Карл Маркс
“Капитал” – ыг эргэн уншихуй

Карл Маркс мэндэлсний 200 жилийн ойн тохиож байна.
Карл Маркс мэндэлсний 200 жилийн ойн тохиож байна. | Гэрэл зураг (хэсэгчилсэн): Johann Scheibner © dpa

​Энэ жил Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Капитализмыг шүүмжилсэн түүний үзэл баримтлал дэлхийн цаг уурын өөрчлөлт, хөдөлмөрийн мөлжлөг, дэлхий даяарх шударга бус байдал ноёлсон энэ цаг үед К. Марксыг эргэн харахад хүргэж байна. Дахин нэг уншин, ахин нэг тунгаан бодууштай.

Эдийн засгийн үндэслэлтэй тайлбарласан онолын үзэл санаа нь хэрэгжиж байгаа хүн төрөлхтний суут сэтгэгч бол Карл Маркс юм. Алив нэгэн нийгмийн үйлдвэрлэлийн үйл явц болон арга техник тухайн нийгмийнхээ улс төрийн болон нийгмийн тогтолцоог тодорхойлж, хүн төрөлхтний оюун санааг үйлдвэрлэх хүч, харин ёс зүйн хэм хэмжээсийг ашиг сонирхлоор зохицуулах тухай сургаалийг Маркс, Энгельс хоёр боловсруулан “Түүхэн материализмын онол” гэж нэрлэсэн үзэл баримтлал нь жишээ дурьдахад социологи, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, шашин судлал, эрх зүй, утга зохиол, инженер, танин мэдэхүйн шинжлэх ухаан гээд олон шинжлэх ухаанд нөлөөлсөн байна.
 
Харин Марксын гол бүтээл болох “Капитал” зохиолоос өөр өнцгүүдийг харж болно. Өнгөрсөн 150 жилийн хугацаанд хамгийн халуун мэтгэлцээн өрнүүлсэн, улс төрийн хүчтэй нөлөө үзүүлсэн үүн шиг нийгмийн шинжлэх ухааны бүтээл байхгүй л болов уу. Европын ажилчдын хөдөлгөөн, оросын большевикуудын хувьсгал, буурай орнуудыг чөлөөлөх хөдөлгөөнүүд – энэ бүхэнд Карл Марксын “Капитал” ямар нэгэн байдлаар нөлөөлсөн агаад энэхүү бүтээл нь капитализмын мөн чанар, үйл явцыг судалсан байхын сацуу түүний хувь заяаг зөгнөн өгүүлжээ. Учир иймд эдийн засгийн онолын сонгодог бүтээлүүдийн үнэ цэнэ улс орнуудын дунд эдийн засгийн тогтолцооны өрсөлдөөн бий болсон даяаршлын энэ үед буураагүй байна.

“КАПИТАЛИСТУУД БОЛ НИЙГМЭЭС ТУУГДАГСАД”

“Хүйтэн дайн”-ы дараах дэлхийн цаг уурын дулаарал, хөлсний хөдөлмөр, олон улс дахь эрх тэгш бус байдал, санхүүгийн хөөсөн мэдээ, эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед зөвхөн зүүний баримтлалтай хэсэг нөхөд капиталист нийгмийн мөхлийг яриад байгаа юм биш. Эдийн засгийн шинжлэх ухаанд эдийн засгийн зогсонги байдал гэх хэллэг бий болсон агаад капиталист хөгжлөөр тэргүүлэгч орнуудын уулзалт дээр хүртэл “Капиталист зах зээлийн тогтолцоо орчин цагийн дэлхийд таарахаа байлаа” гэлцэнэ.

