Гэрэл зураг
„Би таньж мэдэхгүй улс оронд танил дотно зүйлсийг хайдаг“

Хөрөг зураг_Үзэсгэлэн_УБ_2015
Зураг: Мөнхбатын Янжинлхам

„Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо“ – Энэ сэдвээр Улаанбаатар хотноо зохиогдсон гэрэл зургийн сургалтанд суралцсан зурагчин эмэгтэйчүүд үзэсгэлэн гаргасан билээ. Герман улсын гэрэл зургийн Осткоройз (Ostkreuz) агентлагийн зурагчин, хатагтай Иордис Шлоессер сургалтыг удирдаж явуулсан юм.  Берлинд яг одоо эдгээр гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.


Хатагтай Шлоессер, 2015 оны 12 сард „Монголын  нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо“  гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо нийтэд дэлгэн үзүүлж байлаа. Жилийн дараа яг тэр үзэсгэлэнг Берлиний үзэгчдэд толилуулж байна. Үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?
 
Гэрэл зургууд бодит байдалтай нийцэж байгаа тухай олон хүн өгүүлсэн. Зарим үзэгчид Монголд очиж байсан учраас гэрэл зургууд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тухай надад ярьж байсан. Харин Монголд очиж үзэж байгаагүй хүмүүс гэрэл зургуудыг үзээд Монголд очих сонирхол төрсөн гэсэн. Хэсэг сэтгүүлчид ирсэн, тэдний дунд Берлиний Сонин-гоос  ч (Berliner Zeitung) хүмүүс ирсэн. 
 
Гэрэл зургийн сургалтанд хамрагдсан монголын эмэгтэй зурагчид зурагнуудыг авсан байдаг. Монгол зурагчидтай хамтрах танд ямар санагдав?
 
Монгол эмэгтэй зурагчдын зарим нь баримтат гэрэл зургийн тал дээр туршлага багатай байх юм уу эсхүл бүр огт туршлагагүй байсан. Гэлээ гэхдээ бүгд сонирхолтой сэдвийг түргэн шаламгай бодож олоод тэр шинэ санаагаа богино хугацаанд мэргэжлийн харьцангуй өндөр түвшинд хэрэгжүүлсэн нь намайг бүр гайхашруулсан шүү.
 
Гэрэл зургийн сургалтын гол агуулга нь баримтат гэрэл зураг байсан. Баримтат гэрэл зураг ямар байх ёстой вэ?
 
Зүгээр нэг үйл явдлыг баримтжуулах юм уу, эсхүл “бодит байдал”-ыг гэрэл зурганд буулгахыг хэлэхгүй. Харин тухайн сэдвээрийн талаарх өөрийн үзэл бодлоо тодорхой болгоод, тодорхойлсон зүйлийнхээ үнэн мөнийг гэрэл зураг дээр шалгаж үзвэл болох нь тэр.

Гэрэл зурагчид маань “Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо” гэрэл зургийн сургалтаас юу сурав?
 
Тэд гэрэл зураг авах илүү дуртай болсон. Бас эх орноо өөр нүдээр харах шиг болсон.
 
Та зургийн аппараттай явж байхдаа юуг эрэлхийлдэг вэ?
 
Гадны улс орноос хосгүй, гоц зүйлсийг биш харин өөр нүүр царайгаар илэрхийлэгдэх танил дотно зүйлсийг олж хараад буулгахыг эрмэлздэг.
 
Та Гео (Geo), Штерн (Stern), Нашионель Географик (National Geographic), Шпиигель (Spiegel)  гэсэн алдартай сэтгүүлүүдэд зураг авч өгч байхдаа очоогүй газар орон гэж байхгүй л болов уу. Монголд таны урьд өмнө үзээгүй ямар зүйл байв аа?

Монгол дахь Гёте-Институтын байранд өглөөнөөс орой хүртэл сургалтаа явуулж байсан болохоор Монголд миний үзсэн харсан зүйл гэвэл цөөхөн. Гэхдээ тэр богинохон хугацаанд долоо хоногийн турш аяллаар явсан юм шиг их мэдээлэлтэй болсон байх. Нийгмийн үнэн бодит байдал,  тодорхой сэдвүүдээр ярилцаж байхдаа ч, хожим нь зурагчдынхаа авсан зургийг хамтдаа засварлаж байхдаа Монголын өдөр тутмын амьдралтай танилцах боломж тохиосон юм.

Ярилцлагыг Г. Анужин, Михаэль Хайнст нар хийв.