Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Zeit сэтгүүлд Давид Хугендикийн бичсэн нийтлэл
Нейронуудын тэсрэлт

Зохиолч Томас Мелле
Гэрэл зураг: Дагмар Морат

Зохиолч Томас Мелле “Нуруун дээрх ертөнц” номдоо хоёр туйлт сэтгэцийн эмгэгийнхээ тухай хүүрнэжээ. Сарниж бутарсан амьдралын тухай энэ ном бол уншигчаас ихийг шаардах амаргүй зохиол. Бас уран зохиолын гайхалтай бүтээл.
 

Уншиж эхлэхээс дуусах хүртэл ичиж зовох элдэв мэдрэмжид автуулдаг ном тэр бүр ховор. Дарамтад орж, гишгэчүүлж, таг чиг хөшиж, тэгснээ үе үе инээж хөгжин, үүнээс үүдээд дотроо эргэлзэж хоёрдож буйгаасаа бид ичиж зовно. Бусдын амьдрал руу эрээ цээргүй өнгийж буйдаа санаа зовж, дажгүй сайн байгаа эсэхийг нь хүн болгоноос зогсоо зайгүй шалтгааж явдаг өнөөх “мэдрэмж хөндөх шоуны хөтлөгч” эсвэл “сэтгэл хөдөлгөх эвент менежерүүдийн” нэгийг өөрөөсөө гэнэт олж харна. Энэ ном бол уран зохиолын сод бүтээл гэдгийг баттай мэдэхийн учир ичиж зовно. Тэгсэн атлаа энэ ном ийм нэр зүүхийг ер хүсээгүй, харин өөрийгөө хайсан эрэл хайгуул ч байж магадгүйг, лав л уншигч олон, шүүмжлэгчдийн алга ташилтад огт зориулагдаагүй, зохиолчид л гагц хамаарах эмгэнэлтэй, үнэн бодит түүх гэдгийг мэдэхийн учир ичиж зовно.

Энэхүү номыг бичсэн хүн бол Томас Мелле, номын нэр харин “Нуруун дээрх ертөнц.” Энэ зохиол уншигчдын мэдэрч байсан ямар ч эргэлзээ зөрчлөөс хавьгүй том зөрчил, хавьгүй их ичгүүр зовнилын тухай өгүүлдэг. “Нуруун дээрх ертөнц” бол 1975 онд мэндэлсэн зохиолч Томас Мелле хоёр туйлт сэтгэцийн эмгэгийнхээ тухай нэгд нэггүй хүүрнэсэн товчоон, хөөрөл-гутралын дайралтыг гурвантаа туулж гарсан тухай түүх юм. Оршихуй хэчнээн эмзэг барьцгүй тухай, хүн хэрхэн амьд үхдэл болж хувирдаг тухай энэ зохиолд өгүүлнэ. Хоромхон зуурын аз жаргал ба нүүрлэх нь зайлшгүй гай гамшгийн тухай, “тархи нь түлэгдсэн алиалагчийн тухай”, бүдэг шилний цаанаас харж буй мэт манантсан өдрүүд, төөрдөг байшинд орчихсон мэт ээдрээтэй хоногуудын тухай өгүүлнэ. Хамгийн муухай нь юу гээч: Мөнөөх алиа салбадай бол тэр өөрөө, тэгсэн атлаа бас тэр биш байх аж.

