​Вим Вендерс ба түүний кинонууд
Шаргуу хөдөлмөрч, төвлөрөн бодох дуртай кино найруулагч

Вим Вендерс нэгэн үйл ажиллагааны үеэр
Зураг (хэсэгчилсэн): Доната Вендерс 2004, © Вим Вендерсийн сан 2015

Тэрээр эхлээд номлогч, мэс засалч, хожим уран зураач болохыг хүсдэг байлаа.  Гэлээ ч түүний кино урлагийг гэсэн сэтгэл ялан дийлж, тэрээр кино найруулагч Вим Вендерс болсон юм. Берлиний Олон улсын кино наадам герман найруулагчийн бүтээлийг 2015 онд “Алтан баавгай”-гаар шагнаж, алдрыг нь тэмдэглэжээ. 

Нэгэн залуу эр АНУ-аар ганцаар аялна. Машин хөдөөгийн замаар, гэрэлт рекламны самбар, шатахуун түгээх станцын хажуугаар өнгөрнө. Филип Винтер гэх энэ залуу Америкийн байгалийн тухай сурвалжлага бичих томилолт аваад явж байгаа нь энэ. Гэвч тэр юу ч цаасан дээр бичсэнгүй. Харин үүнийхээ оронд явсан газар орны гэрэл зургийг цуглуулж, харж байгаа шиг зүйлс яг үнэндээ цаасан дээр байдаггүйг эцэс сүүлд нь урам хугарсан байдалтай олж мэднэ. Энэ дүр зургууд “Алис хотуудаар аялсан нь” (1974) киноны хэсэг юм. Уг кинонд АНУ-ын өмнөдөөс Мюнхен хот хүртэл аялж байгаа төөрч будилсан “Одиссейн аялал”-ын тухай өгүүлэх агаад гол баатар нь эцэс сүүлдээ өөрөө өөрийгөө олж байгаагаар төгсдөг.

Зурагнууд олшрох тусам өгүүлэх цар хүрээ  өргөсөж тэр хэрээр зургаар дамжуулан тодорхой утга, уянгыг илэрхийлэх гэсэн  найруулагчийн ажлын онцлог харагдана.  Яарч адгалгүй, нямбай гэгч нь эвлүүлж хийсэн киноны үзэгдлүүд нь ч үзэгчдийг тогтож сайтар харах, ажиглахад хүргэнэ. “Алис хотуудаар аялсан нь” бол түүний хийсэн 4 дэх кино. Киног дуусгасныхаа дараагаар л тэр өөрийгөө найруулагч хэмээн хүлээн зөвшөөрсөн гэдэг.  Дараа нь  50 гаруй уран сайхны болон баримтат киног хийсэн байна. Сүүлд 2014 онд Бразилийн фото зурагчин Себастиао Сагалдогийн тухай өгүүлсэн “Дэлхийн давс” намтрын киног бүтээжээ.  
 

Германы кино урлагийг шинэчлэгч 

"Би эхнээсээ л зургийн талын хүн байсан" хэмээн Вим Вендерс хэлсэн удаатай. Дюссельдорф хотын эмчийн хүү 1945 онд киноны хүн болж хорвоод мэндлээгүй нь лавтай. Эхэндээ номлогч болох гэв. Дараа нь анагаах, философи, нийгэм судлалаар сурч байснаа 1965 онд уран зураач болохоор Парис хот руу нүүжээ. Дараа нь 1967 онд Мюнхений шинээр байгуулагдсан  Телевиз, кино урлагийн дээд сургуульд элсэн оржээ. “Хотод өнгөрүүлсэн зун” (1971) нэртэй дипломын ажлын киногоо хийсний дараагаар тус бүтээлээ кино театруудад гаргах зорилготойгоор  бусад 12 кино уран бүтээлчтэй хамтран кино уран бүтээлчдийн нэгдэл байгуулжээ.
 
