Коронагийн өмнөх, явцын болон дараах үеийн цахим сургалт
Гадаад хэлний хичээл гэнэт цахим болсон нь

Коронагийн үеийн цахим сургалт
Гэрэл зураг: Guido Hofmann, © unsplash

Корона вирусээс үүдэн цахимаар хичээллэх болсон дамжаанд суралцах-энэ хэрхэн амжилттай байж чадах вэ? Цэвэр цахим сургалтад ямар шаардлага тулгарах вэ? Энэ талаарх судалгааны сүүлийн дүнг шинжилж үзье.

Коронагийн өмнөх үе: Чиг хандлага болон зөвлөмжүүд

Гадаад хэлний хичээлийн хүрээнд цахим программуудыг ашиглах зайлшгүй шаардлагатай хэмээн үзээд удаж байна (Grein&Strasser, 2019 Grein et al 2019-ийг харьцуулж үзнэ үү).

Цахим программуудыг ашиглахад харааны төдийгүй шилж сонгох анхаарал буюу чухал зүйлдээ төвлөрч, саадыг давах чадвар сайжирдаг (vgl. Grein & Strasser 2019; Grein et al 2019). Үүнийг зорилго чиглэлтэйгээр ашигласнаар (хичээлийн үйлийн 10%) суралцагчдын идэвх нийтдээ сайжирсан. Зургаар харуулж буй (хэрэглээний соронзон хэлбэлзлийн томографын) аргаар жишээлбэл, компьютер дээр нэг цаг ажиллах нь мөн сургуулийн сурагчдын харааны болон биеийн жижиг том булчингийн чадварт эерэгээр нөлөөлдөг гэдэг нь батлагдаж байгаа билээ (Pujo et al. 2016-г харьцуул).

Заах арга зүйн хувьд сайтар бодож боловсруулсан цахим хичээл болон танхимын сургалтыг хослуулсан Blended-Learning ч мөн адил хосолмол сургалтын үр дүнтэй хэлбэр болох нь батлагдсан (Lu et al. 2018-г харьцуул). Тус сургалтын зорилго нь сургалтын энэхүү хоёр хэлбэрийг уялдуулан суралцагчдад “сонирхолтой, үр дүнтэй, амжилттай сурах” нөхцөлийг бүрдүүлэхэд оршино (Kraft 2003:44). Хэдийгээр цэвэр цахим сургалт байсан боловч зах зээлд маш цөөн хувь эзэлдэг байжээ. 2019 онд гадаад хэлний төдийгүй нийт цахим дамжааны эзлэх хувь Герман улсад дөнгөж 8% байв. (Statista 2020-г харьцуул).

Хэлний цахим хичээл ба Корона вирус

Коронавирусийн дэлхий нийтийг хамарсан хямралын улмаас хэлний хичээл бүрэн цахим хэлбэрт шилжсэн. Үүний улмаас дэлхий даяарх сургалтын олон байгууллага, багш нарын өмнө томоохон шаардлагууд тулгарсан билээ. Тэдгээр томоохон шаардлага нь юу байсан бэ? Юуг анхаарах хэрэгтэй болсон бэ?

Шаардлага 1: Виртуал/цахим танхим

Цахимаар амжилттай суралцахын үндэс нь идэвх, сэдэлжилт юм. Цэвэр цахим хэлбэрээр сурах буюу цахим дамжаа дүүргэхэд суралцагчдын тогтоох чадвар, юуны түрүүнд сэдэлжилт, аль аль нь хэлний ердийн сургалтын үеийнхээс хавьгүй дор байдаг нь судалгаануудаас харагдаж байна. Бава (2016)-гийн судалгаагаар сургалтаас гарах явдал цэвэр цахим сургалтад 40-80%, танхимын ердийн сургалтад 10-20% байна. Нейро биологийн судалгаанууд ч сургалтын цахим орчинд хүний анхаарал төвлөрөлт буурдгийг нотолж байна. (Chen et al. 2017-г харьцуул).

Одоо сэдэлжилт хэмээх хүчин зүйлийг товч авч үзье. Ямар зорилгоор хэлний дамжаанд сурч байгаагаас хамааран сурах сэдэлжилтийн дөрвөн төрөл байдаг (Wild et al. 2001- г харьцуул). Үүнд: сонирхол, гадаад болон дотоод сэдэлжилт, амжилтын сэдэлжилт хамаарна.

Сонирхол гэж үндсэндээ суралцагч хичээлийн үеэр сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмжтэй байж, хувь хүнийхээ зүгээс хэл сурахад ач холбогдол өгч, хэл сурах дарамт шахалт ихэвчлэн мэдрэхгүй байхыг хэлнэ (Zander & Heidig 2020: 397-г харьцуул).

Дотоод сэдэлжилтийг энгийнээр тодорхойлбол, тухайн зүйлээс таашаал авах, хэл сурах нь суралцагчид зугаатай, сайхан байхыг хэлнэ. Харин гадаад сэдэлжилт бол хүсэн хүлээсэн үр дүнг чухалчлах, өөрөөр хэлбэл, эцэг эхийн хүлээлтийг гүйцэлдүүлэх, шалгалтаа амжилттай өгөхийн тулд сурахыг хэлнэ.

