Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Урланд зочлохуй. Монгол уран бүтээлчдийн хөрөг
#MONGOL DJ: DJ Билигүүдэйтэй өрнүүлсэн кофетой яриа

Билигүүдэй Lantern клубт
© Гэрэл зураг: Tukso

Б.Билигүүдэй 1990 онд Улаанбаатар хотноо төрсөн, DJ, мөн Монголын техно хөгжмийн ертөнцийг түүчээлэгчдийн нэг. Тэрээр Label санаачлан, хөгжмийн фестивалиуд зохион байгуулж, залуу уран бүтээлчдэд шинэ орон зай, гадаад улс орнуудтай харилцаа холбоо тогтоох замыг нээж өгдөг. Түүнийг 2019 онд edm.com цахим хуудас „10 influential DJs from rising EDM scenes around the world“ буюу “Дэлхий дахинд EDM ертөнцийг түгээгч нөлөө бүхий 10 DJ”-ийн нэг хэмээн нэрлэжээ. Бид аяга кофе уунгаа ярилцахаар тохирсон юм.

Von Александр Шнорбуш

„Hallo, wie geht’s?“ гэж Билигүүдэй германаар мэндлээд гар барив. Тэрээр урт хар сахалтай агаад энгэртээ лууны зураг бүхий хар футболк өмсөж, хамартаа жижигхэн алтан цагариг зүүжээ. Арай томхон цагаригтай ээмэг чихэнд нь гялалзана.
 
Бид Улаанбаатар хотын төвд байрлах MN Tower хэмээх барилгын 17 дугаар давхарт ирээд буй маань энэ. Энд орчин үеийн урлагийн галерей байх авч цар тахлын улмаас үзэгчдэд үйлчлэхгүй, танхимууд хаалттай ажээ. Харанхуй танхимд буй уран зураг, инстоляциудыг мөргөчихгүйн тулд анхааралтай явах хэрэгтэй болов. Цагаан хананы наана буй өнгө алагласан олон утас бүхий DJ ширээ бол энэ өрөөнд буй цор ганц гэрэлтэй хэсэг. Зураглаач залуу эр камерынхаа хөлийг янзлан зогсоно. 

“Бид сая л дууслаа” гэж Билигүүдэй яриагаа англиар үргэлжлүүлэв. Тэрээр хэдхэн хоногийн дараа Берлин хотын Ava клубт тавигдах дуу бичлэгт хэрэгтэй тоног хэрэгслээ бэлтгэн сүүлийн хэд хоног тун завгүй ажилласан байна. Уг нь тэр 2014 оноос хойш Бээжинд ажиллаж буй.
 
Бид цахилгаан шатанд суун, нэг давхар луу буулаа. Тэнд уух юм, зууш, амттанаар үйлчилдэг Солонгосын сүлжээ кофе шоп байх агаад хажуу талын хаалгаар гарахад Үлэг гүрвэлийн музейн өмнөх том талбай руу гарч очих ажээ. Цаг хэдийнээ орой болж, барилгын сүүдэр урт гэгч нь сунайжээ. Билигүүдэй тамхи асаалаа.
Ажлаа хийж буй нь Ажлаа хийж буй нь | © Монгол дахь Гёте-Институт

АМАРГҮЙ ЭХЛЭЛ

АШ: Техно хөгжим 1980-аад оны үед америк хаус хөгжим ба германы электро-поп хөгжмөөс бие даасан чиглэл болон хөгжсөн. Монгол улс тэр үед социалист улс хэвээрээ, соёлын тал дээр Оросын нөлөө их байсан. Монголд техно хөгжим анх хэрхэн яаж нэвтэрсэн юм бэ?

ББ: Манайд 1990-ээд оны сүүлчээр транс, жунгл хөгжим орж ирснээр эхлэл тавигдсан. Монголын анхны DJ нар болох OG, Үүрээ, Түвшин нарын залуус тэр үед Breakbeat хөгжим тоглодог байлаа. Техно хөгжмийг харин бүр хожим 2000-аад оны сүүлчээр бид [KONTROL] эхлүүлсэн. Бид гэдэг нь Хунтүшээ, Гүнбилигт, Deez бид дөрөв. Тэр үед Монголд клуб цөөхөн байлаа. Тоног төхөөрөмж үнэтэй, тусалж дэмжих хүн ч байхгүй. Бид ямар ч хамаагүй тоглох газар хайж, арга хэмжээнд маань хоёр гурван зуухан хүн ирвэл маш их баярладаг байв. Тэр бүрд бас маргаан, асуудал ёс юм шиг байнга гарна (инээв).  