  • “Берлинале”-Берлиний Олон улсын кино наадмын шинжээчдийн багийн ахлагч Райнер Ротер © Berlinale
    Берлиний Олон улсын кино наадмын шинжээчдийн багийн ахлагч Райнер Ротер

    “Вим Вендерс эхний кинонуудаараа л германы кино сценийг уг үндсээр нь өөрчилснөөс гадна, кино уран бүтээлчдийн холбоог үндэслэн байгуулалцаж, киног бүтээх, түгээх бүтэцтэй нэгдэл байж болно гэдгийг тод томруун харуулсан”. “Германы кино урлагийн шинэ давалгаа”-г олон улсын кинотой холбосон түүн шиг найруулагч бараг л үгүй. Киног бүтээлчээр хийх тал дээр түүнийг хувьсгал хийсэн хүн гэж хэлж болно. Уран сайхны болон баримтат киноны төсөл болгоноороо шинэ шинэ сорилуудыг эрэлхийлж чингэхдээ техникийн дэвшлийг бодитоор харуулдаг. Тэр шинэ бүхэн лүү тэмүүлдэг”.
  • Фео Аладаг  (“Үл таних хүмүүс”, “Тусгаар ертөнцүүдийн хооронд” киноны найруулагч бүсгүй) © Independent Artists Filmproduktion
    Фео Аладаг (“Үл таних хүмүүс”, “Тусгаар ертөнцүүдийн хооронд” киноны найруулагч бүсгүй)

    “Тэр бол кино бүтээгч, зохиолч, гэрэл зурагчин, зөгнөн туурвигч, европын киноны үндсэн шинжийг хадгалагч, кино зохиолчдын нийгэмлэгийг үндэслэн байгуулагч, хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгэлд үлдсэн олон киноны найруулагч”. Түүний “Хүслийн жигүүр” хосгүй бүтээл болсон бол “Парис, Техас” хайрын тухай хамгийн сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй, санаа авмаар кинонуудын нэг. Эдгээр болон бусад олон гайхалтай кинонуудад найруулагчийн ертөнцийг харах өнцгийг харж болно. Тэрээр хүсэл мөрөөдлийн яруу найрагч, эрэлчин, хэзээд үлгэр жишээ байсаар ирсэн нэгэн. Түүнтэй уулзах бүрт сэтгэлд өег дулаахан байдаг. Вим Вендерс танаа дэлхийн киноны “баавгайн шагналууд”-ыг бүгдийг нь өгмөөр. Тантай танилцаж уулзсан нь юутай сайхан аз тохиол вэ!”.
  • Норберт Гроб, Майнцын их сургуулийн кино урлаг судлалын профессор © Norbert Grob
    Норберт Гроб, Майнцын их сургуулийн кино урлаг судлалын профессор

    “Ах дүү Люмерийн адил 19-р зууны эцэст Вим Вендерс тольдон харуулсан, хүмүүнийг бишрүүлсэн “үнэн” дүр төрхийг илрүүлэх урлагийн аянд морджээ. Эрэлчин маань нүдэнд үзэгдэх гадаад байдлыг баримтжуулсны дараа зөгнөлөө буулгана: Дүрс урсаж эхлэнгүүт ямар нэг зүйл тохионо. Энэ мөчид юмс утгаараа дэлгэгдэнэ. Харин үүний цаана ямар нэг хүч оргилон гялалзаж, хэлбэрт орох авай. Тэр нь харах өнцөг, хандлага юм. ВВ олонтаа туршиж, шинэчилж, өөрийгөө сорино. Ийнхүү өөртөө нэгэн зүйлийг бий болгоно. Тэр нь юмс ба цаг хугацаа. Үүний дараагаар дуу хөгтэй, яруу найрагтай сахиусан тэнгэрүүд гарч ирнэ. Тэгсэнээ бурхад хөгжимтэйгөө морилон ирнэ. Түүний бүтээлд бүх гайхамшиг нэг дор цогцолсон ажээ.”
  • Катрин Геббе (Анхны уран бүтээл болох “Торе бүжиглэж байна” киногоороо олон удаа шагнал хүртсэн) © Katrin Gebbe
    Катрин Геббе (Анхны уран бүтээл болох “Торе бүжиглэж байна” киногоороо олон удаа шагнал хүртсэн)

