Монгол
Чинагийн Галсан

Чинагийн Галсан
Зураг: Вилма Брюгеманн | © Чинагийн Галсан

Таны хувьд “дүрвэгч” гэдэг  үг ямар утгатай вэ?

Амь насанд нь аюул заналхийлсны улмаас дайжиж буй хүмүүсийг дүрвэгч гэнэ.

Дайн эсхүл улс төрийн хавчлага дарамтаас хүмүүс дайжин дүрвэдэг. Тэгвэл ядуу тарчиг амьдралаас зугтан дүрвэж байгааг та хүлээн зөвшөөрөх үү?

Мөнгө, санхүүтэй холбоотой оршин буй газраа өөрчлөхийг цагаачлал гэж нэрлэх болов уу.

Тэгвэл экологийн асуудлаас болоод дүрвэж байгааг юу гэж ойлгох уу?

Ахуй амьдралаа өөдөн татья гээд нэг газраас нөгөө рүү шилжихээс зарчмын хувьд өөр л дөө. Ийм нөхцөлд дайжин дүрвэх нь улс төрийн шалтгаантай дүрвэхээс хамаагүй илүү ноцтой. Амьсгалах агаар, уух ус нь бохирдсон газар орныг орхин явахын тулд би шаардлагатай бүхнийг хийнэ.

Хүн хэдийд дүрвэгч байхаа болих бол?

Шинэ газар орны хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ өөрөө ч гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөх тэр үед.

Танд улс төрийн орогнол хүсэх эрх бий юу?

Орогнол гэдэг нь миний хувьд өөрийн хүслээр амьдрах хүний эрхийн халдашгүй нэг хэсэг.

Хэрэв тийм бол шууд хэрэгжихээр зүйл үү эсхүл хүн өөрөө биелүүлэх юм уу?

Хүний эрхийг дээдэлж байгаа газар шууд хэрэгжинэ.

Аливаа нийгэм хэмжээ хязгаартай эсхүл үй олноор нь дүрвэгсдийг хүлээн авах боломжтой гэж та боддог уу?

Ер нь аль ч нийгэм тоо хэмжээнд баригдалгүй дүрвэгсдийг хүлээн авах хэрэгтэй. Тэгээд ч энэ нь хүн чанарын асуудал. Гэвч бодит амьдрал дээр өнөөгийн ихэнхи нийгэмд хил хязгаараа бодолцох асуудал байна.

Хэмжээ хязгаартай байх ёстой юм бол энэ хил хязгаар нь юунаас тогтох вэ?

Хүлээн авч байгаа оронд үймээн самуун дэгдэх, тайван бус байдал газар авах улмаар нийгэмд аюул заналхийлэх тэр хэсэгт хил хязгаар эхэлнэ.

Танай оронд шинээр ирсэн давуу эрхтэй цагаач хүмүүс байдаг уу? Өөрөөр хэлбэл бусад улстай харьцуулахад танай улс дүрвэгч иргэдийг шууд хүлээн авч байсан түүх бий юу?

Монголын хүн ам  дээхнэ үед цөөн байсан учир манай дарга нар ядарсан дүрвэгсдийг Монголын баруун хязгаарт хүлээн авч байсан. Шинээр ирэгсэд материалист чиг хандлагатай байсны сацуу ирсэн улсдаа нэгдэн нягтрахын оронд харин ч цаг улирах бүр өөрсдийнхөө онцлогийг дөвийлгэх болсон. Ердөө зуугаад жилийн өмнө шүү дээ. Энэ зуур өнцөг булан бүрт оршин суух нутгийн уугуул иргэдийг хөөн зайлуулж тэдний амин зуулгыг үгүй хийн, бараг бүхий л уламжлалт газар орны нэрийг казак нэрээр орлуулан нэрлэхээс ч зүрхшээхгүй байлаа.

Ямар учраас дүрвэгсдийг хүлээж авсан юм бол?

Пролетарийн интернационализмын  үзэл санааг баримталдаг, орон орны нөхөрлөл гэж сүржигнэдэг тухайн үеийн коммунист засаглал сэтгэлийн хөөрлөөр ингэсэн хэрэг. Чингэхдээ шинээр ирэгсдийн эрхийг чухалчлан анхаарч үзсэнээс бус уугуул иргэдийнхээ эрхийг бодолцож үзээгүй юм.

Таны бодлоор танай улсад хүмүүс дүрвэгсдэд зохих ёсоор ханддаг уу?

