Toни Эрдманн
Миний хайртай дайсан

"Тони Ээрдман" кино хэсгээс, гол дүрийн жүжигчин Петер Симонишек
© Komplizen Film

Винфрийд Конради бол ганц бие тэтгэврийн хөгшин. Тэр олон жилийн өмнө эхнэрээсээ салсан тул төрсөн охинтойгоо уулзаагүй удсан юмсанж. Нэгэн удаа гэр бүлээрээ уулзах үед охин Инес нь албаны гар утаснаасаа хором ч холдохгүй байсанд аав нь түүнийг болиулах ямар нэгэн зүйл хийхээр болов.

Эндээс л эхний таамаглаагүй үйл явдал эхэлсэн юм. Винфрийд нүдэндээ нулимс цийлэлзүүлэн байж гэр бүлийнхнийгээ эвэнд оруулья гэж хичээх сайхан зантай намбалаг эрхэм биш. Харин хүмүүсээр даажигнан тохуурхаж мэдэх эвгүй нөхөр. Англиар бол тийм хүмүүсийг “Прэнкстер” – буюу хоржоонтой эсхүл зэвүүн хүн гэж нэрлэдэг дээ.  Бусдаар тохуурхан тэднийг  сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхгүй болтол нь айлгаж, нүүрийг нь улалзуулж, уцаарлуулна. Кино эхэлсэний дараах хэдэн минутанд Винфрийд ямар учраас эхнэрээсээ салсан, Инес эцэгтэйгээ харилцах харилцаагаа охин аавын харилцаа гэж хүлээн зөвшөөрөгдөх төдий хэмжээнд байлгахыг хичээж байгааг төвөггүй харах вий. Чухам энэ хэсгээс удаах таамаглаагүй үйлдэл эхлэх авай.

Охин Инес карьерийн төлөө үхэн хатан зүтгэдэг эмэгтэй мэт харагдавч үнэн хэрэг дээрээ тийм биш. Түүнээс зэрэгцээ 2 дүрийг харж болно. Тэр ухаалаг, сэргэлэн, амиа аваад явах чадалтай бүсгүй агаад эцгийнхээ гэнэн томоогүй үйлдлийн эсрэг хахир хатуу ч гэлээ байгаа оносон цэцэн хариу барьж чаддаг. Инесийн зан төлөв, амьдралын тухай төсөөлөл нь түүний хүүхэд насанд тулгарсан асуудлуудаас болсон юм. Аливааг нухацтай авч үздэггүй аавтайгаа харьцуулбал охин юманд няхуур ханддаг хүн болж төлөвшжээ. Хүн амьдралдаа өөрөө бий болгож болох зүйлсийг тухайлбал ажил мэргэжил, карьер, орлого зэргээ цогцлоож чадах нэгэн болсон байна.

Дээрх хоёр үзэгдлийн дараагаар эмгэнэлт, инээдмийн кино цааш ийн үргэлжилнэ:  Овилгогүй аав харийн Румын улсад охин дээрээ зочлохдоо ажил мэргэжлийн амьдралыг нь там болгохоор явна. Тони Эрдманн гэх хиймэл үстэй, бас хиймэл шүдтэй жигтэй бизнесмен гэнэт гарч ирээд л Инесийг алхам тутамд нь даган ажил хэргийн уулзалтыг нь бусниулж, дарга нарынх нь дэргэд гэдэснийхээ хийг гаргаж, хамт ажилладаг бүсгүйчүүдтэй нь санаа зовсон янзгүй сээтэгнэнэ. Нэг үгээр хэлэхэд охиныхоо бөгчим чигжүү ажлын ертөнцөд өчүүхэн ч атугай агаар оруулах гэсэн аавын санаачлага тэр байх. Аавын энэ арга үнэн хэрэг дээрээ нүдээ олсон эсэхийг хэлж мэдэхгүй. Үр дагаварт нь Инес өөрийгөө “чөлөөлөхөд” хүрэх юм биш биз? Энэ нь тэгээд үр хүүхэддээ үзүүлж байгаа эцгийн хайр уу? Хэрэв тийм биш бол өөр юу гэж?  