    “Парис, Техас”, “Сая долларын зочид буудал” гээд Вим Вендерсийн кинонууд надад киног өөрөөр хийж болох юм байна гэсэн ойлголтыг өгсөн. Вендерс найруулагчийн дүрүүд хэвшмэл ойлголтоос арай өөр, утга уянгын ихэнхдээ нэг тийм гунигтай байдаг. “Торе” киногоо хийхээсээ өмнө Торетэй төстэй дүрийн судалгаа хийсэн. Ингээд л түүний “Сая долларын зочид буудал”-ын Том Том-ын сонирхолтой дүрээс санаа авсан даа. Том яг л жаахан хүүхэд шиг хүмүүсийг “чадаж” дөнгөх гэнэ. Эцэст нь сэтгэл татам зэвүүн эр маань нэгэн дүнсгэр эмэгтэйд өөрөө өөртөө итгэх итгэл, хайрыг бэлэглэж чаддаг шүү дээ”.
  •  Роланд Эммерих, Холливуудад ашиг орлогоороо тэргүүлэгч киноны найруулагч („Годзилла“) © Franz Richter, Own work, Lizenz CC BY-SA 2.5-2.0-1.0 via Wikimedia Commons
    Роланд Эммерих, Холливуудад ашиг орлогоороо тэргүүлэгч киноны найруулагч („Годзилла“)

    “1977 онд Вендерс, Фассбиндер нарын найруулагчид ид мандаж байхад би кино урлагийн сургуульд элсэн орж байлаа. Тэр үед “Оддын дайн” гараад уг нь тэр нь миний сонирхлын кино байв. Хүмүүс дандаа л бодлоо илэн далангүй хэлэхээс болгоомжилдог шүү дээ. Вим Вендерс найруулагч бид хоёр найзууд. Гэхдээ энэ нь түүний кинонуудад би дуртай гэсэн үг биш л дээ. Зарим кинонуудад нь би дуртай, зарим нь уйтгартай санагдаж байвал би түүнээ шууд л нүүрэн дээр нь хэлнэ” (moviesection.de/regisseure/17-Roland_Emmerich-ээс ишлэв)
  • Клаудиа Ленсен (Сэтгүүлч, кино шүүмжлэгч) © Claudia Lenssen
    Клаудиа Ленсен (Сэтгүүлч, кино шүүмжлэгч)

    “Түүний кинонууд бүтэлгүйтсэн баатруудын сэтгэлийн гүн лүү өнгийх боломжийг олгодог. Вим Вендерс рок хөгжим, гитарын хөг аялгууг германы шинэ үеийн кинонд анх оруулсан хүн”. Фассбиндер найруулагчаас ялгаатай нь гэвэл хүмүүний сэтгэлзүйд үүссэн ан цавыг харуулахыг зориогүй. Үүний оронд ганцаардсан эрчүүд, зөрүүд эмэгтэй дүрүүдээ хүүхдийн сониуч занг нь эгүүлэн олох аялалд илгээчихдэг. Түүний кинонууд байгалийн сайхан, уран бүтээлч хүний бүтээлд уусан тэмүүлсэн байдаг хэрнээ цаагуураа орчин үеийн техник хэрэгсэл (найруулагч өөрөө кинондоо ч сайн ашигладаг) бидний мэдрэхүйн чадварыг хэр мохоох бол гэсэн асуултыг агуулж байдаг.
  • Томас Арслан (Берлиний Олон улсын кино наадамд “Алт” киногоороо 2013 онд оролцсон найруулагч) © Berlinale
    Томас Арслан (Берлиний Олон улсын кино наадамд “Алт” киногоороо 2013 онд оролцсон найруулагч)

    “Вим Вендерсийн кинонуудаас анхлан “Хотод өнгөрүүлсэн зун”, “Алис хотуудаар аялсан нь” киног нь үзэж билээ. Энэ хоёр кино ер санаанаас гардаггүй юм. Урилгагүй зочилсон бодит байдалд хөл алдсан хэрнээ удалгүй эрснээ хайж олж байгааг нүдний өмнө тойруугаар харуулах шиг болно: Эхлээд бүтэлгүйтнэ, дараа нь бүх зүйл сайхан болно. Өдөр тутмын таагүй агшнуудад биднийг аваачих ба цөөхөн тохиолдолд тэр болгоныг гоё сайхнаар харуулна. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй зүйлсийг кинондоо харуулдаг”.
  • Кришан Хорн (Кино шүүмжлэгч, бага төсвөөр бүтдэг киноны найруулагч) © Krischan Horn
    Кришан Хорн (Кино шүүмжлэгч, бага төсвөөр бүтдэг киноны найруулагч)