Төрийн байгууллагаас бол тийм. Харин зарим нэг үндэсний дээрэнгүй үзэлтэй Чингисийн удмын монгол цустай, монгол хүнд л байдаг хонгон дээрээ хөх толботой гэх хэсэг бүлэг хүмүүс (хөдөлгөөнийхөн-Орч.) хэзээ ч гадны дүрвэгсдэд таатай ханддаггүй.

Хэрэв танай орны нийгмийн тогтолцоонд дүрвэгсдийг олноор хүлээн авахад чиглэсэн шийдвэр гаргавал та дэмжих үү?

Миний зүгээс татгалзах зүйл байхгүй.  Тэнгэр үзэлт нүүдэлчдийн амьдралын филисофи намайг ашид хөтлөх тул би зөвшөөрөхөд бэлэн байна. Гэвч энэ улсын дийлэнх нь монголчууд бид ядуу байж дүрвэгсэдтэй манатай гээд байж боломжгүй зүйл мэт бодно.

Тухайн улсдаа нэгдэн нягтрахуйн урьдач нөхцөлүүд нь таны бодлоор юу вэ?

Энэ бол баярлаж талархсан сэтгэл, эрхээсээ гадна үүргээ ухамсарласан амьдралын эрүүл филисофи юм. Үүнийг ирж буй хүмүүстэй холбогдуулан ойлгох хэрэгтэй. Хүлээн авч байгаа улсын хувьд: Ирж буй хүмүүсээ нэгдэн нягтруулахын тулд миний чиний гэсэн ялгаа гаргалгүй эрүүл сэтгэлгээний шашны оршихуйг буй болгох, хүн ёсоор хандах, хүлцэх, энэрэхийг эрмэлзэх хэрэгтэй.

Ирж буй хүмүүсийн наад захын биелүүлэх ёстой зүйл гэж байх уу?

Тухайн улсынхаа хуулийг дээдлэн, ард түмнийх нь соёл, зан заншлыг хүндлэх. Авах бас өгөх сэтгэл (Усыг нь уувал ёсыг нь дагах-Орч.) байх хэрэгтэй. Үүнд би амьдрах ухаан, ур дүй, эрдэм мэдлэг зэргийг хэлж байна.

харин зочин орны хувьд?

Гадны хүнээс шууд л сайн үйлийг шаардах хэрэггүй. Дүрвэгсдэд туслана гэдгээ яршиг төвөгтэй үүрэг гэж ойлголгүй, харин ч тэднээс суралцахыг бодох хэрэгтэй.

Танд таньдаг дүрвэгч бий юү?

Байлгүй яахав. Бүр хэд хэдээрээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан, шашны хэт үзэлд туугдсан, үзэл бодлоосоо болоод хавчигдсан, сүүлийн үед хэт суурин амьдралаас өвчин туссан олон олон дүрвэгчдийг танихаар барах уу.

Та дүрвэгчдийг идэвхтэй дэмжих үү?

Чадах чинээгээрээ тусалж дэмжинэ ээ. Манай гэр бүлд энэ тал дээр нэг сайхан уламжлал бий.Миний өвөө Хульбан олон арван мал сүрэгтэй, өөрийн 5, үүнээс 3 дахин олон өргөж авсан хүүхэдтэй буурай байлаа. Хүүхдүүдийн ихэнхи нь телей, казак дүрвэгчид байсан. Өвөөгийн хүүхдүүдийн нэг нь цагаан цэрэгт тулалдаж явсан нэг орос байлаа. Хүрч очиход хэцүү Алтайн уулсд амь гаран дутааж, 3 жилийн дараа уналга, хувцас хэрэглэл, замын хүнс зэхээд Алтайг орхиж одсон доо. Миний эцэг Шунукбай, сайхан сэтгэлт баяны хоёр хүүгийн ахмад нь "цагаан арьст" ахыгаа нууц замаар Оросын хил хүргэж өгсөн гэнэ билээ. Гурван үеийн дараа өдгөө би ч гэсэн энэ нандин заншлыг хадгалан, 1920 он орчим Оросын Алтайгаас 6 хүүхдийн хамт дүрвэн ирсэн телей эмэгтэй Айкугийн үр садад чанах чинээгээрээ тусалж явна.

Дүрвэгсдийн байдал танай оронд хэрхэн өөрчлөгдөх бол?

a) ирэх 2 жилд?

Дүрвэгсдийн асуудлаар шийдвэр гаргах үе лавтай ирэхгүй. Монголд шаардлагатай дэд бүтэц  нь дутагдалтай байна. Үүний сацуу социализм нуран унаснаас хойш хэт үндсэрхэг үзэл давамгайлсан. Гэхдээ би аль алийг нь цаг зуурынх болов уу гэж бодож байна.

b) ирэх 20 жилд?

Тэр үед бол юм өөрчлөгдөнө өө! Хэрхэхийг би хэлэхгүй орхиё, сөрөг талыг хардаг эсхүл их мэдэгч гэж хэлүүлж ахин нэг зовлонтой нэр зүүгээд яах вээ, энэ амьдралд хангалттай л зэмлүүллээ.

Ямар ч дүрвэгчгүй дэлхий ертөнцийг та төсөөлж чадаж байна уу?

Бүр холын ирээдүйд боломжтой. Хүн төрөлхтөн дайн дажин хийх солиорлоосоо ангижирч, арьс өнгө, нийгмийн байдал, итгэл үнэмшлээр ялган харьцдаггүй болсон цагт болно.

Боломжтой гэж үзэж байвал үүнд юу хэрэгтэй вэ?

Бүхнийг бүтээгч саруул ухааныг хүмүүн  гэгч хоёр хөлтөн болгоны хувь заяаны богцонд хийсэн буй. Энэ л байх хэрэгтэй.

Та эсхүл таны гэр бүл өнгөрсөн хугацаанд дүрвэж байв уу?

Цаг агаарын байдлаас шалтгаалан нэгээс нөгөө рүү бэлчээр сэлгэн нүүх нь нүүдэлчдийн амьдралын хэв маяг билээ. Үүнийг эс тооцвол дүрвэж байгаагүй юм байна. Гэвч бид өвөг дээдсийнхээ түүхийн өнөөдрийн үргэлжлэл. Энэ л манай Адай-Иргит-овгийн хамгийн үнэт зүйл, намайг дэлхийн иргэн, бас зохиолч болгосон зүйл. Алтайн уугуул иргэд бэлчээр, ангийн нутгаа орхин, Монгол орны нутгийн гүн рүү нүүх болсон нь казакуудын хэт үндсэрхэг үзэл, тухайн орон нутгийн удирдлагаас зориудаар өдөөн явуулсантай бодлоготой холбоотой.

Та хэзээ нэгэн цагт дүрвэгч болно гэж боддог уу?

Болохгүй гэх газаргүй.

- Яагаад тэр вэ?

Эргэн тойрон дахь хэт үндсэрхэг үзэлтнүүд нэг л өдөр төрийн эрх мэдлийг гартаа авбал дүрвэх нэгэн шалтгаан болно.

- Үүнд та хэр бэлтгэлтэй байна вэ?

Би унтаж амрахдаа ч сэрүүн байдаг. Азаар ч ийм юм. Өөрийн болон үр хойчынхоо судсаар урсах эртний нүүдэлч цусаа ариутган торддог. Энэ үйлийг өдөр  бүр сэтгэлдээ хийдэг. Оюун бодолдоо зуу, мянган удаа хийсэн зүйл цаг нь болохоор аяандаа хурдан хэрэгждэг.

- Та ямар орон руу дүрвэх байсан бол?

Хүн чанар, хүн ёс байдаг тийм л газар орон байх.

Танд хэдэн эх орон хэрэгтэй вэ?*

Эх дэлхий гэсэн нэг л эх орон. Дэлхий ээжээс урган төлжсөн хэсэг бүрийг ийн нэрлэж болох байх: минийхээр бол хэвлий нь Хятад , ар нуруу нь Орос, баруун эрээн булчин нь Герман, зүүн гарын эрхий хуруу Швейцарь, баруун талын хөлийн тавхай Ирак, зүүн нь Иран гэх мэтчилэн. Бүгд нийлээд эх дэлхийг бүрдүүлнэ. Харин тэр дэлхий нь чинийх, минийх, тэр нэгэн африк эмэгтэйнх, тэр нэгэн чугча анчных. Эх дэлхий биднийг төрүүлж, тэжээн тэтгээд, энэ хорвоогоос буцах цаг болоход эргүүлээд хэвлийдээ шингээнэ. Энэ цор ганц эх дэлхий бол бидний хамгийн том эх орон!

*Энэхүү асуултыг Макс Фишийн „Эх орон“ сэдвээрх асуултын маягтаас авав.