АШ: Чи өөрөө техно хөгжимтэй анх яаж холбогдсон юм бэ?
 
ББ: Би 2006-аас 2007 онд Бээжинд сурч байсан юм. Өсвөр насандаа би транс хөгжмийн фэн байлаа. Тэгж байтал нэг удаа Бээжинд болсон хөгжмийн томоохон  арга хэмжээн дээр Жон Дигвийдийн тоглохыг сонссон. Шууд л биширч, тэр цагаас хойш техно, прогрессив хөгжмөөс өөр зүйл сонсохоо больсон. Бээжин тэр үед үнэхээр нээлттэй, гадаад ба дотоод гэж анзаарахгүй чөлөөтэй хот байсан.
 
АШ: Дипломат мөн түүхч хүний хүүхэд болохоор багаасаа л дэлхийн олон орноор явж, амьдарч үзсэн байх. Тэглээ ч гэсэн DJ  бол тэр бүр сонгоод байх мэргэжил яавч биш. "Би DJ болно" гэх бодол анх удаагаа төрсөн тэр мөчөө чи санаж байна уу?
 
ББ: Эхэн үедээ бүх зүйл үнэхээр хэцүү байсан. Дэмжиж туслах хүн, тоног хэрэгсэл ч байхгүй. Юу хийгээд явааг минь хэн ч ойлгохгүй. DJ болно гэх бодлоосоо би хоёр ч удаа буцаж, өөр энгийн мэргэжил эзэмшихээр шийдэж байсан. 2013 онд Хятадаас тэтгэлэг аван сурахаар Бээжин дахиад явлаа. Тэр үед найзууд маань зочилж ирээд, хэдүүлээ шөнөжин явсны эцэст яаж яваад ч юм "Lantern" клубд орчихсон. Таксинаас буумагц чихэнд минь техно саунд хөгжим сонсогдсон. Маргааш өглөө нь сэрэхдээ би дахиад нэг үзээд алдах ёстойгоо мэдэрсэн юм.
Lantern клуб дахь DJ болон зочид Lantern клуб дахь DJ болон зочид | © Гэрэл зураг: Tukso

ВЭН ВЭН БА LANTERN КЛУБ

АШ: "Lantern" клубийн эзэн, DJ Вэн Вэн чамайг өөрийн клубт тоглох боломж олгосон. Тэр тухай яриач?
 
ББ: Би түүнтэй уулзаагүй байхдаа долоо, найман удаа зүүдэлж байсан юм. Нэг л ууртай ширүүн царайтай хятад нөхөр! Тэр хүн бол Бээжин хотын техно-андерграунд ертөнцийн гол төлөөлөгч, анхдагч Вэн Вэн байсан юм. "Lantern" клубт орж үзсэнээсээ хойш түүний тоглохыг сонсох гэж амралтын өдрүүдийг алгасалгүй очдог болсон. Нэг удаа зориг гарган түүнтэй үг сольж үзлээ. Би түүнийг нэг ая тоглож байхад нь үүнийхээ дараа Сашагийн "Who killed Sparky?" гэдэг аяыг тоглооч гэж хэлсэн юм л даа. Тэгтэл “Хөөх, дажгүй санаа байна. Чи хаанаас ирсэн бэ?” гэдэг юм байна. “Би Монголоос ирсэн.” Ингээд удалгүй бид WeChat-аар харилцдаг болж, надад нэг боломж олгооч гэж түүнийг шалсан юм.
 
АШ: Тэгээд чи тэр боломжоо ашиглажээ дээ.
 
ББ: Анх тоглосны маань дараа тэр надад “Хүмүүст чиний хөгжим таалагдсан байна. Дараагийн амралтын өдөр хүрээд ирээрэй!” гэсэн. Би ч бөөн баяр болсон. DJ -ийн карьер минь ингэж эхэлсэн түүхтэй.
 
АШ: Чи Вэн Вэн-ий тусламжтайгаар Шанхай, Хонконг болон өөр олон хотод тоглож байсан. Хүмүүст чиний хөгжим юугаараа таалагддаг юм бол?

ББ: Би хөгжмөөрөө хүмүүст дээд зэргийн таашаал амсуулахыг хүсдэг. Тиймээс заримдаа аялгуулаг зүйл тоглох үе ч бий. Гэхдээ Хятадад амжилт олоход минь мэдээж миний үндэс угсаа ч бас нөлөөлсөн. Бээжинд сайн DJ нар маш олон, гэхдээ монгол DJ гэхээр би яах аргагүй сонин содон байсан л даа. Тэгээд дээр нь миний бие хаа, урт сахал гээд л. Намайг хараад хүмүүст юу бодогдоно гээч: Чингис хаан! Хамгийн сайн үзүүлбэрүүдийн минь нэг Цагаан хэрмийн дэргэдэх фестиваль дээр болсон шүү (инээв).
Intro фестиваль 2018 Intro фестиваль 2018 | © Гэрэл зураг: Tukso

SPIRIT OF GOBI

АШ: Хятадад бүх зүйл чинь амжилттай сайн явж байсан. Тийм атал 2015 онд яагаад Монголд буцаж ирэхээр шийдсэн юм бэ?
 