Амжилтын сэдэлжилтийг өөрийн чанарыг шалгаж үр дүн гаргах хүсэл хэмээн хялбараар тодорхойлж болно.

Сурах орчинд (бодит болон цахим) сурах гэдэг өөрөө сайхан санагдах (жишээлбэл, хэлний тоглоом зэргийн тусламжтайгаар), сурахын чухлыг (амьдралтай холбон) тодотгох, эргэх эерэг мэдээлэл өгч байх шаардлагатай. Үүнээс үүдэн эргэх мэдээлэл өгөх хэлбэр, амжилтыг шалгах боломжууд ч чухал асуудал болж байна.  

Сурах орчноор дамжуулан бусадтай, нийгэмтэй холбогдох нь сурах дуртай, сэдэлжилттэй байхын үндсэн нөхцөл юм. Тухайлбал, Distance Learning буюу зайны цахим сургалтад хүмүүс хоорондын харилцаа дутагддаг (Chen & Jang 2010- г харьцуул). Сурахад зориулсан платформууд (Хүмүүс хоорондоо харилцах, асуулт хариулт явуулах, санал бодлоо солилцох зориулалттай нээлттэй цахим хуудаснууд. Орч.) суралцагчид болон багш хоорондоо харилцах, хамтран ажиллах боломжийг олгодог. Сэтгэл зүйн үүднээс энэ нь зөвхөн нийгмийн харилцаанд ихээр орж байгаа асуудал биш, харин асууж ярилцах хүнтэй байх мэдрэмжтэй холбоотой.

Тэгвэл видео чат, цахим семинарууд дангаараа яагаад хангалтгүй байдаг вэ? Алексиу Рей, Бентли (2016) нар дамжаанд суралцагчдын хүчтэй хамтын сэтгэл, багштай харилцах боломжийг нэмэгдүүлснээр техник технологийн улмаас үүсэж буй зай заагийг арилгах боломжтойг батлан харуулжээ.

Суралцагчдыг хамтач байлгах, хоорондын зай заагийг арилгах, тогтсон бүтэцтэй байлгаж, хоорондын харилцааг зохицуулахын тулд сургалтын платформууд харилцах, санал бодлоо солилцох боломжтой байх хэрэгтэй. Open source буюу хэн ч ашиглаж болох сурахад зориулсан маш олон үнэгүй платформ байдаг. Эдгээр платформын нэг moodle нь үнэгүй, бие даан ашиглах боломжтой, тусламж зөвлөгөө ихтэй төдийгүй, гар утсаараа орох боломжтой байдаг. Өөр нэгэн сонголт бол хамтын блог үүсгэх, эсвэл фэйсбүүкийн групп нээх явдал юм.

Цаашдаа ч ердийн танхимын хичээлд багш суралцагч болон суралцагч хоорондын харилцаа ихээхэн ач холбогдолтой байх болно. Виртуал цахим сургалтын орчинд энэ харилцаа маш хязгаарлагдмал байдаг. Сурахад зориулсан платформоор энэхүү хэрэгцээг ч бас хангаж болно.
Цахим хичээлд идэвхтэй оролцох нь
© adobe.stock

Шаардлага 2: Сургалтын материал, хэрэглэгдэхүүнүүд

Хэрэв сурах бичгийн цахим хувилбарыг ашиглах боломжтой бол энэ тал дээр тавигдах шаардлага бага. Нейро биологийн үүднээс ажиллаж буй дасгал нь харагдаж байх, суралцагчид аль хэрд яваагаа дэлгэц дээр харах боломжтой байх нь хамгийн чухал. Зөвхөн багш болон бусад суралцагчийг харж, “Та ... дүгээр хуудсыг нээгээд, 5 дугаар дасгалыг ажиллаарай” гэх зааврыг авах нь анхлан суралцагчдын тархинд хэт ачаалал болдог. 

