Хүчирхэг бас гайхамшигтай
Себастиан Шипперийн “Викториа”

“Victoria” by Sebastian Schipper
Photo (detail): © Senator Film Verleih

Боксер, Зонне, Блинкер, Фуус гэсэн 4 залуу болон Викториа нар Берлиний шөнө дөлөөр дэггүйтэн пижгэнэнэ. Гэвч их хотын гэмгүй зугаа, наргиан төд удалгүй хар дарсан зүүд болох нь тэр. Найруулагч Себастиан Шиппер “Викториа” триллер киногоороо үзэгчдийг төдийгүй кино шүүмжлэгчдийг байлдан дагуулж байна.

Викториа диско клубт бүжиглэсээр, бүжиглэсээр л.  Клубын гэрэл цацран анивчиж, электро хөгжмийн нүргэсэн хэмнэл дунд Викториа мөрөө хөдөлгөн бүжиглэнэ.  Дух нь хөлсчээ. Нүдээ аньсан тэрээр ядарсан ч аз жаргалтай харагдана. Найруулагч Себастиан Шиппер эхний сценээр л үзэгчдийг үйл явдалд хөтлөн оруулна. Харин удаахь 140 минутанд үзэгч таныг киноны үйл явдалд бүрэн оролцуулж, залуусын бүлэглэлийн  6 дахь гишүүн болгосон байх вий.
 

“БИ МАДРИДЫГ МЭДНЭ ЭЭ, БҮР ЖИНХЭНЭ МАДРИДЫГ ШҮҮ!”

Берлиний залуусын нэгэн бүлэглэл Зонне (авьяаслаг жүжигчин Фредерик Лау), Боксер (жүжигчин Франц Роговски), Блинкер (жүжигчин Буурак Еижит), Фуус (жүжигчин Макс Мауфф)  гэх залуусаас бүрдэнэ. Харин тэдэн дээр Викториа (хайр хүргэм Лаиа Коста) нэмэгдэх болно.
Берлин хотын шөнийн клубын гадаа:  Өмнө нь хэрэг зөрчилд орооцолдож байсан залуус  (Тэд “Би Мадридыг мэднэ ээ, бүр жинхэнэ Мадридыг шүү!” гэж орилох аж)  испани охин Лаиатай танилцана. Тэд хамтдаа наргина. Дэлгүүрээс шар айраг хулгайлаад  дээвэр дээр хар тамхи татна. Найруулагч Шиппер “Absolute Giganten” нэртэй анхны кинондоо ч бас үүнтэй ижил эцэс төгсгөлгүй их хотын амьдралыг үзүүлдэг.  Тэр амьдрал өрнөх тусам хариу ирэх цохилт нь эрчимждэг. Хар дарсан зүүд байлтай зүйлс бодит амьдралыг бүрхдэг. Шиппэр “Викториа”-д их хотод болсон нэгэн түүхээр энэ сэдвийг дахин хөндөж  ямар ч өршөөл энэрэл, хайр найргүйгээр бүхнийг үзүүлжээ.

АЗ СОРЬСОН ТУРШИЛТ

Найруулагч Шиппер киногоороо аз туршсан эрсдэлтэй алхмуудыг хийсэн юм. “Викториа” кинонд  жүжигчид тэр дор нь импровизаци хийж харилцан яриаг өрнүүлсэн. Бас киног авах арга барилаар онцлог гэж хэлж болно. Учир нь киног нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар авчээ. Ямар ч эвлүүлэггүй бүтсэн нь найруулагчийн зүгээс зоригтой шийдэл болсон гэлтэй. Мөн камераар тасралтгүй зураг авсан кино зураглаач Стурла Брандт Гроевлэнгийн ур чадвар энэхүү киног амжилттай болгожээ. Хэвлэлийн бага хурлын үеэр хүмүүс авьяаслаг зураглаачид баяр хүргэн алга нижигнүүлэн ташиж байлаа.