Р. Энхбаттай хийсэн ярилцлага
Хоёр ертөнцийн нэгэн амьдрал

Р. Энхбат Гёте медалийг Веймар хотноо гардан авав
Р. Энхбат Гёте медалийг Веймар хотноо гардан авав | Гэрэл зураг: Maik Schuck / Weimar

​Йоханн Вольфганг Гётегийн мэндэлсэн өдөр буюу энэ жилийн 8-р сарын 28-ны өдөр Монголын хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал, улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбат Гёте медалийг гардан авсан билээ. Дараах ярилцлагаар Р. Энхбат тус шагнал, хийж буй ажлынхаа тухай болон Лайпцигт өнгөрүүлсэн оюутан ахуй цагаасаа хуваалцлаа.

Ноён Р. Энхбат, Гёте медалийг хүртсэнд халуун баяр хүргэе. Монголоос анх удаагаа та энэхүү шагналын эзэн боллоо. Шагнал хүртсэн тухай дуулахад танд юу бодогдсон бэ?
 
Шагнал хүртэгсдийг тавдугаар сард олон нийтэд зарлахад мэдээж би эхлээд гайхсан. Хүн итгэл үнэмшлээрээ хийж бүтээн, өөрийнхөөрөө байсныхаа төлөө шагнал хүртэж Германд уригдана гэдэг тийм ч мэдээжийн явдал биш шүү дээ! Тэгээд шагнал авах хүртлээ энэ шагнал миний хувьд ямар утга учиртай болох талаар бодсон л доо, тэгээд ер нь бодолтой, хариуцлагатай байхыг тод мэдрүүлсэн гэх үү дээ.
 
Гёте медалийг Веймар хотноо гардуулан олгох ёслолын ажиллагаа хэрхэн болж өнгөрсөн бэ?
 
Зөвхөн миний хувьд төдийгүй Веймарт уригдан очсон анд найзууд, зочдын маань хувьд маш онцгой үйл явдал байлаа. Зочдын ихэнх нь хол замыг туулж, Германы түүхэнд тодоор бичигдэн үлдсэн Веймар хотод цөөн хэдэн хоногийг тун сайхан өнгөрүүлсэн. Олон хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлж, баяраа хуваалцахад минь сэтгэл их хөдөлсөн. Энэ шагналтай цуг Германы ард түмний итгэл, асар их хүндлэл байгааг ойлгож байна.


Тус шагналыг танаас гадна турк гаралтай герман зохиолч Доган Акханлы, Иран уран бүтээлч Ширин Нешат нар гардан авсан. Та нарыг юу нэгтгэж байсан бэ?
 

Тэдгээр хүмүүсийг надтай харьцуулбал улс төр, соёлын салбарт чухал байр суурь эзэлж, олонд илүү танигдсан. Намайг харин монголчууд л танина. Тэгээд ч тэд надаас илүү их золиос гаргах хэрэгтэй болсон юм билээ. Тэдний хувьд эх орондоо эргэн очиж, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах хэцүү. Миний хувьд улс төрийн боломж илүү нээлттэй. Бид гурвыг юу хамгийн их нэгтгэж байна вэ гэвэл юун түрүүнд тууштай бөгөөд хийж буй зүйлдээ чин үнэнч байдгийг л хэлэх биз ээ.
 
Энэ жилийн Гёте медалийг “Утга зохиол ба чин үнэн” хэмээх шалгуураар олгосон. Таны болон хийж буй ажлын тань хувьд энэ сэдэв ямар хамааралтай вэ?
 
Хүний ярьж, бичиж байгаа бүхий л зүйл үнэнд нийцсэн байх ёстой. Хэвлэн нийтлэгчийн хувьд бид үг болгоны утга үнэнд яв цав нийцэж байхыг анхаарч ажилладаг. Өөрийгөө бас, өрөөлийг хуурахгүй гэсэн үг. Өнөөгийн нийгэмд ямар сэдэв чухал байгаа талаар ажлын хамт олонтойгоо би үргэлж ярилцдаг. Үүний үндсэн дээр тохирох номыг эрхлэн гаргадаг. Мөн орчуулгын асуудалд онцгойлон анхаарч, утга санааг аль болох хэвээр нь уншигчдад хүргэхийг зорьж байна.
 
