Сургалт, үзэсгэлэн
"Би оюутнуудыг чөлөөтэй бодож сэтгэхийг хүссэн"

Сүүдрийн Театр
“Дэлхийн үлгэрүүд” номын зургийн сургалтын үзэсгэлэн | Зураг: © Базарсүхийн Рэнцэндорж

“Дэлхийн үлгэрүүд” сэдэвт номын зураачдад зориулсан сургалтыг 2017 онд Улаанбаатар хотын Аллианс Франсез болон Монгол дахь Гёте-Институт нь Герман-Францын соёлын сангийн ивээл дор зохион байгуулсан билээ. Тус сургалтын хамтран зохион байгуулагчаар Соёл урлагийн их сургууль болон Монсудар хэвлэлийн газар оролцсон юм. Энэхүү ярилцлагаар хүүхдийн номын зураачид болох Патрициа Тома болон Микаэль Эль Фати нар сургалтын талаар яриа өрнүүллээ.

Та бүхэн хоёр долоо хоногийн турш СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн оюутнууд, Монсудар хэвлэлийн газрын зураачидтай хамтарч ажиллалаа. Та нарын сэтгэлд хамгийн их хүрсэн зүйл юу байв?

Тома: Маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг өнөө цагт монгол залуучууд эртний монгол үлгэрүүдээ шимтэн сонирхоно гэж яг үнэндээ төсөөлж байсангүй. Хүмүүс амар амгаланг  мэдэрч болдгоор уугуул ёс, зан заншлаа эргэн санагалздаг байх.
 
Эль Фати: Монгол оюутнуудын чадвар намайг гайхшруулсан шүү. Төслийн үеэр тэд шинэ техникийг богино хугацаанд өөрийн болгож байлаа. Мөн мэргэжлийн зөвлөгөө, арга чадваруудыг богино хугацаанд цаасан дээр буулгаж, урам зоригтой бүтээлч ажиллаж байсан. Тэр бүү хэл ард караоке хөгжим дүнгэнэж байхад ч сайн төвлөрч чадаж байсан шүү.
 
Бүгд л анхаарлаа төвлөрүүлж ажилласан байна. Гэхдээ сургалтын үеэр хөгжилтэй үеүд байсан байж л таараа. Богино хугацаанд сүрхий дотноссон байх?
 
Эль Фати:
Бид бүгдээрээ хийж байгаа зүйлдээ дурласан, оюутнууд нээлттэй, хошин шогийн мэдрэмжтэй байсанд гол учир байгаа юм. Мөн орчуулагч Баярмаа биднийг  холбох гүүр болж, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гол хөшүүрэг болж байлаа. Орчуулагчийнхаа энэ идэвх зүтгэлийг ч бид хаалтын үйл ажиллагаан дээр алга ташилтаар урамшуулаад авсан шүү.
 
Тома:
Оюутнууд, зураачид номын зургийн сургалтаас байж болох хамгийн сайн үр дүнг хүсэн хүлээж байсан. Сургалтанд идэвхтэй оролцсон тэдэндээ баярлалаа.
 
  • Франц улсаас хүрэлцэн ирсэн номын зураач Микаэль Эль Фати Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Франц улсаас хүрэлцэн ирсэн номын зураач Микаэль Эль Фати...
  • Герман улсаас хүрэлцэн ирсэн номын зураач Патрициа Тома Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    ...болон Патрициа Тома (Герман)
  • Сургалтанд хамрагдаж буй оюутнууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Оюутнууд зургийн шинэ техникт суралцан...
  • Сүүдрийн театр бэлдэх явцаас Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    ...сүүдрийн театрт бэлдэж байна.
  • Үзэсгэлэнгийн нээлт Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож буй үзэгчид...
  • Номын зургийн сургалтын тайлан Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    ...номын сургалтын дүнд бүтсэн бүтээлтэй танилцаж байна.
  • Сүүдрийн театрыг толилуулж буй нь Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Оюутнууд сүүдрийн театрыг толилуулж байна.
 