ББ: Нэгдүгээрт гэвэл их сургуулийн тэтгэлгийн маань хугацаа дууссан. Хоёрдугаарт, Монголын Вэн Вэн болох мөрөөдөл надад байсан юм. 2015 оны 12 дугаар сард бид "Temple" клубээ нээсэн. 700 хүний багтаамжтай, Монголдоо шилдэг дуу гаргалттай клуб. Бид сардаа хоёр удаа гадаад DJ урьж тоглуулдаг байлаа. Кен Иши, Блаади Мэри, Мартин Айрер нар манайд тоглосон. Түүнээс гадна The Majesty Mongolia гэх продакшнаа байгуулсан.
 
АШ: Нэг жилийн дараа чи "Temple" клубээс гарсан. Цар тахлын улмаас клуб ч ажиллахаа болилоо. Тэгээд юу болсон бэ?
 
ББ: 2016 оноос би нэг хэсэг Европоор явсан. Тэгж байтал Вэн Вэн намайг урьж, нэг клубийн ойн тоглолтод оролцооч гэсэн. Тэнд би Хятадад INTRO-Festival зохион байгуулдаг Сон Янг гэх хүнтэй танилцсан юм. Намайг энэ фестивалийг Монголдоо зохион байгуулаач гэхэд нь би “Манайхан ийм зүйл хүлээж авах эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэсэн. Гэвч тэр “Зүгээр дээ! Хийгээд л үзье!” гэж билээ.

АШ: 2018 онд анхны INTRO-Festival амжилттай болж өнгөрсөн. 2019 онд харин цаг агаарын үзэгдлээс шалтгаалсан осол болж, хүмүүс бэртэж гэмтсэн.
 
ББ: INTRO 2019 жинхэнэ гамшиг болсон л доо. Одоо л нэг баяжна даа гэж би бодож байсан юм (инээв). Тэгтэл гэв гэнэт шуурга дэгдэж, ердөө арван минутын дотор хамаг мөрөөдөл минь салхинд хийссэн. Маш их мөнгөө алдсан. Тав, зургаан хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн. Хамаг тоног хэрэгсэл минь усанд автсан даа.
 
АШ: Гурав дахь удаагийн INTRO-Festival цар тахлын улмаас зохион байгуулагдаж чадалгүй өнөөг хүрсэн. Үүний оронд та нар SPIRIT OF GOBI гэх өөр нэг арга хэмжээ санаачлан гаргаж ирсэн. Энэ ямар арга учиртай хэмжээ юм бэ?
 
ББ: Үүгээр бид EDM болон орчин үеийн урлагийг Монголын говьд авчирна! 2020 онд анхдугаар фестивалиа зохион байгуулж, тун амжилттай болсон. Энэ оны 8 дугаар сарын сүүлээр хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ковидын нөлөөгөөр энэ арга хэмжээ маань амжилттай болж л байна. Харин цар тахал дууссаны дараа хөгжмийн наадамд очих гэж 500 километр зам туулах хүсэлтэй хүн гарах эсэхийг бүү мэд. Гэхдээ л бид үүнийгээ үргэлжлүүлж, яваандаа жуулчид руу ч бас хандуулахыг хичээнэ дээ.
 
АШ: Ярилцсанд баярлалаа.
© The Majesty Mongolia
 
Урланд зочлохуй: Монгол уран бүтээлчдийн хөрөг

Монголын орчин үеийн урлагийн ертөнц олон өнгө төрхтэй, эрч хүчтэй өрнөж байна. Уран зураг, электрон хөгжим, бүжиг, кино, уран зохиол, медиа урлагийн талбарт монгол уран бүтээлчид илэрхийллийн шинэ арга хэлбэр, дэлхий ертөнц дэх өөр өөрийн арга замыг хайж эрэлхийлж бас олсоор явна. Монсудар хэвлэлийн газартай хамтран хоёр ч цуврал бүтээл эрхлэн гаргаад буй зохиогч Александр Шнорбуш уран бүтээлчидтэй ажлын орчинд нь уулзаж ярилцан, уншигч та бүхэнд танилцуулж байна.