Базарсүхийн Рэнцэндорж
“Баримтат гэрэл зураг бол тухайн нийгмийн нүд юм”

Luftverschmutzung Serienbilder
Улаанбаатар хотод нүүрлээд буй томоохон асуудал бол агаарын хэт бохирдол | Гэрэл зураг © Б. Рэнцэндорж

Базарсүхийн Рэнцэндорж 18 жилийн турш мэргэжлийн зурагчнаар ажиллаж байна. Түүний бүтээлийн дээжис 2018 оны 4-р сард “Монгол +-40°C“ хэмээх нэртэйгээр уншигчдын хүртээл болсон юм. Дараах ярилцлагаар тэрээр өөрийн зургийн ном, Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод баримтат гэрэл зургийн талаар ярилцлаа.

Рэнцэндорж, таны гэрэл зургийн ном “Монгол +-40°C“ хэвлэгдэн гарлаа. Яагаад чухам энэ нэрийг сонгох болов?

Номын нэр нэн түрүүнд зундаа +40°C хүртэл халж, өвөлдөө -40°C хүртэл хүйтэрдэг Монгол орны цаг уурын байдалтай холбоотой. Энэхүү эрс тэс байдал зөвхөн Монгол орны цаг уурын нөхцөл бус нийгмийг бүхэлд нь хамарч байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд манай орны улс төр, эдийн засаг тогтворгүй байлаа шүү дээ. Би өөрийн бүтээлээрээ энэ “савлагаа” ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг зорьсон.

Монгол орон таны дуранд хэрхэн буув?   
                                
Монгол орныг хүмүүс, ялангуяа гадныхан хөх тэнгэр, уудам газар нутгаар төсөөлөх нь бий. Харин би баримтат зургуудаараа жинхэнэ амьдралыг харуулахыг хүссэн. Тиймээс энэхүү зургийн номд өргөн уудам газар нутаг, байгалийн сайхан бус харин илүү ихийг өгүүлэх бараан түүхүүд багтсан.

Та ямар нэг сэдвийг хэрхэн харуулахдаа үргэлж урьдчилан төлөвлөдөг үү?

Зурагчны хувьд би аливаа зургийг авахаасаа өмнө тухайн сэдвийг хэрхэн буулгах талаар үргэлж төсөөлдөг.  Гэхдээ яг газар дээрээ өөрчлөгдөх тохиолдол гардаг. Зургийн утга санааг ч тэр чигээр нь өөрчлөхүйц бэрхшээлтэй тулгарах нь зураг авалтын явцад цөөнгүй.

Та цуврал зурагтаа агаарын бохирдлыг харуулсан байсан. Яагаад энэ сэдвийг хөндсөн бэ?

Улаанбаатар хотод нүүрлэж буй хамгийн том асуудлуудын нэг нь агаарын бохирдол юм. Утааны улиралд хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахаа больж эцэг эхчүүд утааны эсрэг жагсаал цуглаан хийж байсан. Нөгөө талаар иргэд утаа хортой гэдгийг мэдсээр байж маск зүүдэггүй. Тиймээс би зургуудаараа хүмүүст утааны хор уршгийг тодотгон харуулахыг зорьсон.

  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг © Б. Рэнцэндорж
    Агаарын бохирдол цуврал зургууд
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зургийг: © Базарсүхийн Рэнцэндорж
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Агаарын бохирдол цуврал зургууд
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Агаарын бохирдол цуврал зургууд
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Агаарын бохирдол цуврал зургууд
  • Агаарын бохирдол цуврал зургууд Гэрэл зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
    Агаарын бохирдол цуврал зургууд
Баримтат гэрэл зураг нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Баримтат гэрэл зураг тухайн нийгмийн нүд болж, нийгэмд тулгарч буй асуудлыг олон нийтэд ил болгодог. Ингэснээрээ баримтат гэрэл зураг аливаа асуудлаар мэтгэлцэх сэдэл болж, хүмүүст энэ талаар санал бодлоо солилцох боломжийг олгодог.
 
Монголд мэргэжлийн гэрэл зурагчнаар ажиллах ямар байдаг вэ?

Монголын нийгэмд өрнөж буй асар их өөрчлөлтүүд нь баримтат зурагчдын хувьд ихээхэн сонирхолтой боломжийг олгож байна. Хэдий тийм боловч Монголд энэ чиглэлийн зах зээл бага, зөвхөн сонин, сэтгүүлээр л хязгаарлагдаж байна. Цуврал зураг хийх гэдэг зардал ихтэй боловч түүнээс ашиг олох нь бага байдаг. Тиймээс баримтат гэрэл зургийн нийгэмд үзүүлэх нөлөө сулрах нь бий. Баримтат гэрэл зургийн энэхүү ном маань энэ салбар манай улсад хөгжихөд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа юм.

Ярилцлага авсан: Бен Рангник, Михаэль Хайнст