Уур амьсгалын дулаарлын эсрэг дэлхийн гүрнүүдийн уулзалтын дараах Герман улс
Тэргүүлэгч орны хариуцлага нэмэгдсээр

Mit der Kraft des Windes;
Mit der Kraft des Windes; | © industrieblick_Fotolia

Дэлхийн улс гүрнүүд Парис хотноо чуулж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа мөрдөх зорилтуудыг тодорхойлсон билээ. Эдгээр зорилтуудын  хэрэгжилтийг хангахын тулд Герман улс олон ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

2015 оны сүүлээр Парис хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чуулганаар дэлхийн улс гүрнүүд түүхийн нэгэн хуудсыг бичсэн юм. Дэлхийн бүх улсууд  хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах үүрэг хүлээсэн төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мөрдөх нэгдсэн зорилтуудыг хэлэлцэн тохиролцлоо. Тэр нь дэлхийн дулаарлын хэлбэлзлийг цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт юм. Одоогийн байдлаар дэлхийн цаг уурын дулаарал нь аж үйлдвэрийн өмнөх үеээс даруй нэг хэмээр илүү байгаа юм. Мөн цаг уурын дулаарлыг цельсийн 1,5 хэмээс доогуур түвшинд барих ажлууд хэрэгжих хэрэгтэй юм байна.

Энэ нэмэлт зорилт нь ч учиртай. Цельсийн 1,5 хэмээс доогуур түвшинд барих гэдэг нь дэлхийн улсуудын  гаргаж буй хүлэмжийн хийн хэмжээг хоёр дахин бууруулах буюу одоогийн зорилтот түвшин болох цельсийн хоёр хэмийн  тал нь гэсэн үг. Цельсийн 1,5 хэмийн зорилтыг биелүүлэхийн тулд улс орнууд ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг дэмжигч анхдагч орнуудын нэг Герман улс дорвитой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үүнээс гадна дэлхийн улсууд их хэмжээний талбайд ойжуулалт хийх, нүүрсхүчлийн хийг ангилан газрын гүнд булах технологийн тусламжтай  агаар мандалд тархах нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах ажлуудыг  хийх шаардлагатай байна.

Өмнөх төлөвлөгөөнүүд  “хангалтгүй”

Дээр дурьдсан зорилтот ажлуудыг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд оролцогч 195 орон тус бүр нүүрсхүчлийн хийг бууруулах зорилтоос харж болно. Дэлхийн дулаарлыг  цельсийн 2,7 хэмд тогтоон барихад эдгээр зорилтууд үйлчлэх бөгөөд Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр зорилтот ажлуудын гүйцэтгэлийг 5 жил тутам шалгаж, нарийвчлах юм. Герман улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн том зорилт боловсруулсан улсуудын нэг бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөө нь цельсийн хоёр хэмийн зорилттой таарч байгаа юм. Холбооны засгийн газар, бундестаг 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 40 хувиар бууруулах, 2050 он гэхэд 1990 оны хэмжээнээс даруй 80-аас 90 хувиар бууруулах зорилтыг  аль 2007 онд баталж байжээ.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тодорхой байна: Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд Герман улс үүнээс ч илүүг хийх хэрэгтэй байна. “Учир нь 2050 оныг хүртэл 80-аас 95 хувь хүртэл бууруулсан байлаа ч цельсийн 1,5 хэмийн хэмжээндээ хүрэхгүй” гэсэн дүгнэлтийг Потсдамын Уур амьсгалын өөрчлөлтийг судлах институтээс гаргажээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарын „Agora Energiewende“ - Берлин хотын судалгааны багийнхан Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа 2040 онд биш, харин 2035 он гэхэд бүгдийг нь хааж байж энэ зорилтоо биелүүлж чадна гэдгийг тодорхой жишээгээр үзүүлсэн байна.

