээр сурталчилгаа хийж чадав.

Херцогийн хувь хүн, түүний олон нийтэд танигдсан төрхийг түүний кинонуудаас ялгаж салган ойлгох боломжгүй юм. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд кино салбарт олон тооны кино (дэлгэцийн 60 гаруй кино) бүтээсэн, олон ч жил  (1962 оноос хойш)  олон орны өөр өөр кино урлагийн системд  (Герман, АНУ, кино ертөнц болон телевизийн салбарт) ажиллахдаа уйгагүй уран бүтээлээ туурвисаар ирсэн  Вернер Херцог шиг найруулагч байхгүй л болов уу. Кино зохиолч хүний мөн чанарын тухай асууваас гарцаагүй түүнийг гэж нэрлэхсэн. Түүний кинонууд агуулга, гоо зүйн уялдаа холбоотой болсон байх агаад түүний амьдрал, хувь хүнтэй ямар нэг сэжмээр холбогдох юм. Ийн “Баварийн радио”-гийн редактор Моритц Холдефелдер Херцогийн 70 насны төрсөн өдөрт зориулан эрхлэн гаргасан намтрын номын өмнөтгөлд бичжээ. Дашрамд дурдахад намтрын номын зохиогч номыг гаргахаас өмнө Херцог найруулагчаас  зөвшөөрөл аваагүй билээ.  

НАМТАР

Вернер Херцогийн талаар ойрын мэдээллийг өгч чадах хүн бол түүний эцэг/эх нэгт дүү, менежер Луки Стипетик.  Энэ ч утгаараа Холдефелдер түүнээс ярилцлага аван баримтжуулсан нь, ерөөс энэхүү намтрын ном хэрхэн бүтсэн тухай хуучилсан нь нүдээ олсон гэлтэй. Холдефелдерт ярилцлага өгсөн хүмүүсийн дундаас түүнтэй хамт сурч байсан Вольфганг фон Унгерн-Штернберг, найруулагч Александр Клуге нар үлгэр домгийн бус, илүүтэй бодит түүхийг өгүүлжээ. Тухайлбал Херцог, Клугегийн кино зургийн камерыг  тухайн үед зээлж аваад анхны киногоо хийж байсан байна. Камераа Клуге одоог хүртэл хадгалж байгаа. Херцог харин Клугег анхны камерыг нь хулгайлсан гэдэг байна.

Энэхүү намтрын номонд Херцогийн Америкт өнгөрүүлсэн он жилүүдийн тухай дурсаагүй билээ. Энэ талаар болон Херцогийн тухай илүү ихийг мэдье гэвэл 2000-аад оны эхнээс уншигчдын хүртээл болсон бүтээлүүдээс танилцаж болно.

Ашигласан ном, хэвлэл
 

Петер В. Яансен / Вольфрам Шуитте (Эрхлэн гаргагч):
Вернер Херцог (Кино цуврал 22, Хансер Mюнхен, Вена 1979)

Тимоти Корриган (Эрхлэн гаргагч):
Вернер Херцогийн кинонууд. Зүүд зэрэглээнээс түүх бүтээх хүртэл (Mетуэн, Нью-Йорк, Лондон 1986)

Паул Кронин (Эрхлэн гаргагч):
Херцог бас дахин Херцог  (Фейбер&Фейбер, Лондон 2002)

Бред Прагер:
Вернер Херцогийн кинонууд: Сэтгэлийн хөөрөл ба үнэн (Валлфлавер, Лондон, Нью-Иорк 2007)

Хрис Вааль:
Херцогийн тухай лекц. Германы мартагдах дөхсөн кино зохиолч Вернер Херцог, түүний уран бүтээлийн сонин хачинаас (“Эдишн текст+ Шүүмж” хэвлэлийн газар, Mюнхен 2011)

Эрик Aмес:
Гашуун бодит түүх: Вернер Херцогийн тухай баримтууд (Миннесотагийн их сургуулийн дэргэдэх хэвлэлийн газар, Миннесота 2012)

Mоритц Холдефелдер:
Вернер Херцог (ЛангенMюллер, Mюнхен 2012)

Бред Прагер (Эрхлэн гаргагч):
Анд нөхөр Вернер Херцог танаа  (Вилэе, Хобокен, эНЖи 2012)