Үүнээс гадна бас нэг гутамшиг тохиодог нь Мелле өөрийгөө мэдэж шийдэх эзэн биш болж хувирсан явдал. Үнэндээ энэ бол хамгийн том гутамшиг ажээ. Судалгааны ажлын тэтгэлэг хүртсэн авьяаслаг залуу, гарамгай зохиолч, “Сикстер”, “Орон зайн шаардлага” зэрэг номуудын зохиогч, нүүрс ханхалсан “Харибо хороололд” хүнд бэрх амьдрал туулж өссөн энэ хүний тархин доторх нейронууд тэсэрч, өөрийгөө “орчлон ертөнцийн оюун сүнсний золиос” хэмээн үзэх болов. Их дэлгүүрт явж байснаа Берлин хотын төвийг юу ч үгүй нураах зорилгоор бейсболийн цохиур авах хүсэлд гэнэт автаж (гэхдээ эцэст нь ганц сагсан бөмбөг худалдаж авна), дэлхий ертөнцтэй тулгарах байнгын мөргөлдөөнийг тэсэхээ больсондоо галт тэрэгний цонх хага цохиж, нарциссист солиорлын үедээ утга зохиолын ертөнцийн талийгч болсон алдартнууд өмнө нь гарч ирлээ гэж үнэн голоосоо итгэнэ.

бергхайнд ирсэн пикассо

Мань эр уушны газар Фукотой, Макдональдс дотор Томас Бернардтай тааралдаад зогсохгүй нэгэн шөнө Бергхайнд явж байхдаа угаас зэвүүцэж явдаг Пикассотой тааралдаад өмд рүү нь улаан дарс асгаж орхино. Мадоннатай энгэр зөрүүлж байна гэж, бас Бьёрк уушны газар яг дэргэд нь хүрч ирээд зөвхөн түүнд зориулан дуулж байна гэж итгэнэ. Тэр өөрийгөө “Би инээдэм бөгөөд эмгэнэл, Халк бөгөөд Гибрис” гэж бичжээ. Хөөрлийн дайралтад өртөж, сэтгэцийн эмгэг нь хурцадсан үедээ тэр өөрийгөө дэлхийн чинээнд тултал хөөрөгдөн, бүхнийг өөртөө хамаатуулж, бүр “дээвэр дээрх болжморууд нээрэн бидний нэрийг дуудан жиргэж” байна гэж хүртэл итгэнэ. Дохио тэмдгийн хуйвалдааныг олж харна: Зам гудамжаар эцэс төгсгөлгүй хөврөх олон нүүр царай, интернет дэх өгүүлэл, мэдээнүүд, Герхард Шрёдерийн хэлсэн үг, 9 дүгээр сарын 11, тэр ч бүү хэл хорвоод үгүй болсон дарангуйлагчид гээд л бүгд түүнтэй ярьж, түүнийг элэглэн шоолно, бүх зүйл зөвхөн түүний төлөө оршиж, түүнд зориулагдсан мэдээ шуудан болж харагдана. Дэлхий ертөнц бол олон өнгө мэдрэмж, дохио тэмдэг холилдсон аюул заналхийлэл, мэдээж ганцхан түүнд зориулж барьсан тоглоомын парк гэж тэр бат итгэнэ.

Үүнээс болоод өдөр, шөнүүд өнгө гэрлээ алдсан гэж Мелле бичжээ. Хаашаа ч хамаагүй яарах, хулгай хийх, орилж хашхирах, олон таван үг чалчих, өдөр хоногууд нэг иймэрхүү л өнгөрнө. Зурагт нь цаг үргэлж асаалттай. Тэгж байтал сэтгэцийн эмнэлэгт, нэг ёсондоо ямар ч дохио тэмдэгтгүй харцаар тал талаас ширтэх шоронд хүргэгдэж, өөрсдийгөө өргөмжилсөн “германы хаад” болон “хараагдсан сахиусан тэнгэрүүд” дунд орж үзэх нь тэр. Хошигнол егөөдлийн хуяг дуулга тэнд үгүй, оюутан байхдаа Меллегийн автаж явсан соёлын онол ч нэмэр болохгүй. Фуко ч, Деррида ч, зохиолын энд тэнд олонтоо дурдагдах Трент Резнорын хөгжим ч тэнд тус болохгүй. Эдгэрэх горьдлого төрүүлэх цор ганц зүйл бол “урсан өнгөрөх цаг хугацаа” гэж тэр найдна. Дотор нь “хөнөөлт дайн” дэгдэж буйг цаг хугацааны аясаар ойлгоно. Хөөрөл ба гутрал хэмээх хоёр аймшигт мангасын дундах дайн.

