Гэрэл зураг
Гэнэтхэн үзэл бодлууд өрөөн дундуур чөлөөтэй "нисэлдэж" эхэлсэн

Зочин багш Марейке Гюньше шинээр нээгдсэн гэрэл зургийн ангийн оюутнуудын хамтаар
Зочин багш Марейке Гюньше шинээр нээгдсэн гэрэл зургийн ангийн оюутнуудын хамтаар | Гэрэл зургийг: © СУИС

Герман улсын гэрэл зурагчин Марейке Гюньше өнгөрсөн 10-р сард Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж СУИС-д шинээр байгуулагдсан гэрэл зургийн ангид зочин багшаар гурван долоо хоногийн турш ажилласан юм. Үүнтэй холбогдуулан бид дараах гурван асуултыг тавилаа.

Марейке, шинээр байгуулагдсан гэрэл зургийн анги 9-р сараас хичээллэж эхэллээ. Та зочин багшийн хувиар өнгөрсөн хугацаанд ажилласан тухайгаа хуваалцана уу.
 
Тийм ээ, энэхүү хөтөлбөр маань өнгөрсөн 9-р сараас хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Монгол улсад анх удаа гэрэл зургийн чиглэлээр суралцах боломжтой болж байгаа юм. Энэ чиглэлээр ийм олон залуус сонирхон суралцана гэж санасангүй. Одоогоор нийтдээ 25 оюутан бакалавр болон магистрын хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.
 
Тэгэхээр гэрэл зургийг их л сонирхож байгаа гэсэн үг үү?
 
Тэгэлгүй яах вэ. Ялангуяа гэрэл зургийг задлан шинжлэх, түүгээр юу илэрхийлэхийг зорьсон тухайд оюутнууд тун ч идэвхийлэн санаа бодлоо хуваалцлаа. Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай байж олон асуулт тавьж байсан. Оюутнууд хязгааргүй хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өөр хоорондоо харилцан яриа өрнүүлж, мэтгэлцэж байхдаа ч хошин зангаа гээгээгүй юм. Гэнэтхэн л үзэл бодлууд үүрнээсээ нисэх шувууд мэт өрөөгөөр чөлөөтэй нисэж эхэлсэн.
 
Та яг ямар хичээл заасан бэ?

 
Би оюутнуудад баримтат гэрэл зургийн тухай хичээлийг гурван долоо хоногийн турш заасан. Хичээллэх хугацаанд олон сэдвийг хамруулсан үзсэн тул тун шахуу байлаа. Оюутнууд баримтат гэрэл зургийн талаар онол болон практикийн мэдлэгтэй болсон. Ирэх хавар намайг эргээд иртэл оюутнууд маань Монгол орныг өөрийн өнцгөөс харж, гэрэл зургаар илэрхийлсэн түүх дээрээ ажиллах юм. Сэтгэл догдлон хүлээж байна даа.

Марейке Гюньше-ийн зочин багшийн хөтөлбөр нь "Улаанбаатар дахь гэрэл зураг ба бүтээлч ажиллагааны лаборатори" төслийн хүрээнд хэрэгжлээ.Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.