    “Вернер Херцог найруулагчийн кинонууд их сонирхолтой, гэхдээ би Вим Вендерс найруулагчийн кинонуудад илүү дуртай. Зарим кинонууд нь хүний гар хүрэхгүй газар DVD цуглуулганд минь байгаа. “Юмсын байр байдал” кинонд нь анхлан дурлаж, “Парис, Техас”, “Хүслийн жигүүр” киног нь таашаасан. Саяхны кино болох “Сая долларын зочид буудал” нь сайн болоогүй бол Don't Come Knocking (“Хаалгаа тогшилгүй ир”) кино тун сайн болсон. “Пина” кино нь гоё. “Дэлхийн давс” киног нь харин үзээгүй. Баараггүй сайн болсон биз ээ. Товч хэлэхэд Вим Вендерс алтан үеийн сайн кино найруулагчдын нэг”.

Зөвхөн Мюнхенд гэлтгүй хаа газар залуу кино зохиолчид цаг үеийн цуврал кинонуудаас татгалзан, киноны өөр хэлбэрийг олохыг эрмэлздэг байв. Тэдний хувьд  Вим Вендерс, Райнер Вернер Фассбиндер, Вернер Херцог, Фолкер Шлёндорф нар үлгэр жишээ найруулагчид юм. Найруулагчдыг нэгтгэж байсан нэг зүйл нь Холбооны улсын нийгэм, улс төрийн байдал болон нацизмын өнгөрсөн үеийг эргэн нэг нухацтай харсан шүүмжлэлт хандлага байлаа. Үүгээр би хэн болох, өөрийгөө олохыг эрэлхийлсэн Вим Вендерс найруулагчийн нөгөө асуулт урган гарч ирнэ. Түүний кинонуудын гол дүрүүд нь ч тэр, хаашаа ч юм хөөгдсөн, дотроо эргэлдээд байгаа залуу эрсийн дүр байдаг.  Тэдгээр эрчүүд иргэний нийгмийн амьдралын хэв маягийн эсрэг үймээн дэгдээсэн хэрнээ түүнийгээ барим тавим илэрхийлж чадахгүй тийм дүрүүд байдаг. “Алис хотуудаар аялсан нь”, “Цаг хугацааны явцад” (1976) гэсэн цуврал 2 Роуд-муви (Америкийн киноны нэгэн төрөл-Орч) кино нь амжилттай болсны дараагаар Вендерс найруулагч Патрициа Хайсмитийн романаас сэдэвлэсэн гэмт хэргийн сэдэвтэй “Америк найз” киногоороо олон улсад амжилт гаргасан юм. Төд удалгүй америк найруулагч Францис Форд Коппола герман найруулагчийг гэмт хэргийн сэдвээр бичдэг зохиолч Дашиель Хамметийн тухай киног хийлгэхээр Холливуд руу урьжээ. Харин кино зураг авалт нь Вендерсийн хувьд тун амаргүй байлаа.

Америкт оршин сууГАА герман эр

Вендерсийнхээр “Америкийн чөлөөтэй байдлыг хошигнох марзаганахыг тэр бүр ойлгодоггүй герман соёлтой минь харьцуулах юм биш”  гэж нэгэнтээ хэлж байлаа. Найруулагч үеийнх нь залууст нөлөөлсөн Америк соёл, домог мэт зүйл, поп соёлын тухай байнга л өгүүлдэг.  Вендерcийн хувьд энэхүү нөлөөллийг уран бүтээлээс нь уншиж болох агаад өргөн уудам газар нутгийн байгалийн  панарома зураг, Эдуард Хоппер зураачийн үндсэн мотив болох хоосон орон зайнд ууссан харцнаас харж болно. Гэсэн хэдий ч түүний Америкт хандах хандлага яв цав тогтсон биш. Тэрээр Холливудад “Хамметт” (1982) киног бүтээж байхдаа америкийн кино урлагийнхантай хамтран ажиллах явцад хоёрдмол байдлыг мэдэж авчээ: Байнга л биеэ даасан байдлыг эрхэмлэдэг найруулагч Америк продюсерын хүсэлтээр олон удаа зураг авч, хасаж танах хэрэгтэй болж байлаа. Үүнтэй холбоотой үзэж мэдэрсэн бүхнээ 1982 онд бүтээсэн “Юмсын байдал” кинондоо үзүүлсэн бөгөөд уг кинонд герман кино найруулагч Холливудад буудуулсан тухай гардаг.