Та нарынхаар оюутнууд, зураачид маань энэ сургалтаас юуг илүүтэй олж авсан бол?
 
Тома:
Өөрөө өөртөө бат итгэх л юм даа. Санаатайгаар биш ч гэсэн тухайн үед хэвлэлийн газрынхан надад уран бүтээлийн тодорхой чиглэл заах гээд хэцүү зүйлүүд надад тохиолдож байсан. Энэ тухайгаа оюутнуудад ярьж өгсөн. Номын зураач, уран бүтээлч хүн гэдэг бусдын сонирхолд нийцүүлээд л байвал эцэс сүүлд нь өөрийн гэсэн ажлын амин сүнсгүй болчихдог талтай.
 
Эль Фати: Миний зүгээс оюутнуудаас хүлээж байсан зүйл бол чөлөөтэй сэтгэх тухай байлаа. Боломжийг алдахгүй байх, саадыг туулах, ажилдаа сэтгэл хангалуун байх! Оюутнууд энэ хандлагаас бага ч атугай суралцсан гэдэгт итгэж байна. Мөн оюутнууд бусдадаа шинэ санаагаа хуваалцах, монгол зураачид туршлагаасаа хуваалцаж байсан нь сургалтын үр өгөөж байлаа.

 
Сүүдрийн театр: "Хөхөө Намжилын домог"
Харин та бүхэн сургалтанд оролцсон оюутан, зураачдаас юу суралцав?
 
Эль Фати:
Маш ихийг! Монголын соёлын талаар тэднээр дамжуулан мэдэж авлаа. Монгол соёл, зан заншил гэдэг надад үнэлж баршгүй гайхам байсан. Үүнээс гадна Монголын нийгэмд байгаа цөөвөр чононуудын талаар сэдэвлэсэн ном хийх санаа төрсөн. Ялангуяа оролцогчидтойгоо ярилцаж байхдаа энэ талын шинэ шинэ чиглэлүүдтэй түлхүү танилцлаа. Мэдээж оюутнуудын зургийн баялаг техникүүдээс санаа авсан шүү!
 
Тома: Хэвлэлийн газар өрнөсөн нэлээн сонирхолтой хэлэлцүүлгийн үеэр нэг их яригдсан сэдэв байгаагүй юу. Тэр нь хүүхдийн зурагтай номонд хүүхдүүдэд түгээмэл ойлголтуудыг “тулгаж” өсгөхгүй байх, яг л “Хөвгүүд бүгд хүчтэй байх ёстой, охид харин өхөөрдөм гүнж байна” гэдэг шиг. Би өдөр бүр ажил дээрээ энэ сэдэвтэй тулгардаг. Хүүхдүүдийг “хайрцагласан толгой”-той өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллах нь миний хувьд чухал болоод байна.
 
Та нар дахин хэзээ Монголд ирэх вэ?
 
Эль Фати:
Би сүүлд 7 жилийн өмнө Монголд ирж байсан юм байна. Би удахгүй эргэн ирнэ ээ. Гэрийнхэнтэйгээ Монголд зочлонгоо шинэ танилцсан монгол найзуудтайгаа уулзана аа.

Тома: Намайг урьвал би маргааш ч гэсэн ахин ирэхэд бэлэн!
 
 
Deutsch-Französischer Kulturfonds Logo © DE-FR Kulturfonds
Герман-Францын соёлын сан нь 2003 онд Елисейн гэрээг үзэглэсний 40 жилийн ойгоор байгуулагдсан. Энэхүү сангийн зорилго нь Герман-Францын орны хийгээд тухайн бүс нутгийн уран бүтээлчидтэй нягт хамтран соёл, уран сайхны төслүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар хоёр орны хамтын ажиллагааг хилийн чанадад хөгжүүлэхэд оршдог.