Жазз
Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим
Гёте-Институт 2014 оноос хойш хэрэгжүүлж буй Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB) төслөөрөө Монгол Улсын Консерваторит суралцаж буй жазз хөгжимчдийн залуу үеийнхнийг дэмжиж байна.
Монгол Улс бүхий л талаараа өөрчлөгдөн хөгжиж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаас тус улс барууны соёлд үүд хаалгаа нээжээ. Хэдий өргөн хүрээнд биш боловч поп, рок, хип-хоп, жазз хөгжмийн салбарууд Улаанбаатар хотод эрчтэй хөгжиж байв. Ингэснээр уламжлалт боловсролын байгууллагууд энэхүү хөгжилтэй хөл нийлүүлж чадахгүйд хүрээд байв.
Тиймээс Монгол дахь Гёте-Институт нь жазз хөгжмийн залуу үеийнхэн сурч боловсроход 2014 оноос хойш дэмжлэг үзүүлж байна: Сонгодог болон язгуур хөгжмийн боловсрол олгогч боловсролын чухал байгууллагын нэг болох Монгол Улсын Консерватори (МУК)-той хамтран Гёте-Институт нь 2014/15 оны хичээлийн жилд Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB)-ыг үүсгэн байгуулсан юм.
Жазз хөгжим Монголд: Олон улсын жаззын өдөрт зориулсан GMUB-тоглолт
| Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
Герман улсын басс хөгжимчин Мартин Зенкерийн удирдлага дор GMUB нь Монгол Улсад жазз, орчин үеийн хөгжмийн боловсролыг олгох үндэс суурь болжээ. Төсөл хэрэгжиж эхлээд дөнгөж хоёр жил өнгөрсөн боловч тус сургалт нь цаашид Монгол Улсын Консерваторит бакалаврын түвшинд хэрэгжиж эхэлсэн.
Тусгайлан барьж тохижуулсан хоёр анги танхимд Монголын залуу халаа болсон хөгжимчид олон хоолойн ухаан, соноршуулга, хөгжмийн түүх, хөгжимдөх урлаг зэрэгт суралцан мэргэших юм. Эдгээр анги танхимуудыг өндөр чанар бүхий хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжүүдээр тохижуулсан бөгөөд Герман улсаас нэг тонн орчим эд материалыг тээвэрлэн авчирсан байна.
Түүнчлэн Гёте-Институт нь жазз гармони болон жазз хөгжмийн түүх зэрэг хөгжмийн стандарт сурах бичгийг монгол хэлнээ хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал 2018 онд жазз хөгжмийн мэргэжлийн сурах бичиг болох Вольфганг Бройер-ын "Жазз гармони"-ийг Монсудар хэвлэлийн газартай хамтран анх удаа монгол уншигчдын хүртээл болгосон.
Мюнхений Хөгжмийн Дээд Сургуулийн багш болон GMUB оюутнуудын хамтарсан ойн баярын тоглолт
| Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
Хичээлийг зочин багш нар удирдан явуулдаг: Тэдгээр нь Германы хөгжмийн их сургуулийн багш нар болон ахисан түвшний оюутнууд байдаг бөгөөд 4-6 долоо хоногийн хугацаатайгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Монгол Улсын Консерваторийн бакалаврын түвшний оюутнууд болон GMUB-ын хөгжимчдөд хичээл заадаг. Мөн түүнчлэн, Герман төдийгүй олон улсын уран бүтээлчид, хөгжимчид цөөн хоногийн эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж байна.
Монгол дахь Гёте-Институтийн арван жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Консерватори болон Мюнхен хотын Хөгжим ба Театрын Урлагийн Дээд Сургууль (МХТУДС) хамтран ажиллах гэрээнд МУК-ийн захирал, профессор Ц. Пүрэвхүү болон МХТУДС-ийн жазз хөгжмийн тэнхимийн эрхлэгч, профессор Клаус Райхшталлер нар гарыг үсэг зурснаар цаашид хоёр сургууль хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, харилцан солилцох нөхцөл бүрдлээ. Одоогоор GMUB-ын таван төгсөгч Мюнхен хотын хөгжмийн дээд сургуульд суралцаж байна.
Монгол Улсын Консерватори болон Мюнхен хотын Хөгжим ба Театрын Урлагийн Дээд Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
| Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим нь сүүлийн жилүүдэд Монголын жазз хөгжмийн салбар дахь туршлага солилцох, харилцаа холбоо тогтоох төв болон өргөжин, Монголын залуу үе халаа болсон хөгжимчдөд эх орондоо төдийгүй олон улсад академик боловсрол, мэргэжлийн зүг чигээ олох боломжийг олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг GMUB-брошураас үзнэ үү.