Соёлын өвийг хадгалахуй Монгол улс дахь соёлын өвийн хадгалалт

Гандантэгчэнлин хийд дэх судрыг сэргээн засварлаж буй нь
Гандантэгчэнлин хийд дэх судрыг сэргээн засварлаж буй нь | Гэрэл зургийг: © Базарсүхийн Рэнцэндорж

Монгол дахь Гёте-Институт болон Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж тус хийдэд цаас сэргээн засварлах урланг байгуулав. Энэхүү сэргээн засварлах урланг Монгол дахь Гёте-Институт үүсгэн байгуулагдсаны арван жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 оны 5-р сарын 16-ны өдөр албан ёсоор нээсэн юм.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь 1727 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Тус хийд нь нэг сая гаруй судрын сан хөмрөгтэй бөгөөд Монгол улсын хэмжээнд хамгийн том цуглуулгад тооцогддог. 
Номын сангийн архивт хадгалагдаж буй судар бичгүүд Номын сангийн архивт хадгалагдаж буй судар бичгүүд | Гэрэл зургийг: © Базарсүхийн Рэнцэндорж Тус номын санд Юань улсын хааны зарилгаар худам Монгол бичигт хөрвүүлэн бүтээсэн эртний хосгүй нандин судар ном хадгалагдаж буйгаас гадна есөн эрдэнэ, алт, шунх тэргүүтнээр бичсэн ном судрууд ч мөн хадгалагдаж байгаа юм. Түүнчлэн Монголын нэрт соён гэгээрүүлэгч эрдэмтдийн оюуны сор болсон бүтээл туурвилууд гар бичмэлийн эх хувиараа болон барын хэвлэлээр хадгалагдаж байна. Номны агуулгыг нь үзвэл их, бага арван ухааны орны бүтээлүүд байх бөгөөд тэдгээрийг худам монгол бичиг, соёмбо, самгард, төвд үсэг, хэлээр бичиж, барлаж үлдээжээ. Энэ номын сан Монголын түүх, шашин, соёлтой холбоотой цаасан баримтат өвийг хадгалж байгаа нандин газар мөн. 
    Сэргээн засварлах урланг нээх ёслолын ажиллагаа Сэргээн засварлах урланг нээх ёслолын ажиллагаа | Гэрэл зургийг: © Базарсүхийн Рэнцэндорж Энэхүү соёлын өвийг ирээдүй хойч үед хадгалж үлдээх зорилгоор Герман улсын мэргэжлийн сэргээн засварлагчид болох Дирк Ферлманн болон Виола Байер нарын удирдлага дор Гандантэгчинлэн хийдэд орчин үеийн сан хөмрөг хадгалалтын шаардлагыг хангасан сэргээн засварлах урланг байгуулсан болно. Тус урлан нь номын санчдад судар бичгийг цаашид тогтмол сэргээн засварлах боломжийг олгож байна. Монгол дахь Гёте-Институт нь номын санчдыг сурч мэргэшүүлэхэд герман мэргэжилтнүүдийн удирдсан олон сургалт семинарыг зохион байгуулж байна.

Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд сэргээн засварлах семинарт хамрагдаж буй нь Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд сэргээн засварлах семинарт хамрагдаж буй нь | Гэрэл зургийг: © Базарсүхийн Рэнцэндорж Судар бичгийг цахимжуулахад архивын сканерыг нэвтрүүлснээр соёлын өвийг хамгаалахад хувь нэмрээ оруулж, судар бичгийг дунд хугацаанд бусад сүм хийд, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгоход нэгэн шинэ алхам боллоо.
 
Гёте-Институт нь 2009 оноос хойш Монголын соёлын өвийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа бөгөөд Монголын цаас болон даавуун эдлэлийг сэргээн засварлагчдад 2010 оноос хойш мэргэжил дээшлүүлэх болон чадваржуулах семинарыг зохион байгуулж байна.