Бүтэн нэг жил эвлүүлгийн өрөөнд

Марен Аде “Өрөөл бусад” гэсэн эмгэнэлт атлаа инээдмийн киногоороо польш үзэгчдийн дунд олны танил болсон тул удаагаар нь “Тони Эрдманн” гэх бяр амтагдсан киногоо хийжээ. Киног бүтээхэд цаг хугацаа, эд материалын зардал их орсон байна: Тухайлбал Аде бүтэн нэг жилийн турш эвлүүлгийн өрөөнд суунгаа бүхэл бүтэн 120 гаруй цаг үргэлжлэх киноны материалыг хасаж шүүсэн байна. Кино зохиолыг бичих, зураг авалтын бэлтгэл ажил зэрэгт ч багагүй хүч, хөдөлмөр зарцуулжээ.


Винфрийдийн дүр бол Марен Аде найруулагчийн төрсөн эцэгтэй төстэй гэж хэлж болох бөгөөд түүний аав  авагддаг хиймэл шүд зүүж, хүмүүсийг цаашлуулан даажигнах дуртай нэгэн. Гол дүрийн  жүжигчид болох Петер Симонишек, Винфрийд Конради буюу Тони Эрдманны дүрд, харин Сандра Хульллер Инес Конрадигийн дүрд тогложээ. Тэд хоёулаа жүжигчний гайхалтай уран чадварыг үзүүлсэн нь наалдацтай өөрийн гэсэн онцлогтой болжээ: Гол нь тэдний бүтээсэн  дүрүүд давуу ба сул талуудтай махан биет, халуун цуст бодит хүмүүс юм.  


“Тони Эрдманн” бол цаг үеийг тусгасан магтахгүй байхын аргагүй кино бүтээл юм. Энэ кино нөлөө бүхий урлагийн бүтээлүүдийн нэгэн адил өөр хоорондоо уялдах олон тайлбаруудыг ар араасаа дагуулжээ. Өнгөц авч үзвэл “Тони Эрдманн” эцэг, охин хоёрын харилцаа мэт боловч лавшруулан үзвээс эцэг эх болон хүүхдийн хоорондын харилцааг харуулсан кино бөгөөд сэтгэл судлалын эчнээ танил нэгэн онолыг баталсан мэт хатуу боловч гашуун дүгнэлтийг тодруулжээ: Хүмүүс бид эцэг эх шигээ л болохгүй юм даг гэж аливааг хийдэг ч тэдэнтэй хачин ижил болохоо эцсийн бүлэгт цочирдон мэддэг байна.
Винфрийд өвгөнд охин нь үл таних хүн шиг санагдах агаад ийн охиныхоо амьдралд хошуу дүрсэн явдал нь сайхь хоёрын дотор буглах сэтгэлийн бүх л араншинг гижигдэнэ. Тэр нь гайхашрал, доромжлол, уур хилэн байхаас гадна нэгэндээ бууж өгөх, ижил тэгш байхыг эрхэмлэх, сэтгэл уярах гээд бидний мэдэх амьдралын нандин ухаан байлаа.

Хүнийг таньж мэднэ гэдэг сэтгэл өвтгөм үйл явц бөгөөд үүнээс гарах үр дүн нь тухайн хүнийг барим тавим тодорхойлох боломжгүй болгодог. Яг энэ хэсэг киноны дотоод сэтгэлийн гүн рүү өнгийх завшаан аж. Магадгүй ихэнх үзэгчид (бүгд ч байж мэднэ) гэр бүл дэх зөрчил, харилцааны асуудлуудыг тольдон харж өөрийн гэр бүл дээрээ тусган бодох вий.