Шаардлага 3: Хичээлийн зохион байгуулалт  

Сурах идэвх сонирхол, түүнээс улбаалан амжилттай сурахад хүмүүс хоорондоо харилцах “хамтын орчин” (сурахад зориулсан платформ) бий болгох нь чухал талаар дээр дурдсан. Бие биеэ харан суралцдаг бодит хичээл дээр хамгийн их удлаа гэхэд ихэвчлэн 20 минутын дараа хосоор, багаар, ганцаарчлан гэх мэтээр сурах хамтын хэлбэрийг өөрчилдөг. Үгүй бол суралцагчдын анхаарал төвлөрөлт огцом сулардаг юм. Цахим сургалтад ч ангийг ерөнхийдөө 12 орчим суралцагчтай байхыг зөвлөдөг. Ингэснээр суралцагчдад ангиараа хамтран ажиллах хангалттай хугацаа олгож байгаа хэрэг. Багш хэдийгээр дасгал сонсгож, кино үзүүлж, суралцагчид түүнд нь идэвхтэй оролцож, багш асуулт хариулт явуулж байсан ч 40-өөд минутын дараа хосоор эсвэл жижиг хэмжээний багаар ажиллуулах хэрэгтэй. Суралцагчид хосоороо болон багаараа нийлж даалгаврыг гүйцэтгэхэд платформ дахиад л хэрэг болно. Ажлынхаа үр дүнг тэд платформ дээрээ татаж, хожим нь цахим орчинд хуваалцана. Хичээлээ давтах зорилгоор суралцагчид өөрсдөө дасгалын хуудас боловсруулж, бүтээлчээр ажиллаж болно (хэлний цахим хичээлийг интерактив хэлбэрээр зохион байгуулах талаарх практик зөвлөмжүүдийг үзнэ үү). Ийм нөхцөлд даалгаврын өгөгдлийг туйлын оновчтой тодорхойлох нь онцгой чухал бөгөөд жишээлбэл, хэт олон даалгавар өгч суралцагчдад ачаалал үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Шаардлага 4: Know how ба цагийн менежмент

Цахим хичээлээс эмээх айдсаа даван туулахын тулд багш нар ч өөрсдөө сургалтад хамрагдах шаардлагатай. Сурахад зориулсан цахим хуудас буюу платформыг хэрхэн ашиглахыг тэдэнд зааж сургах хэрэгтэй. Платформгүй бол цахим сургалт ихэнх суралцагчид сонирхолгүй байдаг. Түүнчлэн багш нарт үнэгүй ашиглах боломжтой олон тооны программын талаарх тогтсон сургалт ч чухал хэрэгцээтэй. Учир нь тэд тэдгээрийг сурагчдадаа тайлбарлан таниулж, суралцагчид нь тэдгээрийг хичээлдээ бүтээлчээр, идэвхтэй ашиглаж чаддаг байх учиртай. Цахим сургалтад бэлдэнэ гэдэг мэргэжлийн хүнээс ч ердийн хичээлтэй харьцуулахад илүү их цаг зав шаарддаг ажил юм.

Тэгээд цаашид хэрхэх вэ?

Цахим сургалтаас бид эерэг туршлага хуримтлуулсаар байгаа тул Коронавирусийн дараа ч цахим сургалт нэмэгдэх нь дамжиггүй. Гэвч хүмүүсийн хоорондын харилцаа холбооны хэрэгцээг сургалтын платформ, түүнд санал бодлоо хуваалцах үйлээр бүрэн дүүрэн хангаж чадахгүй билээ.
 

Ном зүй

Alexiou-Ray, J. & Bentley, C. C. (2016). Faculty Professional Development for Quality Online Teaching. Journal of Distance Learning Administration, 18 (4), 1-16.

Bawa, P. (2016). Retention in online courses: Exploring issues and solutions - A literature review. SAGE Open, 6(1), 1-11. doi: 10.1177/2158244015621777

Bernsmann, Manuela (2019). Schule digital – Fokus Gehirn. Neurowissenschaftliche Erkenntnisse zur Wirkung neuer Medien. In: Gorr, Claudia & Bauer, Michael C. (Hrsg.) Gehirne unter Spannung. Kognition, Emotion und Identität im digitalen Zeitalter. Berlin & Heidelberg: Springer.

Chen, C.-M., Wang, J.-Y. and Yu, C.-M. (2017) Assessing the Attention Levels of Students by Using a Novel Attention Aware System Based on Brainwave Signals. British Journal of Educational Technology, 48, 348-369.

Grein, Marion & Strasser, Thomas (2019). Lernen mit digitalen Medien aus neurobiologischer und fremdsprachendidaktischer Sicht. Empfehlungen Goethe-Institut. Zagreb. 7-15.

Kraft, Susanne (2003). Blended Learning – ein Weg zur Integration von E-Learning und Präsenzlernen. In: REPORT 2/2003 Literatur und Forschungsreport Weiterbildung. 26. Jahrgang Erfahrungen mit Neuen Medien. DIE.

Lu, O., Huang, A., Huang, J., Lin, A., Ogata, H., & Yang, S. (2018). Applying Learning Analytics for the Early Prediction of Students' Academic Performance in Blended Learning. Journal of Educational Technology & Society, 21(2), 220-232. www.jstor.org/stable/26388400 [10.06.2020]

Pujo, J., Fenoll, R., Forns, J, & et al. (2016). Video Gaming in School Children – how much is enough? Annals of Neurology 22(8). https://doi.org/10.1002/ana.24745. [24.06.2020]

Wild, E., Hofer, M. & Pekrun, R. (2001). Psychologie des Lernens. In: Krapp, A. & Weidenmann, B. (Hrsg.) Pädagogische Psychologie. Weinheim: Beltz.

Zander, Steffi & Heidig, Steffi (2020). Motivationsdesign bei der Konzeption multimedialer Lernumgebungen. In: Niegemann, Helmut & Weinberger, Armin (Hrsg.) 2020. Handbuch Bildungstechnologie. Konzeption und Einsatz digitaler Lernumgebungen. Berlin: Springer Verlag. 393-415.