ПАШ 10 жил
Гётегийн нууц томьёо

Ерөнхий боловсролын 2.000 сургууль, 600.000 сурагч, цэцэглэн хөгжиж буй сүлжээ: ПАШ санаачилга 10 нас хүрлээ. Гёте-Институт болон түүний түнш нарын хувьд баяраа тэмдэглэх, амжилтын түүхээ өгүүлэх том шалтгаан боллоо.  

Йоханнес Эберт тайзан дээр гарахдаа бага зэрэг сандарч байв. Гэхдээ үг хэлэх болсондоо биш л дээ. Гёте-Институтийн ерөнхий нарийн бичгийн даргын  хувьд мэдээж дадал болсон ажил нь болохоор. Тэрээр үг хэлснийхээ дараа ПАШ-машинаа жолоодон нэг тойрохоо амласан болохоор л тэр. Энэхүү жижиг автобусаар явах нь түүний хувьд нэр хүндийн хэрэг гэдгийг Эберт хүлээн зөвшөөрсөн юм.

Үүний өмнө Мюнхен дэх Гёте-Институтийн төвийн Хилмар-Хоффманн-Танхимд төрсөн өдөр нь тохиож буй нэгэнд зохих ёсны хүндлэл үзүүллээ. Тэр 10 нас хүрч байна. Түүний нэрийг ПАШ гэдэг. Бүтэн нэр нь "Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш". Тус санаачилгыг 2008 онд ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам санаачилсан юм. Зорилго нь: Герман хэлний хичээлийг хөхиүлэн дэмжих, орчин үеийн Герман орны дүр зургийг түгээх ерөнхий боловсролын түнш сургуулиудын дэлхийг хамарсан сүлжээ бий болгох. Энэ даалгаврыг Гёте-Институт болон түүний хамтрагч болох Хилийн Чанад дахь Ерөнхий Боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Төв Газар, Германы Эрдмийн Солилцооны Алба, Соёлын сайд нарын зөвлөлийн дэргэдэх багш, сурагч солилцооны алба маш  амжилттай биелүүллээ.  

Энэхүү амжилтыг илүү тод томруунаар харуулъя гэвэл зүгээр л хэдэн тоо дурдахад хангалттай. Үүнд: ПАШ-сүлжээнд одоогоор 2.000 ЕБС багтдаг бөгөөд түүнээс 120 улсад 600 сургуулийг Гёте-Институт хариуцан ажиллаж байна. Нийт 600.000 гаруй сурагч ПАШ-ЕБС-д герман хэл суралцаж байгаа нь дэлхийн хэмжээнд герман хэл суралцагчдын 5 хувийг эзэлж байна.

Амжилтыг өөрийн биеэр үзэж мэдэрсэн хүмүүст ч мөн сэтгэгдлээ хэлэх боломжийг нь олголоо. Энэтхэгийн Ahlcon International School-ийн захирал Аашок Пандей зэрэг зочид энэ Баасан гарагт өөрийн биеэр Мюнхен хотод хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм. Тус сургууль нь хамгийн анхны ПАШ-ЕБС-иудын нэг юм. Герман хэлний 20 суралцагчидтай, цагаар ажилладаг нэг багштайгаар анх эхэлж байснаа Пандей захирал эргэн дурслаа. Одоо 600 суралцагчидтай, бүтэн цагаар ажилладаг гурван багштай болжээ. Тэрээр мөн сурагчид нь гуравхан жилийн дотор герман хэлээр чөлөөтэй ярьж чаддагийг нь гайхаж бас бахархдагаа дурдав. Түүний бодлоор бол Гёте-Институт хэл сургах нууц томьёотой болохоор л ингэж байна гэсэн онол дэвшүүлээд байгаа юм.  

"Боловсролын салбар дахь гэрэлт цамхаг"

"Эдгээр сурагчдад дараа нь дэлхий нээлттэй болно" гэж Пандей захирал хэллээ. Түүний сурагчдаас 4 нь Герман улсад их, дээд сургуульд элсэн орсон байна. Зочдын нэг болох Мегхна Среедар мөн өнөөдөр иржээ. Энэ залуу хатагтай герман хэлээр төгс ярьдаг бөгөөд Мюнхен хотод Людвиг Максимилианы их сургуульд мэдээлэл зүйн мэргэжлээр суралцдаг. "ПАШ-сүлжээ байгаагүй бол би ингээд Германд их, дээд сургуульд сурах гээд байж байхгүй байсан" хэмээв. Түүний ПАШ-туршлагаасаа хуваалцахыг нь сонсоход зүгээр ч нэг герман хэлний сайн хичээл байгаагүй мэдэрнэ. "Ангидаа бид бас нэгэн шинэ соёлыг нээсэн юм."

Gelegenheit zum Austausch: PASCH-Alumni bei der Jubiläumsfeier (Foto: Cordula Flegel) Gelegenheit zum Austausch: PASCH-Alumni bei der Jubiläumsfeier | Foto: Cordula Flegel Ерөнхий нарийн бичгийн дарга Эбертэд ч мөн ПАШ-ын эхлэлтэй холбоотой сайхан дурсамжууд бий. Тухайн үед тэрээр Гёте-Институтийн Зүүн Европ/Төв Азийн бүсийн захирал байсан бөгөөд хамгийн анхны ПАШ-сургуулиудын нэгнийх нь нээлт гадаа 30 хэмийн хүйтэнд болсон бөгөөд түүнд оролцохоор Новосибирскт ирж байжээ. Сургууль дотор харин түүнийг маш дулаан уур амьсгал, баяр хөөр угтан авчээ. ПАШ баяр хөөр авчирч, хүмүүсийг татаж чаддаг. Магадгүй энэ нь л нөгөө нууц томъёо нь байх.  

Эберт үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэрээр "ПАШ бол амжилтын түүх бөгөөд энэ амжилтад хүргэхэд олон олон байгууллага, хамтрагчид чухал хувь нэмэр оруулсан юм. ЕБС-иуд олон улсын боловсролын талбарын чухал гэрэлт цамхаг нь болжээ." хэмээв.

Төгсгөлд нь тэрээр ПАШ-машиндаа суугаад дохиогоо чангаар дуугарган байшин тойрон явахдаа сандарсан биш харин ч хөгжилтэй байлаа. "Дараагийн зогсоол Бонн хот" хэмээн салхины шилэн дээр нь бичээстэй байна. Он дуустал тус машин нийт 30 хотоор зочилж санаачилгаа танилцуулан ирэх 10 жилээ амжилтаар дүүрэн угтахаар аяндаа гарлаа. Машинд онлайнаар цуг явахыг хүсвэл: Орж суугаарай!

-db-