Эмчийн заавар зөвлөгөө, эмнэлгээс гарах, “таргалуулдаг эм тан”, дэргэд үлдэх хүмүүс, ахиад л орхин одох бүр ч олон хүний нэрс номын хуудсаар хөвөрнө. Мелле хаа нэгтээ хав харанхуй мухарт зожигрон сууж, амиа хорлох тухай форумаас өөрийгөө хөнөөх тохиромжтой аргын тухай мэдээлэл хайна. “Алга болохыг” туйлын их хүснэ, гэвч “няц үсэрч, улаан нялга” болохыг хүсэхгүй. Угаалгын өрөөндөө кабель утсаар гогцоо хийн хүзүүндээ углах зуураа Штаммхаймын RAF-ийн алан хядагчдын тухай бодож, яг тэр үед Абба хамтлагийн “Фернандо” дууны ая сэтгэлд нь эгшиглэнэ. Нэлээн ноцтой алхам хийж, улмаар хүзүүн дээрх олсны ормыг сэтгэл засалч эмч минь харчихгүй байгаасай гэж найдна.

"ОРВОНГООРОО ЭРГЭЖ бас БУРУУДСАН хүн"

Өөрийгөө уудалж бичсэн ийм зүдгүүртэй хүүрнэл, баримт мэдээнүүд эцэстээ зарим хэсэгтээ мөн л зовлон зүдэргээнтэй атлаа уншууртай бүтээл болж чадсан нь Томас Мелле өвчнийхөө тухай (өөрийнх нь тодорхойлсончлон “бүтэлгүйтсэн төлөвшлийн романаа”)  бичихдээ өөрийгөө хэчнээн нарийн ажиглан шинжиж, дээд зэргээр нягт нямбай ажилласантай холбоотой. Солиорол өвчнөө зохиолч ёгтлол, сэтгэл тайвшруулах зорилготой хэтрүүлэг болгож ашигласан зүйл энэ номд огт үгүй. Өвчинтэйгөө тулалдсан үр дүнгүй тэмцлээ ил шулуун, хайр найргүй өгүүлэхдээ зохиолч баатарлаг явдал гэж харуулах гэсэнгүй, туулсан бэрх амьдралаа эргэн дурсаж суугаа уянгын халилтай үлгэр домог ч болгосонгүй. Харин хүсэмгүй муухай, зожиг ганцаардмал өдөр хоног, үйл явдлууд гэдгийг нь бодитой харуулжээ. Энэхүү номын эрс шулуун өнгө аяс, өөртөө хайр найргүй хатуу хандсан байдал нь ч уран зохиолын хэлбэрдэлт огтоос биш.

Гудамж талбайгаар, шөнийн цагаар, жүжгийн бэлтгэл дээр, “соёл урлагийнхны өглөөний цайн” дээр, сэтгэцийн эмнэлгийн янз бүрийн өрөө тасалгаанд өнгөрүүлсэн, заримдаа оршихуйн адаг ёроолд шидэгдэж, “хошин шогийн баатар” болгосон тархай бутархай амьдралаасаа түүний булаан авч үлдсэн эдгээр үг, өгүүлбэр бугласан хавдар, шарх сорвиноос гадна хурц хумс, араа шүдтэй байх нь ч цөөнгүй. Романд 90-ээд оныг дүрсэлсэн хэсгүүд, “радио идэвхжилтэй нүүр царай бүхий” МTV сувгийн хөтлөгч нар, супермаркет дотор өдүүлсэн балмад явдлууд болон Берлинд тааралдсан архичны хоосон нүд гэх мэтчилэн задлан шинжилсэн хурц илэрхийлэл германы уран зохиолд ховорхон таардаг. “Нуруун дээрх ертөнц” роман тэгэхээр 1990-ээд оны төгсгөлөөс шинэ зууны эхлэх үеийн Берлин хотын тухай ч бас яаруу цухас байдлаар боловч хам өгүүлсэн гэхэд болно.