Гэсэн хэдий ч Вендерс Лос Анжелес, Нью-Йоркд 10 гаруй жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр амжилттай болсон  кинонуудынхаа нэгийг бүтээсэн билээ:  Сейм Шепардын зохиолоор “Парис, Техас (1984)” киног хийжээ. Роуд-муви жанрын кинонд ганцаардал, хайр дурлал, өөрийн “би”-г хайсан мөнхийн сэдэв гардаг.  Ингээд 1987 онд Германд буцаж ирээд “Берлиний тэнгэр” хэмээх үзэгчдийн талархлыг хүлээсэн 2 дахь киногоо бүтээжээ. Уг кинонд 2 хуваагдсан Берлин хотыг сахиусан тэнгэрүүдийн зүгээс харж байгаа тухай гардаг. Вендерс киног дуу хоолой, хөг, өдөр тутмын сэтгэгдлүүдээр хоршуулж хийсэн байна. Энэ хоршуулалаа яруу найргийн, гүн гүнзгий утга агуулгатай харилцан яриагаар баяжуулсан нь түүний зохиолч найз Петер Хандкегийн өдөн бийрээс төржээ.

Найруулагч “Парис, Техас”, “Берлиний тэнгэр” кинонуудаараа Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн ба кинонууд нь классик кинонуудад зүй ёсоор тооцогддог. 1990-ээд оны үед тэр болгон дараалсан амжилт үзүүлээгүй найруулагч үе үе хатуу хөтүү үгстэй таарах нь бий. Жишээлбэл түүний нэлээн амбицтай бүтээсэн “Дэлхийн төгсгөл хүртэл” (1991) зөгнөлт кино нь үзэгч, шүүмжлэгчдээс муу үнэлгээ авчээ. Түүний кинонууд анхаарал татах гэсэн, зөвхөн өөрөөсөө “иш татах” шинжтэй, өмнөх үеийн кинонуудад хамаарна гэж олон үзэгчид дүгнэсэн байна. 

Кино бүтээгч, зурагчин, эссе бичигч

Вендерс өөрт нь чиглэсэн шүүмжлэлийг тоолгүй өөрийнхөөрөө, бодож тунгаасан байдалтай, сонирхолтой арга барилаар бүтээлээ цааш  туурвисаар. Уран сайхны кинонуудаас гадна кино, хувцас загвар, хөгжим, архитектур, бүжгийн сэдэвт баримтат киног бүтээжээ. “Пина” (2011) кинондоо Вупперталын бүжиг дэглээч Пина Баушын биеийг 3-D техникийн тусламжтай томруун харуулж чаджээ. Уг кино хөгжмийн төрлийн баримтат кино болох “Буено Виста Сошиал клуб” (1999) болон “Дэлхийн давс” (2015) киноны нэгэн адил Оскарт нэр дэвшиж байжээ.

Кино салбартаа бол тэрээр авч болох бүхий л шагналыг хүртжээ. Вендерс Европын кино академийг үндэслэгчдийн нэг, ерөнхийлөгч нь бөгөөд нэр хүндтэй багш, эссе бичигч, гэрэл зурагчин. Амьдралын эгзэгтэй мөчид байгаа зохиолчийн тухай өгүүлсэн “Бүх зүйл сайхан болно” кино нь 2015 оны Берлиний кино наадмаас олон улсад хүрчээ. Кино урлагийг  хэзээ орхих тухай түүнээс асуухад 2015 онд 70 насыг зооглосон кино найруулагч: “Болих тухай бодохгүй байна. Би чинь зартай ажилсаг хүн шүү дээ. Ажил, амьдрал хоёроо салгаж чадахгүй нь” хэмээн 2014 онд өгсөн нэгэн ярилцлаганд өгүүлж байжээ.

Зураг Роланд Эммерих: Франз Рихтер (Хэрэглэгч:FRZ) – Зохиолчийн бүтээл. Лиценз: CC BY-SA 2.5-2.0-1.0 Викимедиа коммонс