“Цельсийн хоёр хэм”-ийн зорилт гэдэг өндөр шаардлага. Холбооны Засгийн газар 2014 оны сүүлээр “Цаг уурын дулаарлаас урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний хөтөлбөр”-ийг нарийвчилсан төлөвлөгөөний хамт батлан гаргаснаар нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт 2020 он гэхэд хэрэгжих юм. Ингэх үндэслэл: Нүүрсхүчлийн хийн ялгаруулалт сүүлийн жилүүдэд тогтвортой буурч  байгаа. 2015 оны сүүлээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 1990 онтой харьцуулахад  28 хувиар, 2020 он хүртэл жилээс жилд 3 хувиар буурах юм байна. Эрчим хүч үйлдвэрлэгч, аж үйлдвэр, тээвэр гээд бүхий л салбарт нүүрсхүчлийн хийг багасгах зорилтууд үйлчлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр шалгаж, тодорхой түвшинд хариуцлага тооцох тухай заажээ. Түүнээс гадна Холбооны байгаль орчин, байгаль хамгаалал, барилга, цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын яам „Цаг уурын дулаарлаас урьдчилан сэргийлэх 2050 он хүртэлх төлөвлөгөө“-г боловсруулсан бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 21-р зууны дунд үе хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байна.

Нүүрсний бодлогын талаарх маргаан

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээрийн дараа Герман улсад хүлэмжийн хийн ялгаруулалтыг  бууруулахад чиглэсэн сэдвээр өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнөлөө.  Хэлэлцсэн гол асуудлууд  нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсний цахилгаан станцын хаалтыг түргэсгэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээ, нийтийн тээвэр, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн хөхүүлэн дэмжих талаар байлаа. ХБНГУ-ын Аж үйлдвэрийн холбоо (BDI) уур амьсгалын бодлоготой холбоотой сайтар тооцоогүй зорилт тавихаас сэрэмжлүүлж байна. Тус холбооны ерөнхийлөгч Улрих Грилло Европын холбоо, Герман улс шинэ зорилтыг боловсруулан танилцуулах цаг нь болоогүй байна хэмээгээд Герман улс уур амьсгалын бодлогын тал дээр тэргүүлэгч улсаас ганцаар шийдвэр гаргагч улс болох вий хэмээж байлаа. Харин байгаль орчныг хамгаалах холбоод, бизнесийн салбарын шинийг санаачлагчид, бундестагийн сөрөг хүчнийхэн илүү амбицтай бодлого боловсруулахыг шаардаж байна.

Юун түрүүн нүүрсний талаар явуулах бодлого нь нэлээн маргаантай байгаа юм. Байгаль орчны яамныхан 20-25 жилийн дараа гэхэд нүүрсийг хална гэж  үзэж байгаа бол Холбооны Эдийн засаг, уул уурхайн яам түүнчлэн  Христийн ардчилсан холбоо нам (CDU), Христийн нийгмийн холбоо (CSU) намынхан арай урт хугацааг төлөвлөж байна. Харин ногоон намын байгаль орчны мэргэжилтэн Анналена Бербок өөр бодолтой байна. Тэрээр: “Францын засгийн газар шиг дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмээс доогуур түвшинд байлгана гэвэл нүүрснээс татгалзах хэрэгтэй”.  Уул уурхай, химийн үйлдвэрийн (IGBCE) үйлдвэрчний эвлэлийн дарга Михайль Вассилиадис өмнөхийг халаад дараагийнхийг эхлүүлэх талаар хэлэлцэж байгааг утга учиргүй зүйл гэж үзжээ. Харин түүний оронд илүү хөрөнгө мөнгийг хөгжиж буй орнуудын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад зарцуулбал зохилтой гэв. “Европт нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт бодлогыг тодорхойлж байхын оронд гадны орнуудын нүүрсхүчлийн хийн асуудлыг шийдэхэд мөнгө зарцуулбал цент бүр нь нүүрсхүчлийн хийг манай гаригаас зайлуулахад тустай” гэлээ.