албан бичиг БАРИМТЫН ХАВТАС доторх үгс

Хөөрлийн үеийнхээ тухай хүүрнэхдээ Мелле хэл бичлэгээ өөрийгөө танин мэдэхүйн хязгаарт тултал дайчилж, хөөрлийн улмаас үүссэн ой санамжийн хоосон зай нөхөн дүүргэх, “яаруу сандруу мэдрэмжүүдээ” сэргээн санахыг чармайжээ. Тэгэхээр энэ номыг “эргэн санахын төлөө бичсэн” ном хэмээн харж ч болох юм. Ямартаа ч энэ ном бол гүн сэтгэгдэл төрүүлэм намтар зохиол гэхээсээ илүү зохиолч эр (энэхүү өвчний хоржоонтой ч гэмээр энэрэл өршөөлөөр) мартаж орхисон, үнэндээ бол мартахыг хүсээгүй цаг мөчүүдийг нэхэн буулгасан бичвэр гэж үзвэл зохих буй за.  Хэл бичлэгийн хувьд бол ууртай ширүүн, гэмтэж сэвтсэн, олиггүй муухай, эмзэг мэдрэмтгий, хөөрч эргэлдсэн, тэгсэн атлаа гайхмаар хянуур болгоомжтой. Гайтай өвчнөөс ганц хором ч болов холдуулж, улмаар хэзээ мөдгүй тархинд ахиад л тэсрэн сэдэрчхэж болох хаос дунд ч үйлчлэлээ алдахгүй тэсэх бат тогтвортой зүйлийг бий болгож буй үг өгүүлбэр, илэрхийлэл дундаас ямар нэгэн барьц, тэнцвэр олж авахыг хүссэн айдас дүүрэн буйг таамаглана.

Ганцаардал, гуниг, эцэж цуцах хийгээд устгаж сүйтгэх уур хилэнг сөрөн зогсож хүчрэмгүй сул дорой өгүүлбэрүүд ч олон таарна. “Би сууж байна, би бол эд зүйл. Хүний төрөлд хамаарахаа больж, амьгүй зүйлс, эд юмс, объектын төрөлд хамаарах болжээ.” Өвчинд гурав дахь удаагаа нэрвүүлсний дараа Мелле орон гэргүй, мөнгөгүй, уул овоо шиг их өр шир, бичиг цаасан дунд,  албан бичгийн элдэв үг хэллэг хийгээд хорвоо ертөнцийн түрэмгийлэл дунд хавчуулагдсан амьгүй объект, эд зүйл болж үлддэг.  Төлбөрийг хойшлуулах санал, үйлчилгээ үзүүлэх гэрээ, хэргийн менежментийн тайлан, тусламжийн өргөдөл, нөхөн төлбөрийн маягтууд гэх мэт тэр үгсийг эгээ л ухаан солиорлын өөдөөс эрүүл саруул ухаан хатуу хахирган дуугаар урсган унших мэт сэтгэгдэл төрүүлнэ.

НАМЖААХ АРГА ХЭМЖЭЭ БА ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БАЙГААРАЙ.

Сэтгэлийн хөөрөл-гутралын эмгэгтэй хүнийхээс илүү ичгүүртэй амьдрал гэж үгүй биз хэмээн Томас Мелле бичжээ. Нээрэн ч энэ номд ичгүүрийн тухай, харамсал харууслын тухай, хаана ч багтах газаргүй, орох орон гэргүй яваа мэт дарамтат мэдрэмжийн тухай өгүүлнэ. “Өвчин намайг эх нутаггүй болгосон. Өвчин өөрөө миний эх нутаг болсон.“ Энэ өвчин Томас Меллегийн амьдралын том эмгэнэлт явдал. Харин бид тэр тухай энэ номоос ийнхүү уншиж мэдэрч буй маань уран зохиолын томоохон боловч хүнд хүчир туршлага юм даа.