Олон улсын медиа урлагийн наадам
Уламжлал ба шинэчлэлийг холбосон медиа урлаг

ОУ-ын Медиа урлагийн наадмын нээлт: Дижитал хувьслын эринд бидний ертөнцийг харах үзэл хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
ОУ-ын Медиа урлагийн наадмын нээлт: Дижитал хувьслын эринд бидний ертөнцийг харах үзэл хэрхэн өөрчлөгдөж байна вэ? | Зураг: Түвшинтөрийн Болор-Эрдэнэ

Монголд анх удаа: Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам (UBIMAF) нь Монголд анх удаагаа зохион байгуулагдлаа. Наадмын албан ёсны түншээр Монгол улс дахь Гёте-Институт оролцсон. Бид наадмын куратор Юү Ми болон Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Одончимэдийн Одгэрэлтэй Монголын медиа урлаг, аналог, дижитал наадгайн тухай – мөн 2000 жилийн тэртээх бүтээл болох дөрөөний тухай яриа өрнүүллээ.

“Улаанбаатар” Олон улсын медиа урлагийн наадам нь “Уламжлал ба Шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Кураторын хувьд энэхүү сэдвийг өөрийн санаатай хэрхэн холбох төлөвлөгөө байсан бэ?
 
Юү Ми: “Уламжлал ба Шинэчлэл” нь анх сонсоход эсрэг тэсрэг мэт ойлгогдох ч медиа урлагийн наадмын хүрээнд энэ хоёр ухагдахууныг нэгэн цогц мэт хамт нь ойлгох явдал байлаа. Медиа урлагаар дамжуулан мэдээллийн хэрэгсэлтэй салшгүй холбоотой түүний өөрчлөн хувиргах чадварыг харуулахыг зорьсон – хуучин, шинэ аль нь ч бай. Жишээ нь, 2000 жилийн тэртээ нүүдэлчин ард түмний зохион бүтээсэн дөрөөг аваад үзье л дээ: Дөрөө нь Хүн/Морь хоёрыг холбох боломжийг бий болгож, дэлхийтэй танилцаж, харьцах нэг төрлийн хэрэглүүр болж өгсөн.

Тэгвэл орчин цагт?

Юү Ми: Өнөөдөр бидний амьдралд шинэ медиа хэрэгслүүд хэрхэн нөлөөлж байна вэ гэж бид өөрсдөөсөө асуух шаардлагатай.  Ямар өөрчлөлтийг дагуулж байна? Тэрхүү өөрчлөлтийг бид хэрхэн хүлээн авч ойлгох вэ? Ойлгохын тулд шинэ, хуучин, аналог, дижитал, уламжлал, шинэчлэл зэргийг харьцуулалгүй, харин холбох хүчин зүйлсийг эрэлхийлбэл илүү дөхөмтэй байх болно. Ингэснээр бид хурдацтай хувьсаж буй Монгол болон бусад улсад тулгараад буй асуудлыг илүү ойлгох боломжтой. Медиа урдагийн наадмаар үүнийг илүү ойлгомжтой болгохыг зорьсон.  

Наадамд Ази, Европ, Хойд Америк болон Австралийн 18 уран бүтээлчид оролцсон. Хил-Хэл хязгаар давсан соёл хоорондын харилцаа ямар байсан бэ? 

О. Одгэрэл: Нэг сэдвийн дор олуулаа нэгдэн дуу хоолойгоо хүргэх нь аль ч наадмын зорилго байдаг. UBIMAF наадмын хувьд медиа урлагаар дамжуулан уламжлал ба шинэчлэлийг яаж хослуулан хөгжиж болохыг илэрхийлэхийг зорьсон. Наадамд оролцсон олон улсын уран бүтээлчид “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд нэгдэн өөрсдийн бүтээсэн уран бүтээлээрээ дамжуулан энэ асуултад ойлгомжтой хариулж чадсан гэж бодож байна. Бүх оролцогчдийн хувьд энэхүү туршлага нь ач холбогдолтой байсан.