“Капитал” бүтээлээрээ Маркс “орчин цагийн нийгмийн дэвшил хөгжлийн гол хөдөлгүүр”-ийг тодорхойлсон мэт. Энэ нь үндсэндээ ахиц дэвшлийн хууль юм: Капиталист хуулиар зохицуулагддаг эдийн засаг нь “Коммунистуудын эв хамтын тунхаг бичиг”-т капиталист буюу зах зээлийн нийгмийн харилцааг  “нийгмийн үйлдвэрлэлийн үйл явц, арга техникийг хөгжүүлэн үйлдвэрлэлийн хүчийг бий болгосон нийгмийн тогтолцоо”  гэж тодорхойлсон бөгөөд техник, шинжлэх ухааныг хөгжүүлж, дэлхийн зах зээлийг цогцлоожээ. Харин энэхүү эдийн засгийн жолоодогч капиталистууд бол туугдагсад юм: Тэд данс нь улайвал яаж ийгээд бүтээх хүчийг хөгжүүлэх, инновацийг турших, ажилчны нөөцийг эрчимтэй, бүрэн дүүрэн ашиглах, дэлхийн байгалийн баялгийг зүй зохистой боловсруулах, баялгийн эх сурвалжийг бараа, бүтээгдэхүүнд хувиргадаг байна. Ийнхүү капиталист үйлдвэрлэл гачигдах юмгүй дэлхийг бий болгох суурь болдог байна. Нэмүү өртөг, үйлдвэрлэлийн өсөлтийг бий болгох зорилготой нийгмийн үйлдвэрлэлийн үйл явц нь аливаа баялгийн эх сурвалж болсон газар, ажилчин хоёрыг туйлдуулж байж баялагт хүргэдэг гэжээ.

КАПИТАЛИЗМЫН БАЙЖ БОЛОХ ТӨГСГӨЛ

“Капитал” бүтээлийнхээ төгсгөл хэсэгт Маркс ийн өгүүлжээ: Капиталд шунах, даяаршлын зогсолтгүй их хүч нь баян, ядуугийн зааг ялгааг хурцатгаж, хувийн өмч техникд нуугдан буй чөлөөт боломжуудыг хүлээсэнд аргацаана. Энэ нь хувьсгал өөрчлөлтийг даллан, үйлдвэрлэх хүчийг хүчирхийллээр өөрчлөхөд хүргэнэ. Онолын энэ хэсэг улс төрийн агуулгатай байх агаад олон арван жилийн турш ажилчдын хөдөлгөөний улс төрийн бодлогыг тодорхойлж, үзэл суртал нь болж иржээ. Харин энэхүү хувьсгалч шинжтэй үйл явц хэдийд түүхэнд тэмдэглэгдсэн нь тодорхойгүй. Учир нь Марксын улс төрийн эдийн засгийн шүүмж нь сөрөг бүтээгч хүчийг оношилсон агаад үүгээр капиталист үйлдвэрлэл тэнцвэрээ олдог гэсэн байна: Зах зээлийн тэлэлт, техникийн инноваци, түүхий эдийг зүй зохистой ашиглах, хүний хөдөлмөрийг бүрэн дүүрэн ашиглах, үйлдвэрлэлийг дэлхий даяар явуулах, саяхны жишээгээр дурьдвал зээл баялгийг үсрэнгүй бий болгох гэх мэт.  

 Зохиолч Ханс Вернер Зинний тодорхойлсноор зуу гаруй жилийн туршид үйлдвэрлэх хүчний тогтолцоог өөрчлөхийг уриалсан эдийн засагчид, эсвэл ажилчин ангийн пролетарын дарангуйллын уриаг сургаалиа болгосон эдийн засагчид аль аль нь Марксын макро эдийн засгийн догматик онолуудыг хүлээн зөвшөөрч, түүний боловсруулсан онолууд баялгийн өсөлт, даяаршил, хямралын онолуудад ач холбогдол өгч байгааг үнэлдэг. Марксын капитализмыг хурцаар шүүмжилсэн үзэл санаа нь хувь хүнийх нь  түүхийн асар их баялаг мэдлэгтэй холбогдоно. Эдийн засгийн ухааны сонгодог онолууд зах зээлийн процессоор хязгаарлагддаг байхад К. Маркс эдийн засгийн процессыг бүхэлд нь авч үзсэн бөгөөд өргөжсөн үйлдвэрлэлийн үр шимээс хүртэх механизм, дэвшилтэт технологи, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хэсэг, давхаргын хоорондын зөрчил, бүтээгдэхүүний зах зээлийн соёл иргэншлийн талуудыг нэгэн цогц болгон капиталд тусгасны сацуу капиталист үйлдвэрлэлийн тогтолцоо нуран унахыг өгүүлжээ.