Та хэвлэн нийтлэгч, номын худалдаа эрхлэгч болон улс төрийн нийтлэлчийн хувиар Монголын иргэний нийгэм шүүмжлэлд нээлттэй, бие даасан болж төлөвшихөд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэ ажил үйлсэд тань ном болон утга зохиол ямар байр суурь эзэлдэг вэ?
 
Веймарт зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээнд би зочноор уригдан оролцож “Ардчилал тэнгэрээс унадаг уу?” гэсэн асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хүмүүс бүгдээрээ л энэ бол буруу юмаа гэдэгт санал нэгдэж байлаа. Яг энэ үйл явдал Монгол улсад өрнөөд байгааг би тэгэхэд анзаарсан. Нийгмийн ардчиллын үндэс суурь манайд үнэндээ алга, тийм уламжлал ч байсангүй учраас л Монголын хөрснөөс ургуулж өсгөн бойжуулах хэрэгтэй. Тэхээр манайд ардчилал гэнэтхэн дээрээс буугаад ирчихсэн. Харин одоо бид ардчиллыг өөрсдийн ёс заншил, уламжлалдаа нийцүүлж хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд уран зохиолын оролцоо асар их. Уран зохиолоос л бид яаж эв нэгдэлтэй, сайн сайхан амьдрах учгийг тайлдаг шүү дээ.
 
Монголын боловсролын тогтолцоог шинэчлэхэд та мөн анхаарч ажиллаж байна. Үүнд хэл чухам ямар үүрэгтэй вэ?
 
Манай боловсролын тогтолцоо өөрчлөгдөх шаардлагатай байна. Ялангуяа бид хэлээ додомдож, шинэчлэх шаардлагатай байгаа. Хүн эх хэлээ сайн эзэмшиж байж л гадаад хэлийг амархан сурна. Бидэнд сайн толь бичиг хэрэгтэй байна. Үүнээс гадна хүүхдүүд яаж уншихыг сурах хэрэгтэй байна. Энэ нь уншсанаа ойлгох, өөрийн болгож, түүнээс сурч мэдэх гэсэн үг. Хүүхдийн талаарх томчуудын ойлголт бас өөрчлөгдөх хэрэгтэй. Хүүхдийг хувь хүн гэж хүлээж авч байж л сая хүмүүжлийн асуудал яригдана. Тиймээс л манай хэвлэлийн газар энэ зорилгод нийцсэн маш сайн хүүхдийн ном зохиол болон зурагт номыг хийхийг зорьж байдаг.
 
Та Лайпциг хотноо график, номын чиглэлээр суралцсан хүн. Герман улс танд хувь хүн талаас хэрхэн нөлөөлөв?
 
Тэр он жилүүд амьдралын маань хамгийн сайхан үе байсан. Хүүхэд нас минь өнгөрөн одож анх удаа хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй болсон! Герман орон, герман хэл миний хувьд их чухал. Би одоо хүртэл өдөр бүр “heute journal“ мэдээний нэвтрүүлгийг үздэг. Жилдээ хоёр удаа Герман улс руу явж ихэнхдээ номын үзэсгэлэн, уулзалтад оролцож, тэнд байгаа найз нөхөдтэйгөө уулзаж байна. Би Монголдоо амьсгал хураана, бусад үед харин хоёр улс, хоёр ертөнцийн дунд явах болно.
 
Гёте медалийг анх 1954 онд Гёте-Институтийн удирдах зөвлөлийн санаачилгаар олгож эхэлсэн бөгөөд 1978 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны одон медаль хэмээн тооцогдох болжээ. Тус шагналыг олгох ёслолын ажиллагаа жил бүрийн 8-р сарын 28-нд Ваймар хотноо их зохиолч Гётегийн мэндэлсэн өдөр болдог. Гёте-Институт нь Ваймар хотын урлагийн наадамтай хамтран дагалдах хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулдаг.