Ярилцах цаг-Хэлний булан
Герман хэлний үгийн сан хэр баялаг вэ?
Герман хэлэнд шинэ үгийг бүтээх маш хялбар. Гэвч шинээр зохиосон үг бүр толь бичигт ордоггүй. “Дүдэн” хэвлэлийн газарт үгийн уртаас урт жагсаалт хөврүүлдэг ажлын тухай өгүүлэх нь.
Von Катрин Күнкел-Разум
1880 онд Конрад Дүдэн (Дүдэн хэвлэлийн газрыг үндэслэгч. Орч.) “Герман хэлний зөв бичих зүйн иж бүрэн толь”-ийг хэвлэн гаргасан нь гайхамшигтай маркетинг байлаа. Учир нь, тус толь бичиг нь герман хэлний “иж бүрэн” толь бичиг байж чадаагүй бөгөөд одоо ч тийм байж чадахгүй.
Тэгвэл орчин цагийн герман хэлний үгийн сан хэдэн үгтэй вэ? Энэ талаар сүүлийн үед эрчимтэй яригдаж буй. Компьютер хэл шинжлэлийн аргаар герман хэлний үгийн санг үнэхээр хэр баялаг болохыг урьд өмнөхөөс ч илүү нарийн тооцоолох боломжтой болсон. Миний бие “Дүдэн” хэвлэлийн газарт 2000 оны үеэс редактораар ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үед стандарт герман хэлний үгийн санг 300 000-400 000 үгтэй гэж тооцдог байлаа. Харин саяхан манай хэвлэлийн газрын цахим эхийн сангийн корпусын үнэлгээгээр үгийн 17,4 сая үндсэн буюу хувираагүй хэлбэр тогтоогдсон. Үгийн сан тэгэхээр хэдхэн жилийн дотор ийм эрчимтэй нэмэгдлээ гэж үү? Ийм их ялгааг хэрхэн тайлбарлах вэ?
үг гэж юу ву?
Үг гэж юуг хэлэх талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Müllautohintendraufsteher (хогийн машины хойно зогсогч гэх нийлмэл үг) нэг үг үү? Та энэ үгийг урьд өмнө огт сонсоогүй байж болох ч, тийм ээ, энэ бол нэг үг. Яагаад гэвэл, энэ бол бидний ойлгох нэг л утгыг илэрхийлэх, бүтцийн нэг л нэгж юм. Тиймээс ч түүнийг том үсгээр эхэлж бичнэ, өмнө, хойно нь зай авна, түүнээс эм хүйсийн нэр үг бүтээнэ гэх мэт. Хэдий тийм боловч зарим хүн ийм үүсмэл үгийг үг хэмээн хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг. Энэ нь тухайн үгийн хэрэглээ ховор байгаатай холбоотой байх. Энэ бол нэг ёсны оккасионализм буюу тохиолдлын шинжтэй үг л дээ. Гэхдээ энэ стандарт хэлэнд хамаарах үг мөн үү гэвэл мэдээж үгүй. Энэ үг стандарт хэлэнд хамаарч чадахуйц их хэрэглэгддэггүй, манай корпуст бүр гарч ирдэг ч үгүй. Энэ мэтчилэн манай эхийн санд жишээлбэл, ганц нотолгоогоор баталгаажих, нэн ховор хэрэглэгддэг олон мянган үг бий.Нөгөө их ялгааг үүгээр тайлбарлаж болно. Гэвч герман хэлний үгийн тоо хязгааргүй гэдэг нь мэдээж. Учир нь бид хором бүрд шинэ үг зохиож байдаг. Энэ нь нөгөөтээгүүр герман хэлний үг бүтээх тогтолцоо бид үгийн хэсэг буюу бүтээврүүдээр цаг ямагт шинэ үг үүсгэж болохоор төгс бүтээгдсэнтэй холбоотой. Тийм ч учраас герман хэлний иж бүрэн толь бичиг гэж хэзээ ч бий болохгүй.
Толь бичиг бол цаг үеийн толь мөн
Зөв бичих зүйн “Дүдэн” толийн сүүлийн хэвлэлтүүдэд тус бүр 5000 шинэ үг багтсан. Шинэ үгийн тэр их урсгалаас Дүдэн редакц хэрхэн сонголт хийдэг вэ? Үүнийг мэдэхийн тулд манай хоёр хэвлэлтийн хоорондох гурваас дөрвөн жилийн дотор манай эхийн сан буюу корпуст ямар үгс шинээр бүртгэгдсэн бөгөөд “Дүдэн” толь бичигт хараахан ороогүй байгааг харьцуулж үзье. Тэгэхийг хүсвээс бидний гарт олон мянган үгийн бүртгэл бүхий туйлын урт Эксел жагсаалт байх болно. Тэрхүү жагсаалтыг манай редакторууд нягтлан, тухайлбал, зөв бичих зүйн үүднээс хүнд учир тусгай толь бичгийн хувьд сонирхолтой байж болох үгсийг сонгоно. Утгын тольд харин энэ шалгуур тийм ч чухал биш. Шинэ үгийн тус жагсаалтад бас гудамж, хөл бөмбөг тоглогчид зэргийн маш олон нэр бүртгэгдсэн байдаг. Учир нь тэд бидний бүртгэл шинжилгээндээ ашигладаг сонинуудад ихээр хэрэглэгдсэн байдаг юм. Гэхдээ бид хүмүүсийн тухай тайлбар толь хийгээгүй учир тэд чухал биш. Харин нийгэмд ач холбогдолтой, хүмүүсийн өдөр тутмын үгийн санд орсон үгс л чухал. Тиймээс ч толь бичиг, ялангуяа зөв бичих зүйн “Дүдэн” толь тухайн цаг үеийнхээ нийгмийн тусгал болдог юм. Манай зөв бичих зүйн толийн 2017 оны 27 дахь хэвлэлтэд шинээр оруулсан үгст жишээлбэл, die Lügenpresse - худалч, хулхи хэвлэл (XIX зуунд үүссэн, улс төр, үзэл санаа, эдийн засгийн нөлөөнд байдаг, тиймээс ч мэдээллийг дарагдуулж, хуурамч мэдээлэл гаргаж, олон нийтийн тархи угаадаг хэмээн тооцогддог хэвлэлийг нэрлэсэн үг. Дүдэн толь бичгийн тайлбар), die Mütterrente-эхчүүдийн тэтгэвэр (2013 оны Бундестагийн сонгуулиар гарч ирсэн үг бөгөөд энэ нь 1992 оноос өмнө төрсөн хүүхдүүдээ асарсан жилийг эцэг эхчүүдийн тэтгэвэрт тооцуулах зорилготой ухагдахуун байсан. Орч.), der Späti - шөнийн дэлгүүр, die Willkommenskultur - угтах соёл (дүрвэгсдэд нээлттэй, хүлээн авахад бэлэн хандахыг уриалсан, улс төр, нийгмийн арга хэмжээнүүдийн дүнд бүрэлдсэн нийгмийн уур амьсгал. Дүдэн тайлбар.), die Zipphose - цахилгаантай өмд (хөлийг нь янз бүрийн хэсгээр нь цахилгааны тусламжтайгаар салгаж болдог өмд. Дүдэн тайлбар.) зэрэг үгс багтжээ.Дараагийн нийтлэлдээ би интеграц, тодруулбал герман хэлэнд харь үг хэрхэн нутагшдаг талаар өгүүлэх болно.
Ярилцах цаг-Хэлний булан
“Ярилцах цаг” булангаа бид хоёр долоо хоног тутамд хэл-нийгэм, соёлын үзэгдэл болох талаарх асуудалд зориулдаг. Хэл хэрхэн хөгждөг вэ? Зохиогчид “өөрсдийн” хэлээ хэрхэн үздэг вэ? Хэл нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?