ХҮН ТӨРӨЛХТӨН ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОСОН ДАРАМТ ШАХАЛТ

Капиталист тогтолцоонд хүнийг, эд юмсыг ашиглах, төрөлжүүлэх тухай яригдана: Ийм байдаг, энэ ч өөр өөр хэлбэрээр илэрдэг гэдгийг 150 жилийн дараа “Капитал” бүтээлийн анхны боть хэвлэгдэж гарсан даруй мэдэцгээж яг одоо чухал сэдвийн нэг болоод байна. Марксын үзэл санаа, нотолгоонууд бидний оршин буй цаг үед чухам үнэнд ойртож байгаа тул яагаад заавал “Капиталыг” ахин нэг унших ёстой гэж?
Том аж үйлдвэрлэлийн төвлөрөл, эдийн засгийн харилцааны сувгуудыг хувьчлах, газар тариаланг ашгийн болгох тухай улс орнууд өөр өөрсдийн бодлогоо тодорхойлох (энэ үйл явц улс төрийн хувьд цээрлэх ёсон нэгэнт биш юм бол), дэлхийн баялаг капиталист хувьчлалаас хамгаалагдах ёстой юм бол, байгальд хор учруулах нь дэлхий дахины шүүмжлэлийн хараанд өртдөг болсон нөхцөлд энэ алдарт бүтээлийг унших сэдэл төрөхөөс яахав.

 “Улс төрийн эдийн засгийг” хурцаар шүүмжилсэний практик тал нь оршин буй дэлхийг нэвт шувт харан, бодит байдлыг гуйвуулахыг завдсан үг хэллэгүүдийг шүүмжлэлтэй өнцгөөс харуулахад оршино. “Үйлдвэрлэх хүчин ноёлсон нийгмийн баялаг нь бараа таваарын цуглуулга мэт”  гэж зохиол эхлэх агаад эхний өгүүлбэрт л шүүмж нуугдах авай: Бид эд баялаг гэдэгт юуг ойлгодог (юуг ойлгохыг хүсдэг) хийгээд түүний илрэн гарах капиталист хэлбэрийн тухай асуужээ. “Капитал” зохиолд капиталист үйлдвэржилтийг бий болгосон нууц эх сурвалж, мөн баялгийн бодит эх сурвалжуудыг илрүүлдэг. Марксын тогтолцооны онол нь хөрөнгийн эдгээр эх үүсвэр капиталын ашиглалтыг бүрэн шавхах үед хямрал, гамшгийн нийгэмд хүргэж болох тухай үзэл санаа. Тиймд бусад онолын адил фаталист, механик шинж чанартай. Бүтээлийн төгсгөлд бидний захирагддаг тэрхүү үйлдвэрлэлийн хүчийг хүмүүс өөрсдөө бүтээсэн учир өөрсдөө өөрчлөх боломжийн тухай өгүүлдэг. Байгаль дэлхийг цөлжүүлэхгүйн тулд, мөн хүн төрөлхтнийг үйлдвэрийн үр шимийн араас хөөцөлдөх утсан хүүхэлдэй болгохгүйн тулд бид өөрчлөх ёстой.  
 

Редакци: Капитал. Улс төрийн эдийн засаг 21-р зуунд. – Кунстман хэвлэлийн газраас эрхлэн Маттиас Грефратын боловсруулсан зохиолд эдийн засаг, философи, нийгмийн шинжлэх ухааны салбарын хүмүүс, нийтлэлчид энэхүү бүтээлийн гол санаа, категориудыг судалсан байна. Үүнд: Мөлжлөг, автоматжуулалт, хувьсгал, даянгаар ноёрхох, нэмүү өртөг, эсэргүүцэл, байгалийн хүч, хамтын ажиллагаа, мөн эдгээрийн орчин цагт хэрэглэгдэх байдлыг гүнзгийрүүлэн авч үзжээ.
Номын бусад зохиолчид: Этиен Бальбар, Паул Месон, Михиаль Куанте, Саара Вагенкнехт, Ханс-Вернер Синн, Эльмар Альватер, Жон Холлвей, Роберт Мисик, Девид Харвей, Вольфганг Стриик.