Үйл ажиллагааны чиглэл, зорилго

Үйл ажиллагааны чиглэл, зорилго Зураг: Goethe-Institut/Loredana La Rocca

Дэлхий дахинаа үйл ажиллагаагаа явуулдаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын соёлын байгууллагын хувьд Гёте-Институт Герман улс болон Европ, дэлхийн улс орнуудын харилцан ойлголцоход хувь нэмрээ оруулж байна. Манай үйл ажиллагааны үндэс нь Холбооны Гадаад хэргийн яамтай байгуулсан суурь гэрээ юм. Бид Герман болон Европын соёл, нийгмийн олон талт байдлыг дэлхий даяар түгээдэг. Дэлхийн 98 оронд байрлах 151 Гёте-Институт өөрсдийн түнш байгууллагын хамт дэлхийг хамарсан сүлжээг бий болгодог. Холбооны Гадаад хэргийн яам манай үйл ажиллагааг институтийн хувьд дэмжин ажилладаг. Бие даасан институтийн хувьд бид эрх зүйн хувьд бие даасан, аль нэг улс төрийн болон намын бодлогоос ангид ажилладаг. Манай нийт төсвийн гуравны нэгийг хэлний сургалт, шалгалтын орлого бүрдүүлдэг. Бидний үйл ажиллагаанд Европын Холбоо, Холбооны улсын бусад яамд, Герман болон хилийн чанадад орших сангууд, компаниуд дэмжлэг үзүүлдэг. 

Бид зочин орнуудын боловсролын системд герман хэлний сургалтыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Гёте-Институт дэлхий дахинаа 100,000 гаруй сургуульд герман хэлний өндөр чанартай сургалт зохион байгуулах, герман хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн түүнчлэн бид ерөнхий герман хэлний сургалтаас гадна мэргэжлийн хэлний сургалт, нийгэм, соёлын талаар мэдээлэл олгох сургалт, семинар санал болгодог. Цахим сургалт болон өөрөө бие даан суралцах хөтөлбөрүүдийг ч бид мөн хэрэгжүүлэн зохион байгуулж байна. Жил бүр дэлхий даяар 750,000 гаруй хүн Гёте институт эсвэл манай хамтын ажиллагааны түншүүдтэй хамтран Германы шалгалт өгдөг. Бидний санал болгож буй өргөн цар хүрээтэй сургалтын болон мэдээллийн арга хэмжээ нь оюутан залуус, мэргэжилтнүүдэд Герман улсад хөл тавихад дөхөм болдог.

Бид олон улсын соёлын солилцооны боломжид итгэдэг. Жилдээ 20 мянга орчим соёлын арга хэмжээг бид зочин орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулж байна. Бид соёлын үйлдвэрлэлийн салбар эрхлэгчдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт, бүтээлч салбарынхныг олон улсад таниулах арга хэмжээ зэргээр дамжуулан тэднийг  чадавхжуулан, зөвлөгөө өгч, харилцан холбоо тогтоох, соёлын болон бүтээлч салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлдэг. Бид бүтээлч чадавх, шинэ санааг нээн илрүүлж олонд таниулах хөтөлбөр, хамтын ажиллагаа, хамтын уран бүтээлүүдээрээ дамжуулан олон улсын соёлын уран бүтээлчдэд холбоо тогтоох боломжийг олгодог. Бид иргэний нийгмийн төлөөлөгчдөд санал бодлоо нээлттэй солилцох аюулгүй, чөлөөт орон зайг санал болгодог. Хүнд хэцүү үед ч бид ардчилсан харилцаа холбоог талсалдуулахгүй. Бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны суурь нь ардчилсан, чөлөөт, эрх зүйт нийгмийн үнэт зүйлс юм.

Дэлхий даяарх 87сүлжээ номын сангуудаар дамжуулан бид 60 гаруй хэлээр мэдээллийн болон сургалтын арга хэмжээ санал болгож, суралцах, уулзах, оролцох орон зайг бий болгож байна. Мөн шинэлэг технологийг ашиглаж, цахим ертөнцийн боломж, түүний нийгэм болон хүмүүст үзүүлэх нөлөөг анхаарч хэрэглээндээ тусгадаг. Сургагч багш болон мэргэжилтнүүдэд зориулсан мэдээлэл, туршлага солилцох аялал, өсвөр үеийнхэнд зориулсан солилцооны хөтөлбөр, олон улсын наадам зэрэг олон төрлийн арга хэмжээгээрээ дэлхийн аль ч орны иргэд уулзан нөхөрлөх боломжийг бид бүрдүүлж байна.

Манай хуудсыг дагаарай