Юү Ми: Уран бүтээлчдийн хувьд наадмын үеэр Монгол ахуй, хүн зон хийгээд урлагтай нь эрчимтэй танилцаж, харилцаж чадсан нь маш сонирхолтой байсан. Кёльн хотоос ирсэн уран бүтээлч Кристиан Фаубел аналог техно хөгжмийн сет тавьж монгол уран бүтээлчид болох лимбэчин, хөөмийч Х. Дамдин, Моханик хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Ц. Даваажаргал нартай хамтран амьд хөгжмийн шууд зохиомж тоглолт хийсэн. Францын уран бүтээлч Диень Рабро хотын оршин суугчидтай цуг хүмүүсийн тэр бүр мэддэггүй хотын хэсгүүдийг хайн олж танилцсан.
 
Кёльн хотын Медиа урлагийн дээд сургуулийн багш Кристиан Фаубел СУИС-тай хамтран “Наадгай” сэдвээр сургалт явуулсан. Хамтын ажиллагаа ямар байсан талаар хуваалцана уу?

Юү Ми: Хамтын ажиллагаа хоёр талын хувьд үр өгөөж ихтэй байсан. Бид Наадгай гэх ухагдахууныг аналог болон дижитал анимейшн, загварчлалыг хослуулах замаар тайлбарлахыг хичээсэн. Оюутнууд хөдөлгөөнт дүрсний дарааллын уг үндэс болох эргэлдэж буй диск дээр туршилт хийж програмчлалын орчинд энэ үйл явцыг дуурайлгасан. Ингэснээр аналог, дижитал хоёрыг холбож өгсөн юм.
 
Герман улсад сүүлийн үед медиа урлаг нь чухал байр суурийг эзлээд байгаа билээ. Монгол улсын хувьд медиа урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

О. Одгэрэл: Өнөөдөр медиа урлаг нь Монголд онол, практикийн хувьд хөгжлийн эхэн үедээ явж байна. Жишээ дурдахад, СУИС-д Медиа Анимейшны тэнхим анх 2012 онд байгуулагдсан. Герман улс шиг медиа урлагийг урт хугацааны турш судалсан уламжлал бидэнд байхгүй байна. Иймээс л бид “Улаанбаатар” медиа урлагийн наадмыг санаачлан зохион байгуулж, медиа урлагийн олон улсын хөгжлийг дотооддоо танилцуулах, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.

Таны хувьд энэхүү наадмын оргил үе?

Юү Ми: Олон сайхан гэнэтийн үйл явдлаар дүүрэн байсан. Хамгийн ихээр сэтгэл хөдөлгсөн нь уран бүтээлтэй танилцаж, тоглож буй нээлттэй, сониуч залуу наадмын зочдыг харах байсан байх. Наадгайн хэлбэрээр медиа урлагтай танилцсан нь миний хувьд наадмын хамгийн том амжилт гэж хэлж болно.

Медиа урлагийн наадам нь энэ жил анх удаа зохион байгуулагдлаа. Дахин зохион байгуулагдах болов уу?
 

О. Одгэрэл: Медиа урлагийн наадам нь анхны нээлтээ хийлээ. Гэвч ингээд зогсож болохгүй. Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах нь Монгол улсад медиа урлагийн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Олон улсын медиа урлагийн наадмыг дэлхийн олон улс жил бүр зохион байгуулдаг жишиг тогтоод удаж байна. Монголд ч мөн ийм жишиг тогтоосой гэж хүсэж байна. Тиймээс ч бид Монгол дахь Гёте-Институттэй хамтран ирэх жил медиа урлагийн наадмыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.
 

О. Одгэрэл нь БНУУ-ын Будапешт хотын Технологийн Их Сургуулийг инженер, дизайнер мэргэлжилтэй төгссөн бөгөөд Монголын соёл урлагийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг 2003 оноос оруулж эхэлсэн байна. Тэрээр 2016 оноос Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Юү Ми нь ХБНГУ-ын Кёльн хотын Медиа урлагийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, урлаг судлаач юм. Тэрээр агуулгын хувьд голлон торгоны замын түүх, медиа хэрэгслүүд, технологийн сэдэвтэй олон улсын үзэсгэлэн, урлагийн тоглолтын куратороор ажилладаг. Үүнд: 2016 оны 3-р сард Азийн соёлын төвийн театрт урлагийн тоглолтын куратороор ажилласан.Юү Ми нь Александр фон Хумболдт сангийн судлаач юм.