Тоглолт Рафаела Громес, Юлиан Рийм нарын хослол

Рафаела Громес, Юлиан Рийм нарын хослол
Рафаела Громес, Юлиан Рийм нарын хослол | © Базарсүхийн Рэнцэндорж

Гёте-Институтийн урилгаар Рафаела Громес болон Юлиан Рийм нарын хослол хөгжимчид Улаанбаатар хотноо тоглосон билээ. Дараах ярилцлагаар тэд Монгол Улсын Филармони дахь тоглолтын хөтөлбөр, Монгол Улсын Консерваторит хийсэн мастер класс болон хөгжим тоглоход баяр хөөр гэдэг төгс төгөлдөртэй нэгэн адил чухал болох тухай өгүүлсэн юм.

Рафаела Громес та Улаанбаатар дахь СОС хүүхдийн хотхоны хөгжмийн элч билээ. Хөгжмийн элч байна гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ?

Рафаела: Мөн чанартаа бол бүх л хөгжимчид хөгжмийн элч юм. Бид хөгжмийг амилуулж сонсогчдод хүргэхийг эрмэлздэг. Тухайн зохиолоороо хөгжмийн зохиолч чухам юуг илэрхийлсэн хийгээд түүний сэтгэл хөдлөлийг хөгжмөөр илэрхийлдэг. Д. Баренбоймын үүсгэн байгуулсан Өрнө-Дорнын Диван Оркестрын хөгжимчид болохын хувьд бид хил хязгаарыг гэтлэн тоглодог. Хослон тоглохдоо ч, үзэгчдэд бүтээлээ сонордуулахад ч тэр.

Громес Рийм хослол нэрээр та хоёр бараг зургаан жилийн турш хамтран тоглож байна. Хослол хөгжимчдийн хувиар ч сайшаал магтаал харамгүй хүртжээ. Хослол хөгжимчин байхын онцлог юу вэ?

Юлиан: Бид хоёр хамтарч эхэлсэн үеэс л бие биенээ маш сайн мэдэрч, төвөггүй ойлголцсон.  Ингэснээрээ хослон тоглоход ихээхэн дөхөм байж, чөлөөтэй тоглох боломжийг бий болгосон. Тоглолтын танхим, тухайн үеийн сэтгэл санааны байдал, үзэгчдийн уур амьсгал зэргээс шалтгаалан тоглолт маань бэлтгэлээс арай өөр болох тохиолдол байдаг. Ийм шинэ нөхцөл байдалд мэдрэмж маань биднийг хөтлөн арга замаа олдог. Энэ нь маш үнэ цэнтэй.


Рафаела Громес, Юлиан Рийм нарын хослол Рафаела Громес, Юлиан Рийм нарын хослол

3. Та бүхэн тоглолтоороо Рихард Штраус болон Россинийн уран бүтээлүүдээс сонирхуулна. Тэдгээр хөгжмийн зохиолчид юугаараа адил талтай вэ?

Рафаела:
Тэдний аль аль нь алдартай дуурийн хөгжмийн зохиолчид байсан. Россини гэхэд Италийн белканто дуурийн үндэслэгч байсан ба түүний хэв маяг хойч үеийнхэнд асар их нөлөө үзүүлсэн. Тэрээр Итали дуурийг барокийн үеийнх шиг дэглэсэн. Штраус хэдийгээр өөр цаг үед амьдарч байсан боловч мөн л дуурийн алдартай зохиолч байсан. Штраусын ачаар дуурийн урлаг романтикийн үеэс орчин үе рүү шилжсэн юм.
Энэ хоёр хөгжмийн зохиолчид морин хийл болон төгөлдөр хуурт зориулсан бүтээл туурвиж байсан цорын ганц хөгжимчид гэдгээрээ онцлог. Бид өөрсдөө дуурь, дуурийн урлаг маш их хайртай тул тоглолтын хөтөлбөртөө ингэж тусгасан юм.

Та хоёр Монгол Улсын Консерваторийн сурагч, оюутнуудад мастер класс сургалт явуулсан. Сэтгэгдэл ямар байна?

Рафаела: Сурагчид маш сайн бэлтгэлтэй, их сониуч, нээлттэй байсан. Бидэнд орчуулга хийж өгсөн багш миний хүргэх гэсэн санааг сурагчдад маш сайн ойлгуулж, тэдэнд урам зориг өгсөн. Суралцах, хөгжимдөх тун таатай уур амьсгал бүрдсэнд би маш их баяртай байна.

Юлиан: Миний хувьд ч ялгаагүй байлаа. Сурагчдын анхаарлаа хандуулж буй байдал, уур амьсгал, үнэхээр юм сурч мэдье гэсэн чин эрмэлзэл надад их. Сурагчид энэ сургалтаас чухам юуг авч үлдэв гэдгийг дүгнэх амаргүй юм. Гэхдээ тэд ямартай ч бүхий л сэтгэл оюун, мэдрэмжээрээ хүлээн авсан гэж санагдсан шүү. Залуу хөгжимчидтэй хамтран ажилласандаа их баяртай байна.

Монголын хойч үе болсон залуу хөгжимчдөд юу гэж зөвлөх вэ?

Рафаела: Хөгжим тоглохдоо зориг зүрх, баяр хөөртэй байгаарай! Мэргэжлийн хөгжимчин болохоор замнаж буй хүмүүс баяр баясгалантай байх гэхээсээ илүү төгс төгөлдөрт анхаарах нь бий. Миний бодлоор хөгжим тоглохдоо баяр хөөрийг мэдэрч байх нь хамгийн чухал. Тэгэхгүй бол чухам юуны төлөө хөгжим тоглож байгаагаа мэдэхээ болино шүү дээ.

Хөгжимчидтэй яриа өрнүүлж байгаа нь Тоглолтын дараа хөгжимчидтэй чөлөөт ярилцлага хийх боломж гарав

Энд тоглолтоо хийсний дараа Өмнөд Солонгос руу явж байгаа тул аялан тоглож буй оронтойгоо танилцах цаг хугацаа бараг байхгүй юм шигээ?

Юлиан:
Энэ удаад үнэхээр цаг давчуу байлаа. Гэсэн хэдий ч сурагчдад мастер класс орсон хийгээд СОС хүүхдийн хотхонд зочилсон маань тухайн орон, хүмүүсийг таньж мэдэхэд музей эсвэл дэлгүүр хэсэхээс илүү ач холбогдолтой байлаа.

Рафаела: Мэдээж хөдөө нутгийг үзэх боломжтой байсан бол сайхан байхсан. Дараа удаа зун зочилж ирэхдээ л амжуулна даа.