Румын улсад

Лавшруулан харвал “Тони Эрдманн” даяарчлагдсан ертөнц ба түүний үр дагаварт хийсэн дүн шинжилгээ юм. Хэрэв найруулагч амар хялбарыг бодолцсон бол алс холын Азид үйл явдлыг өрнүүлэн тэндхийн нийгэм дэх эн тэнцүү бус байдлыг харуулж болох л байсан. Ингэхийн оронд Румын улсыг киноныхоо өрнөлийн цэг болгосон найруулагчид харин талархууштай. 

Энэ нь зүгээр ч нэг тохиолдол төдий бус. Кино ертөнц энэ улс руу хараа чиглүүлсэн нь учиртай. Румыний кино олон улсад сүүлийн арваад жилд шилдгээр шалгараад байгаа. Олонд хамгийн их танигдсан нь гэвэл агуу жүжигчин Влад Иванов ( “4 сар, 3 долоо хоног, 2 өдөр” киноны аюултай эрхэм Бебегийн дүр) билээ. Тэрээр Марен Аде найруулагчийн кинонд туслах дүрд тоглосон байна. Нөгөө талаас авч үзвэл Румын улс “Хоёр өөр хурдтай Европ”-ын сэтгэл өвтгөм жишээ юм. Тус улс Европын холбоонд ордог ч гэсэн олон зүйл дээр гэрлээс алсран холджээ. Бизнесийн хүрээнд амжилттай яваа Инес бүсгүйд ч Румын улсын байдал ойлгомжтой байсан нь мэдээж. Тэр  Румынд байгаа цаг хугацаагаа түр зуурын “цөллөг” гэж харж байсан агаад Румыний дараагаар  Сингапурт дэвшин ажиллана гэсэн хүлээлттэй байв. Бүсгүй ажил мэргэжлийнхээ давуу талыг ашиглахаа мэдэх бөгөөд нэг тийм шахаж шавдуулдаг зарчимч дарга эмэгтэй эсхүл өөрийг нь дагалдах залуу хамтрагчиддаа бурханы элч мэт санагдах хоёрыг хослуулж чадна. Энэ тэгээд орчин үеийн колоничлол юм гэж үү?

Кинонд бизнесийн ертөнцөд үйлчлэх захирах, захирагдах дүрэм,  ерөнхий шинжүүдийг юутай хээтэй нь ёжтой байдлаар харуулдаг. Амбицтай залуу эмэгтэйчүүд ч гэсэн дарга удирдлагынхаа өмнө гүйцэтгэх ажилтан хэвээр үлддэгийг олон талаар харуулжээ. Тэд үүргээ биелүүлснийхээ дараа л гэртээ харьж болно.

“Тони Эрдманн” бол тэр чигтээ бараан өнгө аястай кино биш. Харин ч сүүлийн үед гарсан кинонууд дундаас хамгийн хошин кино, магад германы кино урлагийн түүхэн дэхь хамгийн сайн инээдмийн кино болсон гэдгийг энд онцлууштай. Үнэн сэтгэлээсээ хэлсэн үг эсхүл тоглоом тохуу болгон хэлсэн үг мөн инээд наргиан хийгээд сэтгэл уярам хэсгүүдийн гайхамшигтай нэгдэл. Энэ бүхний донжийг нь олон хослуулж чадсан найруулагч бүсгүй Марен Адед киноны нээлтэнд ирсэн үзэгчид суудлаасаа босон алга ташиж баяр хүргэж байсан юм. Үүний зэрэгцээ уг кино үзэгчдэд өнөө цагт маш ховор мэдрэмжийг өгч байгаа юм. Чухам үүнд л кино урлагийн гайхамшиг оршин байна. Тэр нь хүн бүхний мэддэг сэдвүүдээр зохиол бичих, чингэхдээ өмнө нь хэний ч сорьж үзээгүй шинэ арга замаар киног бүтээх тухай юм.
 
 
 
Toни Эрдманн (Toni Erdmann)
Герман улс 2016
Найруулагч: Mарен Aде
Борлуулагч: ЭнЭфПи Maркетинг & Дистрибюшн (Польш улсад: Гутек фильм)
Киноны нээлт Польш улсад: 2017 оны 1 сарын 27