#өөрчлөн шинэчлэхүй!
Розооны Энхбат

Header Enkhbat Rozoon
Monsudar Publishing LLC

Өнөө үед болон ирээдүйд юуг "өөрчлөн шинэчлэх" шаардлагатай байна вэ? Өөрчлөлтийн жил болох 2017 онд "Өнөө цагийг шинэчлэхүй" булангаар нийгмийн чиг баримжааг тогтоогч, соён гэгээрүүлэгчид өөрчлөлт хувьсал, шинэ санаачлагын талаар ямар туршлага болоод төсөөлөлтэй байгааг танилцуулах болно.

Ард иргэд нь ч, төр засаг нь ч өдөр тутмынхаа амьдралаас илүү гарах нийгмийн жинхэнэ өөрчлөлт шинэчлэл явуулж чадахгүй нь. Нийгэм шинэ ойлголтод суурилсан өөрчлөлт бүхий  үйл хэргээр явагдахаас бус, тулга тойрсон ажлаар хөөцөлдөөд бүтэхгүй нь тодорхой боллоо. Нийгмийн шинэ ойлголтууд хуучин нийгмийнхтэй адил үг хэллэгээр (Хуулийн засаглал, эрх мэдлийн хуваарилалт, хэвлэлийн эрх чөлөө, иргэний эрх г.м.) илэрхийлэгдэх тул чухам юуг шинээр хэлээд буйг эх хэлэндээ дахин буулгах, нутагшуулах ажил хийгдэж байж тэдгээр ойлголт нийгмийн амьдралд нөлөөлнө. Мөн тэдгээр ойлголт Үндсэн хуулинд тусгагдсан тул Үндсэн хуулийг ч хүмүүст ойлгомжтой энгийнээр тайлбарлах шаардлагатай. Энэ бол нийгмийн шинэчлэлийн төлөөх төрийн үүрэг. Нийгмийн тулгуур ойлголтууд жирийн амьдралд орж ирэхгүй л бол ард иргэд  улс төрөөс улам ангижирч, нийгэм дэх баян ядуу, боловсролтой боловсролгүйн ялгаа улам бүр ихэснэ.   

#Ард иргэддээ үндсэн хуулиа энгийнээр тайлбарлах хүсэлгүй Засгийн газар ардчиллыг дэлгэрүүлэх эрмэлзэлгүй байдаг. 

Тиймээс цаг алдахгүйгээр нийгмийг зөв тайлбарлах үүднээс нийгмийн асуудлыг эх хэлтэй холбон авч үзэх нь өнөөгийн төр засгийн төдийгүй хэвлэлийн газрын нийгмийн чиг үүрэг юм. Хэвлэлийн газрын хувьд бидэнд энэ асуудал маш тодорхой ажиглагддаг учраас бидний аль ч чиглэлийн ажилд нийгмийн үндсэн ойлголтуудыг эх хэлэндээ зөв буулгах асуудалтай цаг ямагт тулгардаг. Бидний хэнд ч нийгмийн тулгуур ойлголтуудыг нэг мөр тайлбарлахгүйгээр цаашид ямар ч чиглэлийн ажил утга учиртай болж чадахгүй нь. Үүнд  манай гадаад хэлний мэдлэгтэй, боловсролтой хүмүүс гол хүч болох учиртай. Нэгэнт төр засгийн зүгээс үүнд жинхэнэ идэвх санаачилга гаргахгүй байгаа тул бид өөрсдөдөө, нийгмийн энэ шинэ ойлголтуудыг бүх бололцоогоороо тайлбарлах, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг энэ зорилгод нэгтгэх үүрэг, хариуцлагыг ногдуулж, үүнийгээ хамтын хүчээр эхлүүлж чадвал нийгмийн шинэчлэлд итгэл үнэмшил болох тус нэмэр болно гэж итгэж байна.
 

Намтар


Розооны Энхбат нь бизнес эрхлэгч, хэвлэн нийтлэгч бөгөөд улс төрийн нийтлэлч юм.  Тэрээр Монголын боловсролын тогтолцоо, иргэний нийгмийг сайжруулах тал дээр туушдаа зогсож улс төрийн намуудын эсрэг байр сууриа нийтлэл, ярилцлага, олон нийтийн арга хэмжээний үеэр илэрхийлдэг. Лайпциг хотод ном, хэвлэлийн чиглэлээр (1978-1983) суралцсаныхаа дараагаас улсын фото агентлаг МонЦаМэ-д олон жилийн турш зурагчнаар ажиллаж байсан. 1996 онд Адмон хэвлэх үйлдвэрийг байгуулсан. 2000 онд Монсудар хэвлэлийн газар, 2005 онд Интерном номын сүлжээ дэлгүүрийг тус тус үндэслэн байгуулжээ. Монсудар нь дэлхийн уран зохиол, олон хэлний толь бичиг, хүүхдийн ном болон орчин үеийн сурах материалыг хэвлэн гаргадаг ба энэ салбартаа улсдаа тэргүүлэгч нь юм. Интерном нь тус улсын хамгийн томоохон номын сүлжээ дэлгүүр болно.